Деку Бразил руугаа буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Деку Бразил руугаа буцлаа

Португаль улсыг төлөөлөн олон тэмцээн, уралдаанд оролцож явсан Деку Бразилийн “Флуминенсе” клубт тоглохоор гэрээ байгуулж, төрөлх нутгийнхаа ногоон талбайд үлдсэн карьераа өнгөрүүлэх болсон тухай Бразилийн клубын удирдлага мэдэгдлээ. Өдгөө 32 настай хагас хамгаалагч Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын аварга “Челси”-г орхиж, ирэх даваа гаригт хоёр жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон талаар “Флуминенсе” албан ёсоор мэдэгдсэн байна.

Португалийн шигшээ багийн хамт хоёр ч дэлхийн аваргад оролцсон Декугийн амжилт сүүлийн үед буурч, өнгөрсөн улиралд “Челси”-гийн хамт ердөө 14 удаа л гараанд гарч тоглосон юм. Мөн саяхан болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португалийн шигшээ хасагдах шатанд өрсөлдөх хүртэл тэрбээр ердөө ганцхан тоглолтод оролцсон билээ.

Деку Бразилийн Сан Паулу мужийн Сан Бернарду-ду-Кампу хотноо төрж өссөн бөгөөд “Порто” болон “Барселона”-гийн бүрэлдэхүүнд багтаж, Аваргуудын лигийн аваргын цомыг хоёр удаа өргөж байв. Спортын замналаа Бразилийн “Коринтианс” клубээс эхлүүлсэн тэрбээр 1997 онд Португалийн “Бенфика” клубт элссэн бөгөөд Португалийн нэрийн өмнөөс 70 гаруй тоглолтод оролцжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж