Хөхнуур мужийн хүүхдүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Хөхнуур мужийн хүүхдүүдтэй уулзав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-ын Хөхнуур мужийн Түвд үндэстний өөртөө засах Юйшу тойргийн хүүхдүүдтэй уулзлаа. Найрамдал зусланд амарч байгаа тэдгээр хүүхдүүд ойр дотно хүлээн авсан Монгол хүүхдүүд болон Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлээд, байгалын үзэсгэлэнт Монгол оронд ирээд олон найз нөхөдтөй болсон, их зүйл мэдэж сурж байгаадаа баяртай байгаагаа хуваалцав. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөхнуур мужийн 60 хүүхэд энэ өдрүүдэд Монголд амарч байгаа аж.

Сайд Г.Занданшатар Засгийн газрын урилгыг хүлээн авч манай улсад амрахаар ирсэн БНХАУ-ын Хөхнуур мужийн Түвд үндэстний өөртөө засах Юйшу тойргийн сурагчдад хувиасаа болон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Засгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, манай оронд тавтай морилохыг ерөөв. Мөн тэрээр Хөхнуур мужид болсон байгалийн гамшиг, газар хөдлөлтөд өртөн, хүнд гарз хохирол амссанд туйлын их харамсаж байгааг илэрхийлж  энэ хүнд хэцүү үеийг даван туулж, амьдралын зорилго тэмүүлэлтэйгээр, ирээдүйд итгэлтэйгээр цаашид сурч, хөдөлмөрлөхийг хүсэн ерөөсөн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж