Уулын дугуйчид гараанаас гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Уулын дугуйчид гараанаас гарлаа

Ази тивд анх удаа зохион байгуулж буй “Mongolia Bike Challenge 2010” уулын бартаат замын Олон улсын уралдаанл оролцож буй 94 тамирчин өнөөдөр өглөө Улаанбаатар хотоос гараандаа гарлаа. Ази тивд анхдагч болж буй тус тэмцээнийг Монголд зохион байгуулах хариуцлагатай үүргийг Монголын аялал, жуулчлалын тур оператор “Монголиа Экспедишнс” ХХК, Италийн “Прогета Авентура Ивэнти” (Progetto Avventura Eventi) компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбоо, Биеийн тамир, спортын газрын хамтран хүлээж байгаа юм.

“Mongolia Bike Challenge 2010” уулын бартаат замын Олон улсын уралдаан нь Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай зэрэг таван аймгийн нутагт 10 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт 10 гараагаар 1400 км газрыг уулын дугуйгаар туулах ба уралдааны ялагчдыг зургаан насны ангилалд тодруулах юм.

Нийт 15 мянган еврогийн шагналын сантай уралдааны явцад гараа тус бүрт ялагч тодруулна. Харин нийлбэр дүнгээр ялагч болсон тамирчин 5000 евротой тэнцэх "Алтан цом", Италийн "Nevi" брэндийн гар аргаар хийсэн титан дугуйны эзэн болох юм. Уралдааныг Монголын талаас NTV, C1 телевизүүд газар дээрээс нь сурвалжилж байгаа бол Герман, Франц, Бельгийн телевизийн сэтгүүлчид “Mongolia Bike Challenge 2010”-ыг дэлхий даяар шууд дамжуулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mongoliabikechallenge.com сайтаас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж