Ерөнхийлөгч ахмадуудтай золгов

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ахмадуудтай золгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын
хамт төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний “А” танхимд хүрэлцэн очин
ахмадын төлөөлөлтэй золгов. Энд ахмадуудаа төлөөлөн АИХ-ын
Тэргүүлэгчдийн дарга асан Ц.Готов, ардын жүжигчин Л.Цогзолмаа,
Д.Жаргалсайхан, Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла, Л.Дашням, генерал
С.Гомбосүрэн, дипломатч Д.Ёндон, зохиолч Б.Бааст нар хүрэлцэн ирсэн
байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн есөн хөлт цагаан тугныхаа дэргэд Чингис
хааныхаа хөшөөг өмнөө залсан, Үндсэн хуулиа залсан, төрийн үе үеийн
зүтгэлтнүүд ажиллаж тэдний маань түмний төлөөх авшиг шингэсэн төрийнхөө
ордонд төрийн ёслол хүндэтгэлийн танхимд ахмадуудтайгаа золгож байгаадаа
ихэд билгэшээн баяртай байна. Ахмадууд маань ч Ерөнхийлөгч, УИХ-ын
дарга, Ерөнхий сайдтайгаа нэг дор золгох боломжтой юм. Ахмад буурлуудын
маань буян заяа дэлгэрч, монгол түмний маань аз хийморь өөдөө байх
болтугай гэж ерөөе. Сар шинийхээ баяраар монгол хүн бүр хийх бүтээх
зорилгоо ярьж, монгол хүн монгол хүнээ дэмжиж, муу зүйлээсээ ангижирч
өөдрөг байх хэрэгтэй.  Баяр ёслолоороо монголчууд бид “сархад жороолох
биш ерөөл хэлж сайхан хурайлцгааж байя” гэв. Ахмадууд Ерөнхийлөгчөө
дэмжин хурайлцгаалаа.

Ерөнхийлөгч ахмадуудтайгаа идээ цагаа амсаж, мэнд усаа мэдэлцэн, хөөрөг
зөрүүлэх зуураа сайхан жил гарч байгаа тухай хөөрөлдөв. Дараа нь
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмадууддаа гарын бэлгээ өгч, үр хүүхэд, ач, зээ
нартайгаа сайхан золгож, сар шинийн баяраа тэмдэглэхийг тэднээс хүсэв. 
“Өглөө эрт мөрөө гаргаад Төрийнхөө ордонд яаран ирлээ. Одоо
ахмадуудтайгаа золгочихлоо, ээждээ очиж золгоё доо” хэмээн Ерөнхийлөгч
гэрийн зүг мордлоо.
Фото зургийг энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж