Ц.Оюунбаатар: Би дундаж амьдралтай хүн

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар: Би дундаж амьдралтай хүн

Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сая “Монгол говь” сони­ныг уншиж байхад “Говийн хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагаас Өмнөговь аймагт Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм шиг түмэн жилийн настай шүтээн бүтээнэ гэсэн нь их сонирхолтой санагдлаа. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэе?

-Санаачлагчийн хувьд ми­ний оюун бодолд он удаан жил суусан санаачилга. Гэх­дээ энэ бол зөвхөн миний ажил биш. Говийн хөгжлийн тө­лөө гэсэн хүн бүрийн сэтгэл зүр­хээ нийлүүлэн Өмнөговь аймгийн төвөөс 20 км-ын алсад эртний шүтлэгтэй Хан-Уул хайрханд байгуулахаар зүтгэж байгаа их шүтээн. Тавантолгой, Оюутолгой гээд говийн асар арвин баял­гийг ашиглах гэж байгаа энэ үед Монголоо дэлхийд харуулахуйц соёлын дурсгалт төдийгүй эв нэгдлийн хам­­гийн том илэрхийлэл болох, буддын шашны гүн ухаан дээр суурилсан том байгууламжтай болохоор аж­лаа эхэлж байна. Ийм буддын шашны цогцолбор дэлхийд нэг л байдаг. Бүхэл бү­тэн уулыг бурхны цогцолбор бол­гож босгосон арал бол Индонезийн Суматра. Тэнд XIII зуунд босгосон Бурбадур гэж шү­тээн бий. Иймд Мон­голын бурхан багшийн цог­цолбор байгуулья гээд эхний хэсгийг нь энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Эхний ээлжинд 108 суварга байгуулна. Энэ суваргад ганц ширхэг хадаас, цемент орохгүй.

Бүгдийг нь байгалийн боржин чулуугаар бүтээнэ. Дэлхий дээр мөнх байдаг зүйл бол чулуу. Ер нь хүй нэгдлийн үеийн чулуун дурсгал өнөөдөр бидэнд үлдсэн байдаг биз дээ. Тэгэхээр үндэстнийхээ түүхэн соёл, амьдралын хэв маяг, шашин шүтлэг, гар урлал гээд бүх онцлогийг нээн харуулсан их шүтээн байх юм. Энэ 108 суварга нь хоёр метр 80 сантиметрийн өндөртэй байна. Овог удам, сум орон, ах дүүгээрээ нийлж нэг суваргыг бүтээх боломжтой.

-Хэр санхүүжилт орох вэ?

-Өртөг бол өндөр гарч байгаа. Ойролцоогоор 800 сая орчим төгрөг болно байх. Гол шүтээнийг Улаанбаатараас тээвэрлэхэд 40 орчим камаз машин орно.

-Ерөнхийдөө хандиваар босох уу?

-Тийм ээ, 108 суваргыг бүтээхэд Монголын алдартай 108 гэр бүлийг оролцооч гэдэг захидал илгээсэн. Мөн орон нутгууд ч нутаг усаа даатгаад оролцож болно.  
-108 алдартай гэр бүл гэхээр ямар гэр бүл байх вэ?

-Алдартай гэхээр баян гэсэн үг биш. Хөрөнгө чинээгээр бус оюунлиг, өөрсдийн өвөг дээдсээ, ирээдүй үеэ мөнхжүүлэх хүсэлтэй гэр бүлд захидал илгээсэн.

-Тэд хэр дэмжиж байна?

-Мэдээж олонхи нь дэмжиж байгаа. Амьдрал л юм хойно ганц хоёр нь эдийн засгийн байдлаас болоод оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

-Нэг суварга хэдээр босч байна?

-Яг хийж байгаа өртөг нь дөрвөн сая төгрөг. Тээврийн зардлыг нь уул уурхайн компаниар даалгахаар ярьж байгаа.

-Та өөрөө хэдэн суварга бариулж байгаа вэ?

-Ээж, аавынхаа талаас барина. Мөн өөрийнхөө гэр бүлийг даатгах суварга ч бүтээнэ.

-Үнэндээ сүүлийн үед монголчууд суварга бүтээнэ гэдэг үйл рүү хэт хошуураад байх шиг санагддаг. Тэгэхээр 800 сая төгрөгөөр нийгэмд хэрэгтэй зүйл бүтээсэн нь дээр гэх хүн нэгээр тогтохгүй л гарах болов уу?

-Байх л асуудал. Намайг гэхэд л УИХ-ын гишүүн байсан хүн байж хувьдаа ганц том дэлгүүргүй, барилгагүй байж болохгүй гэх хүн бий. Энэ шүтээн бол мөнгөөр  хэмжигдэх зүйл биш. Хурдан морь 100 сая хүрчихээд байхад ийм шүтээнийг 800 сая төгрөгөөр бүтээнэ гэдэг бол байж болох зүйл. Монголчуудын цаад гүн ухаанаар бодвол энэ нь амьдралын утга учрын асуудал. Мөн Тавантолгой, Оюутолгой гээд энэ том ордуудыг гадаад, дотоодоороо нийлэн хувааж ашиглах гэж байгаа үед ийм шүтээн босгох нь өөрөө байгаль дэлхийгээ аргадах  тустай. Байгальтай буруу харьцвал заавал хариуг нь өгдөг. Энэ ордуудыг ашиглаад дуусахад улаан шороотой үлдэх үү, байгаль хамгаалахад уриалсан, байгалийн унаган төрхийг авч үлдсэн нэг уул яагаад байж болохгүй гэж. Магадгүй Египетийн пирамид, Цагаан хэрэм хоёрыг бүтээж байх үед түүн шиг утгагүй зүйл байгаагүй байж болно. Цагаан хэрмийг гэхэд л монголчуудаас хамгаалах гэж байгуулсан. Гэтэл тэр үүргээ хэзээ ч биелүүлж байгаагүй. Харин орчин үеийн дэлхийн аялал жуулчлалын хамгийн гол үзвэр болсон. Хятадууд Цагаан хэрмээс асар их орлого олдог. Өмнөговь аймагт жуулчин буухад үзэх юм байхгүй. Ёлын ам л байдаг. Тэгэхээр монголчуудын ур ухаанаар босгож байгаа энэ шүтээнийг үзэж явсан жуулчин ямар ч хүнд Монголыг сурталчилж чадна гэдэгт итгэлтэй байна. Дээр нь бясалгалын сүм байгуулна. Тэндээс оюун санааны гэгээрлийг олж авах боломжтой.

-Энэ шүтээнийг бүтээх зорилгыг “Баялгийн хараалаас зайлсхийж, хойч үедээ нэр хүндтэй, буян заяатай дурсагдаж явъя” гэж тодорхойлсон байсан.

-Бурханы сургааль талаасаа бодвол байгалийн ашгийг өөрийн эрх ашгаа бодож улайрах бус эх дэлхийгээ хайрлан хамгаалж, амьдралын утга учрыг гол болгох хэрэгтэй. Хойч үедээ үлдээх зүйлтэй байх ёстой.

-Та дээр бясалгалын сүм байгуулна гэсэн. Та өөрөө бясалгал хийдэг үү?

-Нэг их биш ээ. Бүр гүн гүнзгий бясалгадаггүй. Гэхдээ амьдралын утга учир, амьдрахын мөн чанарыг ойлгохыг чухалчилдаг. Манай аав лам хүн байсан. Аав маань бурханы мөн чанарыг мэдрэхэд том нөлөө үзүүлсэн. Алсыг харсан, гэгээлэг амьдралд хүрэх боломж монголчуудад бий гэж боддог. Оюунлаг ухаалаг байдлыг бий болгох хэрэгтэй. Ийм бясалгалын сүм байгуулчихаад гэгээрлийн лекц уншдаг болгоно. Тэр их гоё байгальд очсон хүн билгийн нүдээ нээж чадна. Түүнээс бус харанхуйгаар шашинд итгэн маань уншсан болоод суугаад байна гэж байхгүй. Гол нь байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй. Байгалийн баялаг гэдэг Ашигт малтмалын газарт найзтай, найзаараа дамжуулж лиценз авч чаддаг хүний баялаг биш шүү дээ.

-Аавыгаа танилцуулахгүй юу?

-Миний аав 1905 онд төрсөн. 1912 оноос 1935 оныг хүртэл Засгийн шүтээн гэж хийдэд сууж байсан. Бүхэл бүтэн 22 жил бурхны ном үзсэн хүн.

-Аав тань хэлмэгдүүлэлтэд өртсөн үү?

-Их хэлмэгдүүлэлт эхлэхээс өмнө хөдөө гарч, хар болж үлдсэн хүн. Гэхдээ аав маань ламаараа л үлдсэн. Нэг хийдэд шавилж байсан бусад нөхөд нь халимаг тавьж, үсээ ургуулж хар болсон бол миний аав халзан толгойтой ард малчин болсон. Төр засгийг хэзээ ч муулж, харааж байгаагүй. Хэзээ ч магтаж, сүйд бололгүй бурханы шашиндаа үнэнч үлдсэн. Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт болон Баянзүрх дүүргийн хийдэд сууж байсан. Тухайн үед хүн амьтанд өдөр судар харж өгдөг л байсан. Одооны лам нарыг бодоход жинхэнэ лам байсан гэж боддог.

-Нууцаар ном хурж байв уу?

-Манай аав тийм хуульгүй хүн биш. Маш өндөр ёс суртахуунтай хүн байсан. Бурхан шашинаа нуугаад огт гаргаж байгаагүй. Намайг өргөн духтай, халзан толгойтой байсан болохоор хүүхдүүд лам гэж хочилдог байлаа. Би маш их ичдэг байсан. Одооны хүүхдүүд бол ойлгохгүй л дээ. Би их л зовдог, ичдэг байсан юмдаг. Намайг манай аав нэг удаа “Миний бага хүү лам болсон бол их л номтой лам болох байсан юм” гэж хэлж байсан. Сонирхуулаад яривал манай аавынх чинь тухайн үед нэгдэлд орохоос өмнө 800-900-гаад малтай бас л баян айлын тоонд ордог байлаа. Тэр үед манай гэрт бүх малчдыг цуглуулж аймгийн намын хорооны дарга Нямбуу гуай хурал зарлаж байсан гэдэг. Тэгээд нэгдлийн ач тусыг ухуулж, өвлийн цагт үстэй дээлтэй нь хар хөлсийг нь цутгуулаад суулгачихаар хүн л юм хойно бие засахын тулд “Нэгдэлд орно оо” гэж гарын үсэг зураад л гардаг байсан гэж аав маань ярьдаг байсан. Тэгээд 1991 онд нэг удаа хэвтэрт байхдаа “Нямбуутай нэг уулзах юмсан” гэж хэлж байсан. Ер нь аав маань бүхий л амьдралаа малын төлөө өнгөрүүлсэн хүн. Аавын маань далд санаа, сонирхол бол яах аргагүй бурханы шашин байсан. Бурханы шашинд бүхий л зүйлээ зориулж, багшийнхаа хамт тэмээн жингээр Утай гүмбэн явж авчирсан судрууд надад байдаг. Би жилдээ нэг удаа том  лам нараар салхи оруулж, сэргээлгээд далд хийдэг. Яг гавжийн дамжаа хамгаалахын даваан дээр хар болсон. Хэрвээ гавж болсон бол шууд л цаазлуулах байсан байх л даа.

-Та төвд ном унших уу?

-Би уншихгүй ээ. Харин надад заасан тарни бол бий. Дургүй хүрсэн үед бол өөрийгөө хамгаалах хэмжээний уншлага бол уншчихна шүү.

-Тэгэхээр таны дургүйг хүргэж болохгүй нь ээ. Бас л эвгүй сонсогдож байна шүү?

-Манай аавын шүтээн бол бурхны шашны цагааны талынх. Хэзээ ч мал алахгүй, хэзээ ч хүнд муу юм хийхгүй. Орчин үед л муу муухай болгосноос бус бурхны шашны мөн чанар чинь өөрөө сайн сайхны төлөө л байдаг шүү дээ.

-Аав тань Нямбуу гуайтай уулзаж юу хэлэх гэж байсан юм бол?

-Юу хэлэх байснаа бидэнд хэлээгүй л дээ. Гэхдээ би сүүлд УИХ-ын гишүүн болсныхоо дараа нэг хүлээн авалтын үеэр уулзсан. Тэгээд аав маань тэгж байж билээ гэхэд “Харин тийм ээ, аль завхралыг тэр гэхэв дээ” гэж байсан.

-Та манай шүтлэг цагааны талынх гэж байна. Гэтэл та өөрөө улстөрч, дээр нь төрийн өндөр алба хашиж байгаа хүн. Цаг ямагт сайн сайхан байхад хэцүү шүү дээ. Тэгэхээр өөрийгөө муу зүйлээс хэрхэн хамгаалдаг вэ?

-Төрийн ажилтан гэхээр дандаа муу муухайгаар харж болохгүй шүү дээ. Төрийн ажилтанг бизнесийнхэн л мөнгө өгч, өөрсдийн талд худалдан авч байгаа. Энэ бол түр зуурын зүйл. Монголын төр 1990 он хүртэл ийм байгаагүй. 2000 он хүртэл ч байгаагүй. Үүний буруу нь сонгуулийн буруу. Энэ янзаараа байвал 76 наймаачин л УИХ-д гарч таарна. Тэгэхээр төрийн албан хаагчдыг бүгдийг нь муу, муухайгаар харж болохгүй.

-Монголчууд танилын нүүр халуун гэдэг. Энэ утгаараа “За Оюунбаатар аа, үүнийг л нэг аргалаад өг” гэх хүн орж ирэх юм уу?

-Орж ирэлгүй яах вэ.

-Та ямар хариу өгч байна?

-Нэг сайхан гарц зааж өгнө шүү дээ. Манайх татвартай холбоотой аливаа маргааныг Сангийн яам болон шүүхээр шийдүүлнэ. Тэр гарцыг л хэлж өгнө.

-Та өөрийн гэсэн бизнестэй юу?

-Бизнестэй байсан.

-Ямар?

-Би чинь Монголын гайгүй хуульч, өмгөөлөгч байсан хүн. Одоо ч хүмүүс мартаагүй л байх.

-Хууль зүйн товчоо гэж үү?

-Одоо надад хамаарахгүй байгаа. “Талх чихэр” компанийн хувьцааг эзэмшиж байсан. Нийгэм зах зээлд шилжсэн учраас тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх эрх хүн бүрт байгаа шүү дээ. Гэхдээ одоо надад үнэндээ хувийн ТҮЦ ч байхгүй.

-Төрийн ордны хажуу талд байдаг “Лобби” төвийн барилгыг таны өмч гэдэг юм билээ?

-Минийх биш ээ. Тэр чинь төрийн бус байгууллагын л өмч.

-Ямар?

-“Лобби” гэж.

-Тэр төрийн бус байгууллага харин таных биз дээ?

-Ганц давхар нь л манайх. Бусад нь “Кредит” банкны эзэмшлийнх.

-Таныг гишүүн байхдаа хамгийн ашигтай байрлалд их гоё барилга бариулж чадсан гэдэг болохоор л давтан, давтан асуугаад байна л даа?

-Ямар гоё юм бэ. Тийм юм байхгүй ээ. “Талх чихэр”-ийн хувьцаа л надад байсныг УИХ-ын гишүүн болоод “Төр болон бизнесийн ажлыг зэрэг хийхгүй” гээд зарж байсан. Нэг хэсгээр нь тэр барилгын нэг давхрыг худалдаж аваад хагасыг нь хадгаламж зээлийн хоршоонд хийж, нөгөө хэсгийг нь сонгуульд зарцуулаад дууссан.

-Тийм том компанийн хувьцааг зарах хэрэг байсан юм уу. Ирээдүйд улам л их ашиг өгнө шүү дээ?

-Томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн компанийн ажилд оролцох хэрэгтэй болдог юм. Тэгэхээр их асуудалтай л даа.

-Их хувь эзэмшиж байсан гэсэн үг үү?

-30 гаруй хувь эзэмшиж байсан. Тэгэхээр 51 хувийг эзэмшдэг хүн нь хувьцаан дээр тоглолт хийгээд миний хувьцааг үнэгүйдүүлэх магадлалтай л даа. Би чинь Орост хувьцааны чиглэлээр магистр хамгаалсан. Тийм болохоор өөрийнхөө хийх ёстой сонголтыг л хийсэн.

-Та гишүүн байх үеэсээ тэмээн полог Монголд хөгжүүлж эхэлсэн. Зорилго тань хэр урагшилж байна?

-Бүр давчихсан байгаа шүү. Анх 2000 оноос өмнө сая тэмээтэй байсан улс гэнэт 200 мянган тэмээтэй болчихсон. Хувьчлалтай зэрэгцээд тэмээг тэнээд алга болдог мал гээд, мах болгоод зарчихсан. Хятадууд дөрвөн тавхайгаар нь хоол хийдэг гэх сургаар дөрвөн шийрийг нь хил давуулдаг болчихсон. Тэгээд бүгдээрээ хурдан морь, хурдан машинаар өвчилсөн. Тийм учраас тэмээг хэн ч дэмжихээ больсныг эсэргүүцэж, тэмээ хамгаалах менежментийг боловсруулж, тэр хүрээндээ тэмээн полог сурталчилсан. Одоо үндэсний хэмжээний наадам болсон. Жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Энэ бүхэнд асар их хөрөнгө зарцуулж, тодорхой хэмжээнд амжилтад хүрсэн. Гэсэн ч махны үнэ өсөхөөр тэмээ рүү дайрдаг хандлага байсаар л байна.

-Та хурдан морьтай юу?

-За, гишүүн байхад надад 20-иод тэмээ, адуу сонгогчид бэлэглэсэн. Би нэгийг нь ч аваагүй. Надад өнчин ишиг, ганц хурга ч байхгүй. Би хурдан морь унаж өссөн хүн. Хотын энэ уяачдыг бодоход хамаагүй илүү морь мэднэ. Ер нь би нэг их тэмээнд хайртай ч хүн биш. Энэ говийн бүтцийг авч үлдэх, тэмээг хамгаалах хүслээр хийж байгаа ажил. Тэмээг хэн ч хамгаалахгүй байхад хэн нэг нь хамгаалах л ёстой. Өвөрмонголд хүртэл очиж тэмээн поло зааж өгч байсан. Одоо төр засаг үүнд анхаарах ёстой.

-МАХН-д байгуулсан “Уламж­лал, шинэчлэл-Ардчилал, эрх чөлөө” жигүүрийнхээ үйл ажилла­гаанд хэр санаа тавьж байгаа вэ?

-Төрийн албан хаагчийн хувьд намаас татгалзсан. Гэхдээ би энэ жигүүрийг сонгодог утгаараа улс төрийн шинэчлэлд үр ашгаа өгсөн гэж боддог. Үр дүнгээ бүрэн өгсөн гэж хэлэхгүй. Гэхдээ бид эхлүүлсэн. Хүмүүс нөгөө жигүүр чинь юу болсон бэ гэж асуудаг л юм. Шинэчлэлийг зөвхөн бид хийнэ гэж байхгүй. Бүгдээрээ л хийх ёстой шүү дээ.

-Жигүүрийг санаачлагчид өнөө­­дөр бүгд л төрийн томоохон агентлаг, газ­рын дарга болчихсон байгаа нь хүмүүст таагүй сэт­гэгдэл тө­рүүлдэг?

-Тэгж бодохоосоо өмнө биднийг энэ ажил дээрээ юу хийж байгааг харах хэрэгтэй. Би хэн нэг даргын ивээлд орох гэж гүйж байгаагүй. Хэлэх гэсэн үгээ цаг тухайд нь хэлдэг. Өнөөдөр Н.Энхбаяр даргыг муулах хүн олон байна. Тэгэхэд би эрх мэдэлтэй байхад нь “Таны энэ алхам буруу байна” гэдгийг хэлдэг байсан. Гэтэл өнөөдөр албан тушаалаасаа буусан да­руйд нь хүмүүс элдвээр хэлж байна. Би иймэрхүү занд дургүй. Тэртээ тэргүй алдаа, оноо нь ард үлдчихсэн байхад худлаа том хүн болж муулах хэрэггүй. Үүн шиг зөвхөн жигүүрийнхэн дуугарч, бусад нь дуугарч байгаа эсэхийг хянадаг хэлбэрээр явж болохгүй.

-Та одоо МАХН-ыг хөндлөн­гөөс нь харж байна уу. Аль эс­вэл нөгөө л өөрийн итгэл үнэмшлээрээ дотоод асуудал руу нь өнгийх юм уу?

-Хүн ёсны харилцаатай хүмүүс­тэйгээ өмнөх шигээ л харилцдаг. МАХН-ын найз нөхөд дөө ч “Та нар намаа шинэчлээч” гэж хэлдэг. Том дарга нар бүгдээрээ нэг их том хаустай болчихсон сууж байна. Тэгэхэд иргэдийн амьдрал хэвээрээ байна. Яагаад ажлаа хийхгүй байна гэдгийг би хэлдэг.

-Та хаана амьдардаг вэ. Бусдыгаа нэг их том хаустай гэхээр тань сонирхож байна?

-Би дундаж амьдралтай л хүн. Хаус байхгүй ээ. Олон жил Удирдлагын академийн багш нарын байранд амьдарч байна.

-Гэр бүлийн тань хүн юу хийдэг вэ?

-Гэр бүлийнхээ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Манай эхнэр хуульч мэргэжилтэй.

-Хүүхдүүд тань хаана су­ралцсан бэ. Дарга нарын хүүх­дүүд бүгд л гадаадад сурдаг шүү дээ?

-Манай хүүхдүүдийн нэг нь ч төрийн зардлаар сураагүй. Бүгд АНУ-д дунд сургуулиа төгсөөд, их сургуулиа Монголд төгссөн.

-Жирийн л айл гэж хэлэх гээд байна уу?

-Би өөрийнхөө үзэл бодлыг дээд түвшинд хүрсэн гэж хэлэхэд хаашаа юм. Гэхдээ хөрөнгө мөнгө чухал биш гэж л боддог. Энгийн сайхан амьдралаар амьдрахыг л хүсдэг.

-Хүн бүр амьдралынхаа зо­рилгыг өөр өөрийнхөөрөө то­дорхойлдог. Таны хувьд?

-Үхэхдээ л бэлтгэх асуудал шүү дээ. Эхлэл нь ойлгомжтой. Хүрэх цэг нь ойлгомжтой. Тэгэхээр учиргүй их хөрөнгө хуримтлуулж, олон зуун давхар барилга, хэдэн тэрбум төгрөг хуримтлуулах хэ­рэггүй. Буддын шашинд үүнийг ерөөсөө л “Утга учиртай амьдрах” гэж тодорхойлсон байдаг юм.

-Хүүхдүүддээ энэ бодлоо хэлдэг үү. Тэд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би эрдэм боловсрол бол байнгын ундарга гэдгийг хэлдэг. Түүнээс бус энэ шашны үйл хэргийн талаар болон хэтэрхий гүн гүнзгий зүйл ярилцдаггүй. Уяач хүний хүүхэд л уяач байх ёстой гэдэг шиг тэднийг энд тэнд минь гараад дагаад гүйгээсэй гэж боддоггүй. Иймэрхүү зүйл ярих цаг нь болоогүй байх. Хүүхдүүдээ ойлгох ёстой үедээ л ойлгоно байх гэж боддог доо.

-Энэ бүх ажил тань ирэх 2012 оны УИХ-ын сонгуультай холбоотой юу. Нутгийнхнаасаа оноо авахад тань дэм болох болов уу?

-Улс төртэй холбоогүй. Улс төр ийм бохир байгаа үед, мөнгө тараадаг улс төрд надад боломж олдохгүй л болов уу даа. Үүний оронд гадаа нь зогссон нь дээр. Бүгд ийм байх ёстой гээд итгэчихсэн байна. Ирэх сонгуулийн тухайд би өрсөлдөхгүй, эсвэл өрсөлдөнө гэж хэлэхгүй ээ.

-Та улс төрд хэр олон найзтай вэ?

-Өө, олон байна. Л.Гүндалайтай шатар тоглохоос эхлээд найз нар байлгүй яахав.

-Ээлжийн амралтаа хэзээ авах вэ?

-Сүүлийн хоёр жил ээлжийн амралт аваагүй ээ. Энд хийх ажил их байна. Шинэчилмээр байна. Төрөөс нэгэнт иргэдэд мөнгө өгнө гээд амлачихсан болохоор Оюунбаатар хагас бүтэн сайнгүй зүтгэхээс өөр аргагүй л болчихоод байна даа.

-Таныг хууль, шүүхийн тал­барт нэлээдгүй нэр хүндтэй ажиллаж байсныг тань хүмүүс мэднэ. Иймд Улсын Ерөнхий прокурор хийгээд Авлигатай тэм­цэх газар, УИХ-ын дунд болоод байгаа асуудлын талаар ямархуу бодолтой байгааг тань мэдмээр байна. Ер нь ?

-Улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулах ёстой. Монголд улс төртэй хутгалдаагүй хүн гэж үнэндээ байхгүй. Иймд Д.Дорлигжав про­курор маш их зоримог өөрчлөлт хийхгүй бол хэцүү. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллагыг үнэхээр улс төрөөс хараат бус байлгах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Тэгэхээр өөрчлөлт хийх гэсэн оролдлого нь зөв гэсэн үг үү?

-Өө, мэдэх юм алга аа. Ямар өөрчлөлт шинэчлэлт хийх гээд байгааг сайн мэдэхгүй байна. Зарчмын том өөрчлөлтийн хүрээнд улстөрч Д.Дорлигжав, жинхэнэ про­курорын хувьд өөрчлөлт хийгээсэй гэж боддог. Яагаад гэхээр би 1976 онд энэ байгууллагын хаалгаар орсон хүн. Иймд улстөржсөн байд­лаар хандвал энэ их аюултай л даа.

-Та яагаад УИХ-д нэр дэвшсэн юм бэ?

-Би Удирдлагын академийн багш байсан. Үзэл бодол, зорилгоо биелүүлэхийг л хүссэн. Арав гаруй жил төрийн бодлого ийм байх ёстой гэдгийг хэлж, ярьж, зааж байсан. Нэгэнт хэлж яриад бүтэхгүй байсан учраас дунд нь орж хийхийг л зорьсон.

-Та дээр “Талх чихэр”-ийн том хувьцаа эзэмшигч байсан гэж хэлсэн. Үүнээс үүдээд хүмүүс янз бүрийн дүгнэлт хийж болно. Иймд яаж тэр 30 гаруй хувийн хувьцааг эзэмшиж байснаа тайл­барлахгүй юу?

-Би хувьцааны чиглэлээр ма­гистр хамгаалсан. Иймд хуулийн дагуу хувьцаан дээр ажилласан. Мөн Монголын нэлээд дуулиан, шуугиантай хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан.

-Та өнгөрсөн хугацаанд өөрч­лөгдөөгүй гэж үзэж байна уу?

-Үзэл бодлын хувьд өөрч­лөгдөөгүй. Харин мэдлэг, боловс­ролын хувьд өөрчлөлт орж байгаа. Өдрөөс өдөрт ихийг уншиж мэдэх хэрэгтэй байна. Тэр дагуу уншаад, судлаад үзэхээр аяндаа өөрчлөгдөж байгаа л даа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж