Гейтнер Бушийн эдийн засгийн бодлогыг шүүмжиллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Гейтнер Бушийн эдийн засгийн бодлогыг шүүмжиллээ

Бушийн Засгийн газрын “буруу чиглэсэн” бодлогоос болж, тодруулбал сонгууль болдог жил тэрээр чинээлэг Америкчуудаас авдаг татварыг үгүй болгосон нь  АНУ-ын төсөвт асар их алдагдал үүссэн хэмээн АНУ-ын Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер ярьсан талаар “Reuters” агентлаг дамжууллаа. Энэ оны арваннэгдүгээр сард конгрессын сонгууль болох гэж байгаагийн өмнөхөн Гейтнер төсвийн алдагдал өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэнд Бүгд Найрамдах намынхан Ардчилсан намыг буруутган татварын мөнгийг  компаниудыг аврахад их хэмжээний мөнгө зарцуулсан гэж шүүмжилж байгаагийн хариуд ийнхүү өөрсдийг нь шүүмжилсэн байна.

Бушийн үед орлого ихтэй хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлж байсан нь татварын орлого их хэмжээгээр буурахад нөлөөлсөн бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийн сэргэлтэнд сөргөөр нөлөөлсөн гэж Гейтнер үзсэн байна. “Хүн амын хамгийн өндөр орлоготой  хоёр хувьд ноогдуулдаг татварыг бууруулснаар 700 тэрбум ам.доллар алдсан нь санхүүгийн алдаа болсон. Энэ бол манай эдийн засгийг дангаараа сэргээх зүйл биш хэдий ч манай улсын хувьд алдаж болохоор орлого биш” гэж тэр ярьжээ.

Эдийн засгийн сэргэлт удааширч, ажилгүйдэл Америк даяар 9.5 хувьтай байгаа нь Ерөнхийлөгч Обама болон Капитол Хиллд байгаа Ардчилсан намынхны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд тэд Сенат болон Төлөөлөгчдийн Танхимд олонх байгаа давуу талаа алдаж болзошгүй гэж болгоомжилж байна. 2009 онд АНУ-ын төсвийн алдагдал өмнө байгаагүй 1.41 триллион ам.долларт хүрсэн бөгөөд улам бүр нэмэгдэж байгаа нь олон Америкчуудын сэтгэлийг зовоож байна. “Kaiser Family Foundation” сангийн саяхан хийсэн судалгаагаар оролцогчдын 44 хувь нь сонгуульд ямар санал өгөхөд төсвийн алдагдлын асуудал маш их нөлөөлнө гэж үзсэн байна.

Энэ оны эцэст хугацаа нь дуусах бууруулсан татварын асуудал сүүлийн хэдэн долоо хоногт улам бүр халуун мэтгэлцээн өрнүүлж байна. Ерөнхийлөгч Обама болон Ардчилсан намынхан Америкчуудын 97 хувийг нь бүрдүүлдэг, жилд 200,000 ам.доллараас бага орлоготой хувь хүн буюу 250,000 ам.доллараас бага орлоготой гэр бүлд л нэмэлт орлогын татварын хөнгөлөлт үзүүлэхийг дэмжих байр суурьтай байгаа юм.
Удахгүй АНУ-ын Конгресс энэ асуудлаар шийд гаргах хэрэгтэй болно. Хэрвээ татварын дээд хэмжээг бууруулсныг сунгалгүй, хуучин хэвд нь оруулбал одоо 33, 35 хувь байгаа татвар 36-39.6 хувь болно. Түүнчлэн хувьцааны ноогдол ашгийн татвар одоо 15 хувь байгаа нь нэмэгдэж 40 хувь болох вий хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовж байна.

Дэлхий даяарх хөрөнгө оруулагчид АНУ хэрхэн төсвийн алдагдлаа бууруулахыг анхааралтай ажиглаж байна. Обамагийн Засгийн газар ойрын хугацаанд эдийн засгаа дэмжих бодлого баримтална, харин урт хугацаандаа төсвийн алдагдлаа багасгаж, хяналтанд оруулах болно гэсэн байр суурь баримталж байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд төсвийн алдагдлын талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Обама Сангийн яамандаа даалгасан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж