Оюутны спортын төлөөлөгч Монголд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Оюутны спортын төлөөлөгч Монголд ажиллаж байна

Дэлхийн оюутны аварга шалгаруулах
сонирхогчдын боксын тэмцээн эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд
байна. Энэ өдрүүдэд аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх тус тэмцээний
техникийн асуудлыг хариуцаж буй ОУОСХ-ны Боксын Техникийн холбооны дарга
Эдуард Абдулманов манай улсад ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр үдээс өмнө
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг  зохион
байгуулах Яармаг дахь Спортын ордны барилгын ажилтай танилцжээ. Дэлхийн
оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн энэхүү шинэ ордонд зохион
байгуулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог.

 

Монголд зочилж буй ОУОСХ-ны Боксын Техникийн холбооны дарга Эдуард
Абдулмановыг өнөөдөр 16.30 цагт БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч
уулзан, тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар санал
солилцох юм байна. Ноён Эдуард Абдулманов энэ сарын 12-ныг хүртэл
Монголд ажиллах юм. 

Дашрамд дуулгахад, дээрх тэмцээнд таван тивийн  40 гаруй  орны 300 орчим
төлөөлөгчид орох төлөвтэй байгаагаас ОХУ, Казакстан, Турк, Узбекстан, 
Герман, Беларус, Өмнөд Африк, Коста Рика, Франц, Англи, БНХАУ, Япон,
БНСУ, Тайланд, Украйн, Молдав, Чех, Эстони, Энэтхэг, Польш, Словак,
Азербайжан, Грек зэрэг орны баг тамирчид оролцохоо мэдэгдсэнээр нийт  30
гарауй орон албан ёсоор оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж