Бондын зах зээл хэлбэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Бондын зах зээл хэлбэлзэж байна

Дэлхийн эдийн засгийн үзүү­лэлтүүд ерөнхийдөө удаашралтай байгаа. Үүнтэй зэрэгцээд улс орнуудын Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулахын тулд урт, богино хугацааны бонд гаргаж, олон улсын зах зээл дээр арилжаалах нь ихэссэн билээ. Үүний нэг жишээ нь Японы Засгийн газрын бонд юм. Тус улсаас 20 жилийн хугацаатай гаргасан бонд одоогийн байдлаар хоёр дахь долоо хоногтоо зах зээл дээр арилжаалагдаж байна.

Ойрын үед эдийн засгийн идэвх суларч, дэлхийд тэргүүлэгч АНУ-д нөхцөл байдал тааруухан байгаа талаар мэдээлэх болсон. Тус улсын иргэдийн зардал буурч, бүтээгдэхүүний гаралт удааширч эхэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэээр хангалттай нийтэлж байна. Үүнээс болж урт хугацааны бондод итгэх хөрөнгө оруулагчдын итгэл суларч эхэлжээ. Түүнчлэн иенийн ам.доллартай харьцах ханш чангарсан нь япончуудын бол­гоомжлол, айдсыг төрүүлээд буй дифляцийг улам хөөрөгдөх вий гэх таамгийг эдийн засагчид гар­гаад байна. Энэ нь бондын зах зээлд ч нөлөөлж эхэлжээ. Дээр дурьд­санчлан ирэх 2030 оны зургадугаар сард эргэн төлөгдөх 20 жилийн хугацаатай Японы бондын хүү 1.8 хувьтай байсан бол өнгөрсөн долоо хоногт дээрх хэмжээ буурч, 1.71 хувьд хүрчээ. Харин Японы Засгийн газраас гаргасан 30 жи­лийн хугацаатай бондын хүү 4.5 хувьтай байснаа 1.73 хувь болж буурсан байна. Харин 10 жилийн хугацаатай бондын ханшид 0.995 хувийн хэлбэлзэл ажиглагджээ. Гэх­дээ япончуудын хувьд урт хуга­цааны бондод найдлага тавьж байна. Үнэхээр ч тэдгээр нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж бай­гаа билээ. Тэгвэл хойд хөрш ОХУ-ын бодлого боловсруулагчид арай өөрийг сэтгэж байна. Тус улс саяхан олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай 26.5 тэрбум рублийн бонд байршуулсан. Түүнч­лэн гурван тэрбум рублиэр нэрлэгдсэн богино хугацааны бонд гаргасан.  Тэдгээр бондын хугацаа 2015 онд дуусч, ашиг нь долоон хувьтай байхаар тооцож байгаа. Үүний хажуугаар ОХУ-ын Сангийн яамныхан улс орныхоо эдийн  зас­гийн эерэг үзүү­лэлтүүдийг дурь­­­даж, “юун хямрал, тийм юм бо­лоогүй” гэх аятай хөрөнгө оруу­лагчдыг хошууруулах оролдлого хийсэн билээ. Гэтэл төсвийн зардлаа бууруулахын тулд хийж буй энэ алхамд нь ган гачиг, улаан буудайн гарцын бууралт, экспортийн хэмжээнд тогтоох хориг, хязгаарлалт зэрэг нөлөөлж, хөрөнгө оруулагчдын идэвхийг сулруулж байна.

Олон оронд цаг уурын нөхцөл байдал тааруухан байгаагаас хүнс­­ний бүтээгдэхүүний үнийн хөө­­рөгдөл бий болох нь гэх бол­гоомж­лол үүсээд байгаа. Энэ нь мөн л бондын зах зээлд нөлөөлж байгаа юм.
Аргентины Засгийн газраас гаргах долоон жилийн хуга­цаатай 400 сая ам.долларын бон­дын хүү 12.375 хувь байна гэж эдийн засагчид тооцож байгаа. Уг бондыг энэ сард гаргах юм. Түүнчлэн Чилийн Засгийн газар бонд гаргахаар зэхэж байгаа. Гэтэл бондын зах зээлд нөлөөлөх олон хүчин зүйлээс хамаараад урьдчилсан тооцоогоор тэдгээр бондын ашиг буурч байгааг зарим ажиглагч онцолж байна. Хямралын дараа төсвийн алдагдлаа багасгаж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд бондын зах зээл рүү хошуурах нь зарим талаараа эрсдэлтэй болохыг сануулах хүн ч байгаа юм.  

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж