Нөхөн төлбөрт 6 тэрбум төгрөг гаргуулсан

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Нөхөн төлбөрт 6 тэрбум төгрөг гаргуулсан

МАХН-ын ордон буюу Тусгаар тогтнолын ордоны барилгын ажлын явцтай өнөөдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх танилцлаа. Уг барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан барилга угсралт, цахилгаан, дулааны ажлыг бүрэн дуусгаж, ирэх оны гуравдугаар сард албан ёсны нээлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Тус ордны барилгын ажлын гүйцэтгэлд нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг баталсан аж. Ордныг бүтээн босгоход 10 мянга орчим намын гишүүд, дэмжигчид хандив өргөсөн байна. 11 давхар тус ордны баруун жигүүрт намын ажилтны оффис, зүүн жигүүрт үйлчилгээний байгууллагууд байршуулахаар зураг төслийг гаргасан талаар энэ үеэр “Өндөр буянт холдинг” компанийн захирал Н.Төмөрсүх танилцууллаа. Ямартай ч энэ ондоо багтаан сүндэрлэх эл барилгын ажлын гүйцэтгэлийн талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тодруулж асуулаа.

-Барилгын ажлын явц, гүйцэтгэл ямархуу хэмжээнд байна?

-Өнгөрсөн оны есдүгээр сард буюу яг нэг жилийн өмнө намын байрныхаа шав тавьж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 70 хувьтай байгаад сэтгэл өндөр байна. Намын байраа бид ард түмний өмч гэдэг утгаар “Тусгаар тогтнолын ордон” гэж нэрлэсэн нь ч учиртай. Монгол Улсын хүн бүхэн энэ ордныг ашиглалтанд орсны дараа үзэж танилцах, үйлчлүүлэх боломжтой. Зураг төслийн хувьд архитектор, зураг төслийн “Baldans” компани, барилгын гүйцэтгэл дээр  “Өндөр буянт холдинг” компани ажиллаж байна. Энэ оны 12 сард багтаан ашиглалтанд оруулах хэдий ч ирэх оны гуравдугаар сард Эх орончдын өдрөөр албан ёсны нээлтийг хийнэ. Газар доор хоёр, газраас дээш 10 давхар уг ордонд 800 хүний суудалтай хурлын их танхим, 300 хүний суудалтай лекцийн дугуй танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 1921 оноос өнөөдрийг хүртэлх Монгол Улсын түүхийг харуулсан музей, 400 хүн хүлээн авах зоогийн газар, номын сан, фитнесс, супер маркет, 64 автомашины гарааш,  80-100 хүний багтаамж бүхий хэвлэл мэдээллийн төв, студи зэрэг маш олон үйлчилгээний болоод олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах газрууд цогц байдлаар төвлөрөх юм.

-Хичнээн төгрөгийн төсөвт өртөгөөр ордныг барьж, байгуулах вэ?

-Нийтдээ 14.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр ашиглалтанд оруулна гэж анх МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар барилгын ажлыг баталсан. Энэ ордныг бүтээн босгоход 10 мянга гаруй намын гишүүд, дэмжигчид 100 төгрөгнөөс эхлээд 10 сая хүртэлх төгрөгийн хандив өргөсөн байгаа. Хандив өргөсөн бүх хүмүүсийн нэрсийг ордны голд байршуулах юм. Мөн энэ ажлаа үргэлжлүүлэхэд зориулж Голомт банкнаас зургаан тэрбум төгрөгийн зээл ч авсан байгаа. Яг одоогоор хичнээн төгрөгийн хандив цуглараад байгаа талаар нарийвчилсан дүн мэдээ надад алга байна. Удахгүй хэвлэл мэдээллийнхэнд энэ талаар тодорхой мэдээлэл өгнө.

-Ордонг барихад танай намаас 2008 оны сонгуулийн дараа халдлагад өртсөн гэсэн үндэслэлээр төрөөс хичнээн төгрөгийн төрөөс нөхөн төлбөр гаргуулахаар болсон бэ?

-Монгол хүн бүхэн 2008 оны долдугаар сарын нэгний үймээний үеэр намын байр гаднын халдлагад өртсөн гэдэгт хэн ч маргахгүй. Тиймээс нөхөн төлбөрт нийтдээ 11 тэрбум төгрөгийг батлуулснаас одоогоор зургаан тэрбумыг гаргуулж авсан байгаа. Зарим хэвлэл мэдээллээр намын байрыг барихад Хятадын компаниас гурван тэрбум төгрөгийн дэмжлэг авсан зэрэг баримт, нотолгоогүй мэдээлэл гарсныг албан ёсоор няцаамаар байна. 

-Тухайн үед танай намын байранд үйл ажиллагааг эрхэлж байгаад үймээний үеэр хохирсон иргэд энэ ордонд үйлчилгээгээ үргэлжлүүлэн ажиллуулах уу?

-Эдгээр үйлчилгээний төвүүдэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтийг нь бид шууд хүлээж авч байгаа. Тэр үед үүдний сонин зардаг эгчээс эхлээд олон иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч үлдсэн. Тэр бүхэн чинь бүгд л манай л улсын иргэд шүү дээ.

-Гаднын орнуудаас ордон барихад ямар хандив тусламж үзүүлэв үү?

-Мэдээж соц интерн гэдэг утгаараа ОХУ, Солонгос, Япон, Германы хамтын ажиллагаатай намуудаас офиссын доторх тавилга, тоног төхөөрөмж гэх мэтийн хандив тусламжууд ирүүлж байгаа.

-Цаашид гадны халдлагад өртөх эрсдлээс сэргийлсэн давхар хамгаалалт хийсэн үү?

-Дахин тийм муухай явдал Монголын ард түмэнд тохиолдохгүй биз дээ. Тиймээс олон нийтэд үйлчлэх энэ ордныг хамгаална гээд хашаа барилтай биш, дохиолол хамгаалалт, камераас өөр зүйлийг суурилуулахгүй.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж