Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ажиллахдаа Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган тус ангийг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал  Ц.Бямбажав Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа Ерөнхий сайд С.Батболд одонг 123 дугаар ангийн Байлдааны туганд зүүж өгөв. Тэрбээр офицер, цэрэг дайчдад баяр хүргээд эх орноо хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүслээ. Цэргийн гавъяаны улаан тугийн одон хүлээн авах ёслолын дараа 123 дугаар ангийн цэрэг дайчид Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлэн ёслолын жагсаал хийлээ.  Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 1922 онд байгуулагдсан. Ардын Хатанбаатар Магсаржав баруун хязгаарыг төвхнүүлээд буцахдаа 300 цэрэг үлдээсэн нь хожим Ховдын хороо гэж түүхэнд алдаршсан энэ ангийн суурь нь болсон юм. Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ийнхүү ажилласны дараа Говь-Алтай аймгийг зорилоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж