Ц.Хонгорзул: О.Гүндэгмаа эгчээс их зүйл сурсан

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Ц.Хонгорзул: О.Гүндэгмаа эгчээс их зүйл сурсан

Германы Мюнхен хотноо үргэлжилж буй Буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын 10 метрийн гар бууны төрөлд алтан медаль хүртэж, буудлага спортын залуучуудын дэлхийн аварга анхны монгол тамирчин болсон ОУХМ Ц.Хонгорзул өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар болон тус газрын хамт олон, хэвлэлийн мэдээллийнхэн Спортын төв ордонд хүлээн авч уулзсан юм.

Уулзалтад БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо, Үндэсний шигшээ багийн албаны захирал Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Сүх-Очир нар оролцож, цэл залуухан дэлхийн аваргад халуун баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн энэ уулзалтад Ц.Хонгорзулын аав, МҮОНТ-ийн спортын редактор Л.Цагаандалай ирсэн байв.
Сануулахад, Ц.Хонгорзулын цэц сорьсон хийн гар бууны төрөлд 81 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 382 оноогоор дэлхийн аваргын болзол хангаж, алтан соёмбот далбаагаа Мюнхены тэнгэрт мандуулсан юм. Дасгалжуулагч Л.Ундралбатын шавь тэрбээр  Монголын буудлага спортын түүхэн дэх дэлхийн залуучуудын аварга болсон анхны тамирчин болж байгаа юм. Насанд хүрэгчдийн хувьд Монголын анхны алтан медалийг  гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1998 онд хүртсэн бөгөөд тэрбээр мөн Германы иргэн болсныхоо дараа 2002 онд амжилтаа бататган, 25 метрийн төрөлд дэлхийн аварга болсон түүхтэй.

Уулзалтын үеэр Ц.Хонгорзулын сэтгэгдлийг сонслоо.

-Монголын буудлага спортын түүхэнд амжилтын шинэ хуудас нээсэнд баяр хүргэе. Тэмцээний талаар сонирхуулаач?

-Баярлалаа. Энэ амжилтыг гаргаж, аав, ээж, багш, дасгалжуулагч нарыгаа бас ийм олон хүнийг баярлуулсандаа баяртай байна. Тэмцээн өрсөлдөөнтэй боллоо. Хамгийн гол нь Монгол Улсаас дэлхийн залуучуудын аварга төрж, манай буудлагын спортод бас нэгэн шинэ амжилт бий болж байгаад их баяртай байгаа.

-Ч.Ундралбат багш Германд байгаа юу?

-Багш ирээгүй, Германд үлдсэн. О.Гүндэгмаа эгч гээд бусад тамирчид маань одоо тэмцээндээ оролцож байгаа. Насанд хүрэгчдийг дуусгаад манайхан хамтдаа ирнэ.

-Багш нь ямар зөвлөгөө өгч байв?

-Багш л бүхнийг хэлж, намайг ийм амжилтад хүргэж байгаа шүү дээ. Ч.Ундралбат багшдаа маш их баярлаж байна. О.Гүндэгмаа эгчийг Бээжингийн олимпод бэлтгэж байхад нь би бэлтгэл хангагчийг нь хийж тусалдаг байсан. Тэр утгаараа О.Гүндэгмаа эгчээс маш их зүйл сурсан. Саяын тэмцээнд ч дандаа л зөвлөж, надад урам өгч, зоригжуулж байсан ах, эгч нартаа баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

-Өмнө нь үндэсний сураар хичээллэдэг байсан нь буудлагын тамирчин болоход илүү дөхөм байсан байх?

-Тэгэлгүй яахав. Би багадаа үндэсний сураар хичээллэдэг байсан. Аав маань энэ спортыг сонирхдог болохоор би ч бас их дуртай байсан. Миний үндэсний сурын багш маань Монгол Улсын гавьяат тамирчин, даяар дуурсагдах дархан мэргэн Ш.Даваахүү багш юм. Багш нартаа бүгдэд нь маш их баярлаж байна даа.

-Дараагийн оролцох тэмцээн хэдийгээр таарч байна?

-Ирэх арваннэгдүгээр сард болох Азийн тоглолтод оролцож магадгүй. Гэхдээ тэрний өмнө сонгон шалгаруулалт явуулах байх. Хараахан тамирчдын нэрс тодорхой болоогүй байгаа. Тэр болтол ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд л байж байна даа.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж