
-Сая та Парисаас ирээд таван ном хэвлүүлжээ. Ямар номууд вэ?
-Уг нь 15 ном хэвлүүлэхэд бэлэн болгоод ирсэн юм. Гэвч тавыг нь хэвлүүллээ. Бусдыг нь амжсангүй. "Гурвалжин аялгуу", "Шүүдрийн гилбэлгээн", франц хэл дээр "Rayons de la Lune bleue" нэртэй яруу найргийн ном, мөн монгол хэл сурч байгаа франц оюутнууддаа болон монгол хэл сурах сонирхолтой гадаадынханд зориулсан "Монгол хэлний сурах бичиг", бас монголч эрдэмтэн Жак Леграндтын зохиосон, миний редакторлосон "Монгол- франц идэвхтэй үгийн толь" гэсэн ийм таван ном хэвлүүлчихээд буцах гэж байна. "Гурвалжин аялгуу" маань афоризм маягийн, "Шүүдрийн гилбэлгээн" маань голдуу рондо, хайку маягийн шүлгүүдтэй ном доо. "Шүүдрийн гилбэлгээн" номыг маань Ядамсүрэнгийн Баяраа гэдэг залуу редакторлалаа. Тэр залуу нэлээд бүтээлч хандаж ариутган шүүсэн шүү. "Гурвалжин аялгуу"-г Ч.Мөнхбаяр ариутган шүүж, манай Д.Галбаатар доктор өмнөх үгийг нь бичсэн юм. Гадаадынханд зориулсан Монгол хэлний сурах бичиг болон франц хэлээр гаргасан шүлгийн номыг маань одоо ажиллаж байгаа сургуулийн маань ерөнхийлөгч, эрдэмтэн доктор, монгол судлаач Жак Легранд редакторласан юм.
-Нөгөө арван ном тань ямар ном бэ. Яагаад хэвлүүлж амжсангүй вэ?
-Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын оргил бүтээл болсон арван боть ном. Өтгөс буурал гүүшүүдийнхээ монголчилсон болон өдгөөгийн сайн орчуулагчдын эх хэлээрээ туурвин буулгасан эдгээр зохиолыг дахин дахин нягталж редакторлан хэвлэлд бэлтгээд авчирсан юм. БСШУЯ-ныхантай уулзлаа, ярилцаж үзлээ. Уг нь энэ яамныхан хүүхэд багачуудын уран зохиолын боловсролыг өндөр түвшинд хүргэхэд нэн тустай эл үйлсийг дэмжээд төсөл болгоод хэвлүүлчих байх, тэгвэл Монголын маань бяцхан үрст хэрэгтэй юмсан гэж би бодсон юм. Гэвч тэд нэг их тоож үзсэнгүй. Өмнө нь би Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэгдсэн "Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган" 50 ботийн ажлын хэсгийг ахалж байсан. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн, нүсэр ажил болсон доо. Манай нэрт орчуулагчид, тэр тусмаа редактороор нь ажилласан Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар их ч цагаа зориулж, их ч сэтгэл гаргаж ажилласан. Дэлхийн сонгодог зохиолын тухайд миний дараагийн зорьсон ажил энэ арван боть ном байлаа. Сүүлд л хөөцөлдөж хэвлүүлэхээс дээ. Ерөнхий сайдад хүсэлт гаргана гэж бодож байгаа.
-Ерөнхий сайд уран зохиолыг дэмжинэ гэж та бодож байна уу?
-Миний дээр хэлсэн дэлхийн сонгодог утга зохиолын 50 ботийг бэлтгэхэд С.Батболд сайд бас оролцож байсан юм шүү дээ. Эзопын үлгэрүүдээс орчуулж тэр ботид оруулсан хүн. Тэгэхээр түүнд найдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр С.Батболд Ерөнхий сайд дэлхийн хөгжилтэй орны сургалтын стандартыг оруулж ирж боловсролоо шинэчлэх алхмыг хийх санаачилга гаргасан хүн шүү. Гэвч энэ удаад түүнтэй уулзаж санал солилцох боломж гарсангүй. Энэ арван боть дээр Эм Си Эс- ийн дэд захирал Л.Энх-Амгалан надад боломжийн сайхан санал хэлсэн шүү. Л.Энх-Амгалан өөрөө яруу найрагч, орчуулагч хүн шүү дээ. Одоохондоо зээлээр хэвлүүлээд өгье. Худалдаанд гарсны дараа хэвлэлийн зардлыг нь төлүүлчихье гэж. Тэгээд би хэвлэлийн дизайнертаа номуудаа үлдээгээд буцах санаатай байна.
-БСШУЯ-наас боловсруулж баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн заавал унших ёстой номын жагсаалт оновчгүй, хэтэрхий хуучирсан, хүүхэд тоож уншчихаар ном бараг байдаггүй. Тэр хуучин программыг өөрчлөхөд МЗЭ болон зохиолчид ч юм уу асуудлыг эрүүл нүдээр харж байгаа хүмүүс яагаад нөлөөлж чадахгүй байна вэ?
-Зохиолчид үүнийг зөндөө хэлж ярьж хөөцөлдсөөр ирсэн шүү дээ. Х.Чилаажав, Ц.Буянзаяа эд нар Зохиолчдын хорооны удирдлагад байхдаа энэ асуудлыг яаманд байнга тавьж байсан. Ядаж унших номын жагсаалтыг чинь бид нар гаргаад өгье гэж. Харамсалтай нь хүлээж авдаг хүн БСШУЯ-нд байдаггүй. Тэнд ажилладаг, хариуцдаг хүмүүс нь утга зохиол, урлагийн талаар хангалттай мэдлэггүй, дээрээс нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс, үзэмжээр ханддаг юм шиг санагддаг. Гаднаас ганц нэг багш авчраад хөтөлбөр дээрээ ажиллуулдаг ч шаардлага хангадаггүй. Бүтээлч хүмүүсийн санал санаачилгыг тоож үздэггүй юм билээ. Хойч үеийнхний уран зохиолын боловсролд үзэмжээр хандаж ирсэн энэ хандлага маш хор уршигтай шүү. Энэ бол аюултай зүйл гэж хэлж ч болно.
-Та өмнө нь Ерөнхийлөгчийн дэргэд мөн УИХ-ын дарга нарын дэргэд ажиллаж байхдаа хамтарч ажиллаж байсан тэр хүмүүсээрээ дамжуулан энэ хандлагыг өөрчлөхөд жаахан ч гэсэн нөлөөлж чадсангүй юу?
-Би өмнө нь Л.Энэбиш гуай, Н.Энхбаяр, Ц.Нямдорж гээд сайхан хүмүүсийн дэргэд хувь тавилангаар ч юм уу ажиллаж байлаа. Бид энэ талаар бишгүй санаа зовж ярилцдаг, яамныханд нь хэлж ярьдаг байсаан. Гэхдээ Ерөнхийлөгч ч юм уу, УИХ-ын дарга нэг яамны хийх ажлыг шүүрч аваад хөтөлбөр жагсаалтыг нь боловсруулаад суултай биш дээ. Ухаандаа л нөгөө яамны сайдыг, хариуцсан хүмүүстэй нь бөөнөөр нь төрийн тэргүүн дуудаж аваачаад уулздаг л байсан юм. Та нар минь нэг иймэрхүү ажил хийгээч ээ, наад программ хөтөлбөрөө эрс сайжруулаач гэдэг байсан л юм. Тэд "Тэгье ээ, бид ойлгож байна. Болно болно" гэхээс биш чадахгүй ээ гэж ерөөсөө хэлэхгүй дээ. Тэгээд манай бүх ажил стандартынхаа дагуу явж байгаа гэж тайлбарлана. Ер нь салбар болгонд иймэрхүү л юм болоод байдаг. Тиймээс л удирдлагаас ч, бүтээлч хүмүүсээс ч гарсан сайхан сайхан ажлын саналууд яам хавьцаа очоод бут үсэрчихээд байдаг байхгүй юу. Энэ бүхэн Монголд аль аль шатандаа хариуцлагын тогтолцоо гэдэг юм огт байхгүй болсонтой ч холбоотой л доо. Хэн нь ч хариуцлага хүлээхгүй байх нь нэлээд олон хүнд ашигтай байдаг учраас тэрхүү хариуцлагын тогтолцоог сайжруулах санаачилга хад мөргөчихөөд байдаг гэхэд хилсдэхгүй биз. Өнөөдөр бидний яриад байгаа боловсролын тогтолцооны стандарт, хөтөлбөр, арга барил өөрчлөгдөхгүй хуучнаараа яваад байгаа нь ч дээрхийн л уршиг юм.
-Та сая ирээд БСШУЯ-ны хэн хэнтэй нь уулзав. Ё.Отгонбаяр сайдтай нь уулзав уу, энэ ботиудыг хэвлүүлэхийг дэмжээч гэж хэлж үзэв үү?
-Сайдад хэлж ярьж үзсээн. Нэг их баяр баясгалантай хүлээж авахгүй л байна билээ. Соёл урлагийн газрын дарга Б.Наранзунтай уулзаж бас дуулгасан. "Өө, наад төсөл чинь биднээс давсан асуудал байна. Сайдтай л уулзвал дээр дээ" гэж л байна билээ. Нэг иймэрхүү л юм болох юм.
-Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, арга барил аль аль нь өнөө хэр бас хуучнаараа байдаг юм байна. Сургалтад хэрэглэж байгаа дуу шүлгийн номыг нь хараад маш их санаа зовдог тухайгаа эцэг эхчүүд ярих юм билээ. Хүүхдийн зохиолчийн хувьд та үүнийг анзаардаг уу?
-Би жишээ нь анзаараагүй болоод л "Цэцэрлэгийн сурах бичиг" гэдэг ном хүртэл зохиож гаргаж байх уу даа. Яам нөгөө л стандарт гэдэг юмаа яриад бас тэр ном бүтээлд минь саад хүртэл хийж л байсан. Сайн дурын уран сайханч гэдэг шиг л би гүйж, багш хүний хувьд, хүүхдийн уран бүтээлч хүний хувьд сэтгэл зүрхнийхээ тушаалаар дээрх ажлыг хийсэн хэрэг шүү дээ. Тэднүүсийн хийх ёстой мөртлөө хийхгүй байсан ажлыг л хийсэн хэрэг шүү дээ. Тэр "Цэцэрлэгийн сурах бичиг"- ээ хүн хараас мөнгө зээлэн барин явж урд хэвлүүлж ирээд, өөрөө гүйж түгээж байлаа даа. 40 мянган хувь сурах бичгийг хүүхдүүд, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд хүргэсэн. Одоо тэр сурах бичиг гадуур байхгүй л дээ. Хүүхдийн сэтгэхүйд тохируулах гэж хичээсэн, орчин үеийн шаардлагыг бодож боловсруулсан тийм ном, сурах бичгийг яам манай стандартын дагуу хийгээгүй гэх ухааны юм яриад албан ёсны хэрэглээнд оруулдаггүй юм. Би хэлдэг л дээ, танай стандарт чинь хоцрогдсон байна, орчин цагийн шаардлага хангахгүй байна, хүүхдүүд тоохгүй голоод байна, би өөрийнхөө бодсоноор хийнэ ээ гэж.
Одоо бүр хувилбар сурах бичиг гэдгийг үгүйсгэж ор тас зогсоогоод байгаа юм байна. Яг өнөөдөр шүү дээ. Аймаар байгаа биз. Монголын боловсролын салбар том ухралт хийж байна шүү дээ. Би хувилбар сурах бичиг болгох гэж "Сонирхолтой математик", "Сонирхолтой цагаан толгой", "Сонирхолтой унших бичиг" гэдэг сурах бичгүүд ч зохиож хэвлүүлж, түгээж байлаа. Хэрэглэгч нар, багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд өөрсдөө үзэх сурах бичгээ сонгох ёстой л байхгүй юу. Гэтэл тийм боломжуудыг өнөөдрийн Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яам хаажээ.
"Цагаан толгойн" сурах бичиг гэхэд л хувилбаргүй болохоороо бүүр намайг нэгдүгээр ангид сурагч байх үед зааж байсан задлаг нийлэг авианы аргаар, тэр үеийн сурах бичгийн стандартаар зохиогдсоор байгаа юм. Тэр нь эдүгээгийн манай яамны стандарт шүү дээ. Жишээ нь, тэр стандартаар нь бол хүүхдэд цагаан толгой заахдаа "а" эгшиг дээр "х" гийгүүлэгч нэмээд холбож унш гэнэ. Нөгөө сурагч хүүхэд нь "Ахэ" гэж уншина. Тэгэхлээр нь "ах" гэж уншсангүй хэмээн зэмлээд толгой руу нь няслах жишээтэй. Миний зохиосон "Цагаан толгой" эхлээд а, о, у, э, ө, ү, и үндсэн долоон эгшгээ заагаад дараа нь "ау" гэж холбуулаад, чоно ульж байгаа зураг харуулаад, энэ хоёр эгшиг нийлэхээрээ энэ араатны улих авиаг илэрхийлсэн нэгэн утгыг, бас "уа" гэж холбуулаад уйлж байгаа нялх хүүхдийн зураг харуулаад, энэ хоёр эгшиг нийлэхээрээ бяцхан жаалын уйлах авиаг илэрхийлсэн утга гаргаж байгааг ойлгуулах жишээтэй. Улмаар нөгөө долоон эгшиг дээрээ "Р" гийгүүлэгч залгуулж, "ар, эр, ир, ор, ур, өр, үр" гэж уншуулах, эдгээр үгийн утгыг таниулах жишээтэй бүтээгдсэн юм л даа. Ийм арга барилаар заахад хүүхэд амархаан уншаад сурчихдаг. Гурван настай хүүхэд энэ номоор, энэ аргаар уншиж сурчихаад монгол теливизийн нэвтрүүлгээр орж, уншиж тайлбарлаж байсныг хүмүүс мэдэх л байх. Хоёр үсэг холбоод утга гаргаад, үг гэдэг юмыг авианы үсгээр ийнхүү илэрхийлдгийг ухааруулаад өгөхөөр хүүхэд өөрөө л ухамсартайгаар цаашаа уншиж сураад явчихдаг юм. Тэр "Цагаан толгой"- г зохиосноосоо хойш би үе үеийн боловсролын сайд, сургалт хариуцсан хүмүүст хангалттай тайлбарлаж өгсөн. Залхууг нь хүртэл тайлбарлаж өгсөн. Ерөөсөө хэн нь ч анхаарал талбин хүлээж аваагүй юм даа. Тэдэнд тэгж тайлбарлахад тосон дээр ус асгачихаар нэг хачин юм бөмбөрөөд мөнгөн ус шиг мэлтрээд яваад өгдөг шиг л юм болж өнгөрдөг юм. Сүүлдээ ч би өөрөө бас тайлбарлахаасаа залхчихдаг юм. Залхаад "За, дэмий хэдэн үг тэр сайдын ширээний хөлний дэргэд хаячихаад ирлээ дээ, ингэж цагаа үрж байхаар өөр юмаа хийж байдаг байж" гэж бодоод үлдэнэ шүү дээ. Би чинь багш хүн шүү дээ. Бүх л шатанд багшилж үзлээ. Aнхан шатны бага сургууль, дунд сургууль, Их сургууль,ТМС гээд багшлаагүй сургууль байхгүй.
-Ингэхэд та Францад хэдэн жил багшилчихав?
-Таван жил.
-Оюутнууд тань монгол хэлийг хэр сурч байна?
-Анх намайг очиход хоёрхон оюутантай байсан. Харин одоо гуч орчим оюутан Парисын Дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургуулийн монгол хэлний ангид сурч байна. Тэнд одоо Ш.Төмөрбаатар багш бид хоёр ажиллаж байгаа. Бидний ажил гайгүй байгаа болоод л оюутны тоо нэмэгдээд байгаа байх гэж би бодож байгаа шүү. Тэгээд тэр оюутнууддаа зориулсан "Монгол хэл сурах бичиг" зохиож энэ амралтаараа ирж хэвлүүлээд буцаж байна даа.Ер нь Франц улс дэлхийн монгол судлалын төв болчихлоо л доо, одоо.
-Та хэзээ буцах гэж байна. Уран бүтээлчид, найзуудтайгаа уулзаж амжив уу?
-Ирээд овоо хэдэн дуу ч хийлээ. Овоо хэдэн найзтайгаа ч уулзлаа. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзлаа. Ярилаа. До. Цэнджав, Л.Өлзийтөгс, Г. Аюурзана, Б. Галсансүх, Ц. Буянзаяа гээд ойлголцдог хэдэн яруу найрагчидтайгаа уулзлаа. Балжирын Догмидтойгоо уулзлаа. Баахан ярьж суув. Тэднийхээ шинэ бүтээлүүдийг нь гардаж авлаа. Номоо солилцлоо. Өөрснийх нь уран бүтээл ч их сайхан арвин байгаа юм байна. Лхагвасүрэнтэйгээ утсаар яриад, "Би их завгүй явнаа, хоёулаа номоо солилцоод өнгөрвөл яасан юм, чи ч ажил ихтэй байгаа байх" гэсэн чинь "Чи бид хоёр арван тавхан минут яриад суучих заяагүй гэж үү" гэж байна. Тэгээд цаг тохирчихоод " За чи мартчив аа, маргааш 11.00 цагт шүү гэсэн чинь Лхагвасүрэн "Мартахгүй ээ. Миний толгой одоохондоо бөгснөөсөө илүү сайн ажиллаж байгаа" гэж байна. Манайхан чинь их адармаатай уран ярьдаг, цэлмэг сэтгэдэг улс шүү дээ. Найз нартайгаа уулзаад ярьж байхад, бид чинь бас л энэ эх орныхоо төлөө, түмэн олныхоо төлөө дандаа л зүрх сэтгэлээ зовоож байдаг учраас хэнбэ гуайн ч aнхаарч бодмоор ухаалаг сайхан юм их ярьж байна аа. Ер нь манай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров шиг, Б.Шарав шиг, энэ Бавуугийн Лхагвасүрэн шиг, Балжирын Догмид шиг, Галсан багш шиг, Долгорын Нямаа гуай шиг, Г. Аюурзана шиг, сүүлийн үеийн манай сэргэлэн залуу яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид шиг ийм далай оюунт хүмүүсийнхээ үгийг төр засаг их сонсож байгаасай гэж би боддог юм. Ийм оюунлаг хүмүүсийг Ерөнхийлөгчийн дэргэдэх, Ерөнхий сайдын дэргэдэх ч юм уу нэг тийм цэцдийн зөвлөл байгуулаад, оролцуулаад айлдвар үгийг нь сонсож байх хэрэгтэй юм шиг л санагдах юм. Агуу санаанууд эд нараас их гарна шүү дээ. Тийм билэгтнүүдийнхээ айлдварыг тухайлан сонсдог улс орнууд ч байдаг. Суут Чингэс хаан ч гэсэн тийм билигт хүмүүсээ нэгтгээд aйлдвар үгийг нь сонсдог байсан л юм билээ шүү дээ.
Зохиогчийн эрх "Өдрийн сонин"
Н.ПАГМА