Хэрэгжүүлэхгүй байгааг сануулсан тайлан

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хэрэгжүүлэхгүй байгааг сануулсан тайлан

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Ажей Чибберийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын нэг гол хөтөлбөр нь  Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын  хэрэгжилтийн Үндэсний  гуравдугаар илтгэлийг танилцуулах ёслолд оролцох байлаа.

НҮБ-ын дээгүүр албан тушаалтныг оролцуулан байж танилцуулсан энэ илтгэл юугаараа тийм ач холбогдолтой юм бол гэсэн бодол хэнд ч төрж мэднэ. Тэгвэл энэ бол үндсэндээ манай улс НҮБ-ын өмнө тайлангаа тавьж байгаа хэрэг юм байна. Аливаа улс орон өөрийн орныхоо тухай тайланг янз бүрээр л гаргаж өгдөг биз. Харин манай орны хувьд хэрхэн яаж тайлагнаж байгааг албан ёсоор гаргасан баримт бичгээс нь харж өгүүлье.  
Уг илтгэлийн эхэнд шинэ мянганд ядуурлыг бууруулах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг дэмжиж, дэлхийн улс орнууд өөрийн улс орны Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явц байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгсөн тайлан, илтгэлээ НҮБ-ын Ерөнхий Ассемблейд танилцуулдаг уламжлалын дагуу Монгол Улс Үндэсний гурав дахь илтгэлээ боловсруулж бэлэн болголоо гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт үгийг бичсэн байна.

Монгол Улсад Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх төлөвлөлтийг зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдсан нь хамгийн чухал ололт байлаа гэж энэ илтгэлд дурдсан бөгөөд энэ удаагийн илтгэлийг үндсэндээ энэ хорооноос боловсруулан бэлтгэжээ. Илтгэлийг бэлтгэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харвал салбар бүрээс хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс оролцсон байна. Өөрөөр хэлбэл тэд нар салбарын бодлого, нарийн тоо баримтыг нэг бүрчлэн мэдэх хүмүүс гэсэн үг. Иймд энэ удаагийн илтгэл нь Монгол орны өнөөгийн дүр төрхийг хамгийн бодитой илэрхийлсэн бичил нэвтэрхий толь байх учиртай. Ийм толь бичгийг нарийн  тодорхой шалгуураар л боловсруулж гаргах нь мэдээж.  
Монгол Улсын Мянганы зорилтын хэрэгжилтийг УИХ-ын тогтоолоор баталсан 67 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлэн дүгнэж, түүнчлэн сонгож авсан 12 шалгуур үзүүлэлтийг 2000 оны Хүн ам, орон сууцны тооллого болон 2002-2003 оны Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаанд үндэслэн Ядуурлын зураглалын аргачлалын дагуу аймаг, сумын түвшинд тооцож гаргажээ.

Үндэсний гурав дахь илтгэл нь 5 бүлгээс бүрдэж байна. Эхний бүлэгт Мянганы хөгжлийн үндэсний зорилго, зорилт тус бүрийн хэрэгжилтийн төлөв байдал, хандлагыг 2007-2008 оны статистик тоо, мэдээлэл болон бүсийн түвшнээр тодорхойлон гаргаж, 2015 оны зорилтуудыг хангахад чиглэсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр, төслүүдийн талаар танилцуулж, тулгарч байгаа сорилт, цаашид шийдвэрлэх асуудлыг багцлан авч үзсэн байна. Хоёрдугаар бүлэгт МХЗ-ууд болон хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого төлөвлөлт, санхүүжилтийн уялдаа холбоо, гуравдугаар бүлэгт МХЗ-уудын орон нутгийн түвшний хэрэгжилтийн байдал, сурталчилгаа, олон нийтийн оролцоо, дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын ядуурлын зураглал, тавдугаар бүлэгт МХЗ-уудын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг тусгажээ.

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нөлөөлж, 2008 онд эдийн засгийн өсөлт өмнөх оноос 1.3 нэгжээр буурч 8.9 хувь болж. Ялангуяа, санхүү, эдийн засгийн хямрал 2008 оны дунд үеэс эхлэн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн байна.  Ялангуяа хүнсний зарим бүтээгдэхүүн, газрын тосны үнэ 2007-2008 онд ихээхэн нэмэгдсэн нь орлого багатай иргэдэд хүндээр тусч ядуурлын түвшинг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Инфляцийн түвшин 2007 онд 15.1 хувь, 2008 онд 22.1 хувь болж өссөн байна. Ингэснээр ядуурлын хэмжээ бодитой буураагүй, ажилгүйдэл өсөх хандлагатай болж, эдийн засгийн тэнцвэрт байдалд таагүй нөлөө үзүүлэх болов.

Үүнээс болж зарим зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, ажиллах шаардлагатай болж байна.

2015 онд ядуурлын түвшинг 18 хувьд хүргэх буюу “Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд хоёр дахин бууруулах” гэх зорилтыг биелүүлэхийн тулд “гайхамшиг”- ийг хүлээхээс өөр аргагүй болов. Монгол Улсад ядуурлын түвшин сүүлийн 14 жилийн хугацаанд дөнгөж 1.1 нэгжээр буурсан бөгөөд үлдэж байгаа хугацаанд амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн тоог 2 дахин бууруулах зорилтод хүрэхэд багагүй бэрхшээл учрахаар байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байгаа боловч, ядуурлыг бууруулахад дорвитой нөлөөлж чадахгүй байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2007-2008 оны судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсад ядуурлын түвшин 35.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 930.0 гаруй мянган хүн ядууралд өртсөн болон 100 хүн тутмын 35 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна.

Ядуурлыг бууруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ өрх, иргэдийн онцлог, хэрэгцээ, чадавхийг сайтар харгалзаж үзээгүй, өрхийг нэг бүлэг, нэгж байдлаар авч үзэж үйл ажиллагааг чиглүүлээгүй, өрхийн гишүүдийг салган, тусад нь хамруулж ирсэн нь хөрөнгө, хүч нөөцийг тарамдуулах, хугацаа алдах зэргээр үр дүн багатай болоход хүргэсэн байна. Дүгнэлтэнд дээрхи зорилтыг магадлал багатай бөгөөд хэрэгжилтийг хангахад 13,7 жил шаардлагатай гэж үзжээ.Мөн тус илтгэлийн Бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших, Жендерийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, Байгаль орчны тогтвортой байдлыг хангах гэсэн зорилгууд 2015 онд багтан биелэхэд магадлал багатай гэх үнэлгээ авсан аж.

Харин Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд дөрөв дахин бууруулах, Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, Сүрьеэ өвчний тархалтыг бууруулах зэрэг зорилтууд нь биелэх боломжтой гэсэн үнэлгээ авсан байна. 

Уг илтгэлийг нийтэд нь авч үзэн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаанд хандлагын шинжилгээ, үнэлгээний аргачлалаар тооцоход нийт 9 зорилгын 6 зорилго буюу 66.7 хувь нь өнөөгийн хандлага цааш нь үргэлжилнэ гэж үзвэл 2015 он гэхэд хэрэгжих боломжтой байна. Түүнчлэн 24 зорилтын 16 зорилт нь өнөөгийн хандлага цааш нь үргэлжилнэ гэж үзвэл 2015 он гэхэд хэрэгжих боломжтой. Үүнд зорилтын хэрэгжилт 66.6 хувьтай байгаа. Мөн нийт 67 үзүүлэлтийн 35 үзүүлэлт нь өнөөгийн хандлага цааш нь үргэлжилнэ гэж үзвэл 2015 он гэхэд хэрэгжих боломжтой байна. Харин 14 үзүүлэлтийн 2015 онд хүрэх түвшин тодорхойлоогүй байгаа тул хасаж тооцвол үзүүлэлтийн хэрэгжилт 66.0 хувьтай байна гэж илтгэлд дурджээ.

Үнэндээ эрүүл мэндийн салбарын өмнө тавигдсан Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүд НҮБ-ын МХЗ батлагдахаас өмнө аль эрт биелэгдчихээд байгаа болохоор бид үүнийг зорилтын хүрээнд хийчихсэн ажил гээд тайландаа оруулах нь хэр зохистой юм бол доо. Хэрэв энэ үзүүлэлтийг хасч тооцвол манай тайлангийн үзүүлэлт 30 хувиас ч доош орж мэднэ. Энэ 30 хувь бол ажил хийсэн гэсэн үзүүлэлт огт биш. 17 жилд ядуурлыг 1 хувь бууруулчихаад одоо үлдэж байгаа 7 жилд 17 хувиар багасгана гэдэг юу л бол. Ингээд бодохоор манай эрх баригчид тоо баримттай сайхан тайлан бичиж сурчээ. Харин бодит ажил хийхэд ихээхэн дутагдалтай байгааг энэ тайлан харуулж байна.

Тайланг янз бүрийн хүсэл зорилгоор бичиж болно. Энэ удаагийн тайланг бид МХЗ-ыг бүрэн биедүүлж чадахгүй байна шүү гэдгийг эртнээс сануулсан илтгэл болжээ гэвэл хэтрүүлэг болохгүй.  

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж