Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын ЕНБД-ын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажэй Чиббер манай улсад наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн юм.
• Айлчлалын хүрээнд ноён Ажэй Чиббер Мянганы хөгжлийн зорилт /МХЗ/-уудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний 3 дугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаа болон “МХЗ-уудын хэрэгжилтийн асуудлууд, ялангуяа ядуурлыг бууруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт семинарт оролцож, МХЗ-уудын хэрэгжилт Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд ямар түвшинд хүрсэн, Монгол Улс МХЗ-уудын хэрэгжилтийг хэрхэн ханган биелүүлж байгаа, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан. Монгол Улс МХЗ-уудын хэрэгжилтийн асуудлаарх үндэсний 3 дугаар илтгэлээ танилцуулснаар өнөөгийн хүрсэн түвшин, амжилт ололт, тулгарч буй сорилтууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон чухал үйл явдал боллоо хэмээн дүгнэж байна. Засгийн газар НҮБ-ын ХХ-тэй хамтран зохион байгуулсан дээрх семинарт Лаос, Вьетнам, Бангладеш Улсаас төлөөлөгчид оролцож, МХЗ-уудыг хэрэгжүүлж байгаа өөрсдийн орны туршлага, түүний дотор ядуурлыг бууруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар санал солилцсон нь үр дүнтэй боллоо. Дээрх хоёр арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулсан нь ирэх 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжилтийг хянан хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг угтсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
• Ноён Ажэй Чиббер УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай улсын төр засаг болон ард иргэд НҮБ-ын зүгээс манай улсад үзүүлж ирсэн тусламж дэмжлэгт талархаж байдгийг илэрхийлээд цаашид НҮБ-тай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв Ноён Ажэй Чиббер Монгол Улс МХЗ-уудын 9 дүгээр зорилт буюу хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглээд ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлэхүйц орон хэмээн сайшаан тэмдэглэсэн болно. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ядуурлыг бууруулахад ажлын байр бий болгох, иргэдийг чадавхижуулах болон нийгмийн халамж, үйлчилгээг цогцоор нь сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлж, дээрх чиглэлүүдээр НҮБ-ын ХХ-ийн зүгээс тусламж дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэлт болгосон. Мөн түүнчлэн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа бөгөөд УИХ-ын намрын чуулганаар “Жендэрийн тэгш байдлын тухай хууль”-ийг батлах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэдээлсэн.
• Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ноён Ажэй Чиббертэй уулзаж, Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон. НҮБ-ын ХХ-ийн зүгээс Монгол Улсын санааачилгаар байгуулагдсан “Далайд гарцгүй орнуудын судалгааны төв”-ийг бэхжүүлэх асуудлаар бодлогын болон техникийн дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахаа нотолсон. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, хүний эрхийн асуудлаар сургалт зохион байгуулах болон “Нэг НҮБ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдэв 2011 онд тэмдэглэх Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд хамтран олон чухал арга хэмжээг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон болно.
• Айлчлалын үеэр мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй уулзаж, НҮБ-ын ХХ-ийн зүгээс тус салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар санал солилцлоо. Уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа манай улсын хувьд цөлжилтийг сааруулах, газрын менежментийг зөв хийх, биологийн олон төрөл зүйлийг оновчтой ашиглах зэргээр НҮБ-ын ХХ-тэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. НҮБ-ын ХХ-ийн зүгээс Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж эхэлж байгаатай холбогдуулан байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарахыг зөвлөмж болгоод энэ чиглэлээр бодлогын зөвлөгөө өгөх, туршлагатай мэргэжилтнүүдийг манай улсад илгээн сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээний хамтарсан ажил хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн болно.
• Ноён А.Чиббер 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зочилж, НҮБ-ын ХХ-ийн шугамаар хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагаатай танилцав. НҮБ-ын ХХ-ийн шугамаар хэрэгжиж байгаа “Иргэний бүртгэл төсөл”, “Хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төсөл”, “Газрын тогтвортой менежмент төсөл” болон “Хөдөлбөл хөлс хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд, малчидтай уулзаж санал солилцов. “Хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмж хүний эрх төсөл” нь амьжиргааны түвшин доогуур, ядуу иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2009 онд 512 хүн уг төслийн хүрээнд эрх зүйн туслалцаа авсан байна. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчид 2009 оны өвлийн зудад нийт малынхаа 70 хувь буюу 110000 малын хорогдол амсчээ. Зудад амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдад туслах, үхсэн малын сэг зэмийг арилгуулах зорилгоор “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь малчид бэлэн мөнгөтэй болох, уг мөнгөөр амьжиргааны өөр эх үүссвэртэй болох эхлэлийг тавьсан байна. Малчид уг хөтөлбөрт хамрагдан хүнсний ногоо тариалж эхний үр шимийг нь хүртэж эхэлсэн байна. Зудад бүх малаа алдсан уг сумын иргэн дээрх хөтөлбөрт хамрагдан 2 тонн төмс тариалсан бөгөөд энэ намар 20 тонн төмс хураана гэсэн тооцоотой байгаагаа төлөөлөгчдөд танилцуулав. Дээрх төсөл, хөтөлбөрүүдээс харахад хэрэгжилт сайтай, иргэдэд шууд ач тусаа өгсөн ихээхэн үр дүнтэй хөтөлбөрүүд болжээ гэсэн дүгнэлт хийж байна. Иймд дээрх төсөл, хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа ноён Ажэй Чиббер илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.