Чингэлгүүд хаалгаа барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Чингэлгүүд хаалгаа барьжээ

Орост найтаахад Монголд ханиад хүрдэг гэсэн үг бий. Үүнийг баталсан явдал ойрын өдрүүдэд болж байна. Учир нь Оросын Холбооны Улсын (ОХУ) Ерөнхий сайд Владимир Путин түр хугацаагаар улаан буудайн экспортонд хориг тавьж байгаа талаар энэ сарын 5-ны өдөр мэдэгдсэн юм. Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс хөдөө аж ахуйн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” тогтоолыг гаргаж, энэ оны наймдугаар сарын 15-наас  энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд улаан буудай ба меслин /хөх тариатай буудай/,  арвай, хөх тариа, эрдэнэ шиш, буудайн гурил ба буудай хөх тариан гурил зэрэг бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортонд гаргахыг хориглосон юм.  Энэ нь тус улсад сүүлийн хэдэн арван жил тохиолдоогүй ган болж байгаагаас 2010 онд Оросын улаан буудайн ургац 20-26 хувиар буурч, 72-78 сая тонныг хурааж авах төлөвтэй байгаатай холбоотой албаны эх сурвалж мэдээлж байгаа. 

Гэтэл энэ шийдвэр монголчуудын халаасанд шууд хуруу дүрсэнтэй адилхан сонсогдоно.  Учир нь Монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн  бол мах, гурил. Өнгөрсөн өвөл зуд турханд мал сүргээ их хэмжээгээр хорогдуулсан манайхан дээр нь гурилын хомсдолд орж бас нэгэн үнийн хөөрөгдөлд нэрвэгдэх нь тодорхой боллоо.  Уг нь зуны дэлгэр цаг ирж, мал махны үнэ бага хэмжээгээр буурч байсан ч ийнхүү ОХУ-ын улаан буудайн экспортын хоригоос болж ахиад л бухимдал үүсэх нь. Ядахад манай томоохон зах, худалдааны төвүүд шуудай гурилынхаа үнийг 3500-6000 төгрөгөөр нэмж орхилоо. Гэтэл дээр нь бүүр гурил будаагаа зарахгүй, лангуу тавиураа ч нээхгүй байгаа талаар гомдол гарах боллоо.

Энэ талаар тодруулахаар Олон улсын худалдааны төв “Нарантуул” захыг зорин очиход гурил будаа зардаг тасагт худалдан авагчид  худалдагчаас гурилын үнэ сонссон даруй зог тусан гайхаж байгаа нь харагдав.  Учир нь тус захад худалдаж буй гурилын үнэ өнгөрөгч баасан гаригт заржж байснаас даруй 3500-5000 төгрөгөөр нэмэгдсэн аж.

Худалдагчдын хэлж байгаагаар сүүлийн өдрүүдэд гурилын үнэ 2-3 мянган төгрөгөөр бага багаар нэмэгдсэн үнээр ирдэг болсон гэнэ. Тухайлбал, хагас сарын өмнө 50 кг-тай “Цесна” нэртэй орос гурилыг 29 мянган төгрөгөөр худалддаг байсан бол одоо 37 мянгаар худалдаж байгаа ажээ. Тэрээр “Бид “Нарантуул” захын зүүн талын өргөтгөлд байрлах гурилын чингэлэгээс гурилаа авдаг. Бидний хувьд нэг мянган төгрөг нэмээд 37 мянгаар зарж байгаа. Харин үндэсний үйлдвэрлэгч болох “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Атар гурил”  зэрэгт 500 төгрөг л нэмж зардаг. “Алтан тариа”-н 25 кг-тай гурил 13.500 төгрөг байсан бол одоо 16 мянга, “Атар гурил”-ын 25 кг-тай гурил 10 мянга байсан бол одоо 14 мянга, “Улаанбаатар гурил” ”-ын 25 кг-тай гурил 10 мянга 500 төгрөг байсан бол одоо 15 мянгаар худалдаж байна. Худалдаа хийж байгаа бидний хувьд ахиу үнээр зарах нь мэдээж ашигтай байлгүй л яахав, гэхдээ бид ч гэсэн хэрэглэгч гэдэг утгаараа гурилын үнэ дагаад бүх л юмны үнэ өсөх байх даа гэж бодоход хэцүү л байна. Харин гурилын үнэ яагаад нэмэгдэж байгааг мэдэхгүй, захын өргөтгөлд бөөний гурил зардаг худагдагчаас асуу” гэсэн хариулт өглөө. Иргэд энэ үеэр одоо нэмэгдэж байгаа бол хойшдоо нэмэгдэнэ гэсэн үг хэмээн өөрт байгаа мөнгөндөө тааруулан гурилыг худалдан авч байлаа.

Тус захын өргөтгөлд очиход “Алтантариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК зэрэг байгууллагын гэрээт борлуулагчид цөм хаалгаа хаасан байх агаад тэр хавийн худалдаачдын хэлж байгаагаар өнгөрөгч баасан гаригаас хойш онгойгоогүй гэнэ. Энэ үеэр гурил будаа бөөний үнээр худалдаалдаг чингэлэгийн эзэдтэй уулзахад “Баасан гаригийн үдээс өмнө гэрээт борлуулагч нараас гурил авахад зүгээр байсан. Үдээс хойш дахин “Алтан тариа” ХХК-аас гурил авахаар очиход “Одоо худалдаа хийхгүй. ОХУ экспортоо зогсоосон болохоор үндэсний компаниуд гурилын үнээ нэмж байгаа. Ирэх долоо хоногт гурилын үнэ нэмэгдэнэ. Тэр үед аваарай. Тэгээд ч манайх байгууллагаараа амралтанд явах гэж байна.” гэсэн юм. Бид тэднээс гурилын хэр зэрэг нэмэгдэх үнийн багцааг судалж, гурилын үнийг нэмсэн. Бид өөрсөддөө ашиг болгож 1000-1500 төгрөг л нэмлээ. Уг нь өнөө жил монгол улс хангалттай үр тариа хурааж авна, нөөц ч хангалттай байгаа гэж  албаны хүмүүс хэлж байсан. Гэхдээ цөөн хэдхэн компани гурилын үнийг тогтоож байгаа нь үнийн хөөрөгдөлд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Өмнө нь Дархан, Сэлэнгэ зэрэг аймгийн гурил үйлдвэрлэдэг компаниудаас  гурил нийлүүлдэг байхад  гурилын үнэ тогтвортой байдаг байсан. Гэтэл одоо “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Атар гурил” зэрэг компаниуд гол нийлүүлэгчид болж, жижиг үйлдвэрлэгчид гурил нийүүлэхээ больсон. ОХУ –ын экспортын гурилын хувьд үнийг тодорхой хэмжээгээр баридаг байсан нь ч худалдан авагчид голдуу дотоодын үйлдвэрийн гурил их авдаг байсан. Харин гурилын үнэ нэмэгдэж байгаа сургаар  худалдан авах нь эрс нэмэгдэж байна.  Орос гурилын нөөц угаасаа бага байгаа. Энэ үнээрээ л зараад дуусгана, харин дотоодын гурил ямар үнэтэй болохыг дээрх гурван компани л мэдэх байх даа гэлээ.

Өнгөрөгч баасан гаригаас дотоодын гурил нийлүүлэгч компаниуд худалдаагаа түр хугацаагаа зогсоож, “Барс” худалдааны төв, “Бөмбөгөр” зах зэрэгт байрлах гэрээт худалдааны төвүүд хаалгаа барижээ. Мөн дээрх захуудад  гурилын худалдаачид гурилаа зарахгүй гэдгээ мэдэгдэж,  орос гуриландаа 10 мянган төгрөг, монгол гуриландаа 5000 төгрөг нэмж зарна гэдгээ хэлж иргэдийг бухимдуулж байгаа аж. Харин бусад захын худалдаачид гурилын үнийг дотоодын үйлдвэрлэгчид  3500-5000 –аар л нэмэх болов уу гэж тооцоолон худалдаа хийж байна.

ХХААХҮЯ-ны мэдээлж байгаагаар одоогийн байдлаар манай улсын ургацын түвшин санаа зовох хэмжээнд хүрээгүй байгаа аж. Манай улс гурав, дөрвөн жилийн өмнө  70-80 мянган га-д газар тариалан эрхэлж байсан бол өнөөдөр 600 гаруй га-ийн эргэлтийн талбайтай болж, жилдээ 250-280 мянган га-д тариалдаг болсон байна. Түүнчлэн жил ирэх бүр экспортын гурил, буудай гадаадаас оруулж ирэх нь багасч байна. 2011 онд Монгол улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа. Гэвч дотоодын  гурилын компаниуд ОХУ-ын гаргасан хоригийг овжноор ашиглаж гурилын үнээ нэмж байгааг буруутгахаас өөр аргагүй. Энэ талаар дээрх байгууллагуудтай утсаар холбогдох гэсэн боловч амралтын өдөр болоод тэгсэн үү аль эсвэл үнэ нэмэх баяраа тэмдэглэх гэсэн үү хариулт өгөх нэг ч хүн олдсонгүй.

Хэрэглэгч хаан гэсэн уриа ард түмэнд биш үнэ тогтоогчдод л үйлчилж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Хэдийгээр зах зээлийн хуулиар бараа бүтээгдэхүүний үнийг тогтооход төр оролцохгүй гэдэг ч ард түмний хүнсний гол хэрэглээ болсон мах, гурилын үнэд  хяналт тавих нь хуулиар тогтоогдсон эрх билээ. Ядахад  гэнэт гарч ирээд сүр дуулиантай сенсаац дэгдээдэг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”, “Хэрэглэгчидийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” зэрэг  байгууллагууд одоо л ажлаа хийгээсэй. 

Өнгөрсөн хавар нэмэгдсэн махны үнэ нь нийт инфляцийн 36 хувиийг эзэлж байсан тухай статистикчид хэлж байсан. Цагаа тулвал хүн махнаасаа илүү гурил их хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ. Ингээд бодохоор гурилын үнийн өсөлт нийт инфляцийн 50 хувийг ч бүрдүүлж мэдэх нь байна шүү. Одоо мах ч яамай, гурил л битгий нэмэгдээсэй хэмээн залбиръя 

 

П.Нарандэлгэр

 

Эдийн засаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж