Татьяна Косинцева: Би бусдын л адил амьдардаг

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Татьяна Косинцева: Би бусдын л адил амьдардаг

FIDE буюу Олон улсын шатрын холбоо, Монгол Улсын Засгийн газар, Монголын шатрын холбоо хамтран “Их тэнгэр” цогцолборт эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчны халз тулааны оролцогч, ОХУ-ын шатарчин Татьяна Косинцеватай хийсэн ярилцлага FIDE-гийн албан ёсны сайтад тавигдсаныг толилуулъя.

-Татьяна, өөрийнхөө тухай танилцуулаач.

-Би хоёр жилийн өмнө их сургуулиа төгсөөд одоо мэргэжлийн шатраар хичээллэж байна. Өөрөөр хэлбэл, би мэргэжлийн шатарчны амьдралаар амьдарч байна даа.

-Гэртээ, Архангельскт байхдаа жирийн өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Янз бүрээр л. Яг тогтсон хэв маяг байдаггүй, ерөнхийдөө сэтгэл санааны байдлаас л шалтгаалдаг. Ном уншина, кино театрт очиж, кино үзнэ, найзуудтайгаа уулзана. Ер нь бол жирийн л амьдралаар амьдардаг даа. Мэдээж хэрэг ихэнх цагаа шатар тоглож өнгөрүүлнэ. Тэмцээн, уралдаан байхгүй үед ч гэсэн өдөрт нэлээд хэдэн цагийг шатрынхаа бэлтгэлд зарцуулдаг.

-Ямар зохиолчийн ном голчлон уншдаг вэ? Ямар төрлийн?

-Янз бүр. Саяхан гэхэд л Диана Сеттерфилдийн “13 дахь түүх” гэдэг ном уншсан. Ер нь Бернерд Верберийн зохиолд дуртай. Бас философийн ном унших дуртай. Харин шинжлэх ухааны, зөгнөлт зохиолд тийм ч дуртай биш.

-Шатрын сэдэвтэй ном зохиол уншдаг уу?

-Мэдээж хэрэг. Гэхдээ одоо үед компьютераас бүхнийг мэдэх боломжтой болчихсон болохоор ихэнхдээ компьютераа ашигладаг. Ном уншилгүй яахав, ялангуяа Гарри Каспаровын номыг их уншдаг.

-Ямар төрлийн хөгжим сонирхдог вэ?

-Янз бүрийн төрөл жанрын хөгжим сонсдог. Гэхдээ Enigma хамтлагт дуртай.
-Хүний ямар зан араншин танд таалагддаг вэ?

-Зөөлөн, шулуун шударга, ямар ч хүнд хэцүү нөхцөлд өөрийн зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлдэг хүн таалагддаг.

-Та интернэтээр шатар тоглодог уу? Блиц?

-Нэгэн үе интернэтээр их тоглодог байсан. Гэхдээ одоо бараг больчихсон. Харин эгч Надьятайгаа тоглодог юм. Гэхдээ үргэлж биш л дээ.

-Таны эгч Надежда хүчтэй шатарчдын нэг. Та хоёр улсынхаа тэмцээнд зэрэгцэж суугаад л хоорондоо тоглодог. Бусад тэмцээнд ч ялгаагүй. Та хоёрын хооронд өрсөлдөөн байдаг уу?

-Хоорондоо тэгж их өрсөлдөөд байдаггүй. Нэг нэгэндээ тусалж, хамтран ажилладаг гэх үү дээ. Бидний хэн нэг нь сайн амжилт гаргавал нөгөөдөх нь түүнээс илүү амжилт гаргахын төлөө хичээдэг. Харин энэ жилийн тухайд бидний оролцож байгаа тэмцээн дийлэнх нь зөрж байгаа.

-Хүн бүр л ирээдүйгээ төлөвлөж, зорилго тавьдаг. Харин таны хувьд ирэх 10 жилийн амьдралаа хэрхэн төсөөлж байна?

-Үнэнийг хэлэхэд, зөвхөн шатрын төлөө амьдрахгүй байх. Бусад хүний адилаар л ирээдүйгээ төсөөлж байгаа. Гэр бүлтэй болж, амьдралынхаа аль ч салбарт амжилт гаргахыг хичээх болно. Мэдээж хэрэг, шатраа үргэлжлүүлэн тоглоно.

-Амьдралынхаа туршид шатар тоглоно гэж боддог уу?

-Хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх. Одоогоор бол би шатар тоглох дуртай, тэгэхээр тоглож л байна байх. Ирээдүйгээ урьдчилан хэлэх хэцүү болохоор одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Баярлалаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж