Уулын дугуйчид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Уулын дугуйчид Монголд ирлээ

Ази тивд, тэр тусмаа Монгол улсад анх удаа зохион байгуулж буй “Mongolia Bike Challenge 2010” уулын бартаат замын Олон улсын уралдааны нээлтийн ажиллагаа өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайда боллоо. Монголын аялал, жуулчлалын тур оператор “Монголиа Экспедишнс” ХХК, Италийн “Прогета Авентура Ивэнти” (Progetto Avventura Eventi) компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбоо, Биеийн тамир, спортын газрын хамтран зохион байгуулж буй уралдаанд Монгол, АНУ, Итали, Испани, Герман, Польш, Швецари, Австри, Австрали, Чех, Хонгконг, Белги зэрэг нийт 11 орны 94 тамирчин оролцох юм. Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж буй энэхүү уралдаан нь уулын дугуйн спортыг хөгжүүлэх, цаашид тус тэмцээнийг уламжлал болгон дугуйн олон улсын нэр хүндтэй тэмцээн болгон өргөжүүлэхэд том ач холбогдолтой билээ.
Уралдааны нээлтэд дэлхийн шилдэг тамирчдаар удирдуулсан орон орны дугуйчид, гадны хэвлэл, мэдээллийн байгуулагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Уралдааныг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх үг хэлсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, нийслэлийн БТСГ-ын дарга Ж.Ганболд нар оролцож, тамирчдад амжилт хүсэн, тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүсэв.

“Mongolia Bike Challenge 2010” уулын бартаат замын Олон улсын уралдаан нь Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай – нийт таван аймгийн нутгаар элсэн манхан, өндөр уулс, цавчим хад, өргөн гол ус, уудам тал, ой мод хосолсон байгалийн үзэсгэлэнтэй, басхүү бартаатай газар орноор аагим халуун, аадар бороо, асгарах мөндөр, уулын хүчтэй салхи гээд цаг агаарын эрс тэс нөхцөлд 10 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт 10 гараагаар 1400 км газрыг уулын дугуйгаар туулах ба уралдааны ялагчдыг зургаан насны ангилалд тодруулах юм. Олон улсын нэр хүндтэй энэхүү уралдааныг гадаадын олон байгууллага, компаниуд ивээн тэтгэж байгаа бөгөөд Монгол улсаас “Бодь Даатгал” ХХК ивээн тэтгэж байгаа бол уралдааны үйл явцыг олон улсын телевизүүд болон Монголын талаас C1, NTV телевизүүд газар дээрээс нь шууд дамжуулан нэвтрүүлэхээс гадна манай NEWS.mn сайт шуурхай мэдээллийг уншигчдад хүргэж байх болно. Уралдааны шагналын сан нийт 15000 евро бөгөөд уралдааны өдрийн гараа бүрээр тухайн гарааны ялагчийг тодруулж шагнал гардуулахаас гадна уралдааны ерөнхий ялагч нэг тамирчин 5000 еврогийн үнийн дүн бүхий уралдааны тэмдэг болсон “Алтан Цом”-ыг эзэмших юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mongoliabikechallenge.com сайтаас авч болно.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж