
Халуун зунаар Хайрхан –Өндөр цасанд хучигдаж, сум орны наадам тасалдахад хүрэв. Уяан дээр хоносон хурдан морьд уралдааны замд гарах тэнхэлгүй бөмбөгнөтөл чичирнэ. Дан дээлтэй гарсан холын гийчид даарч хөрөхийн эрхэнд унаж ирсэн утаат тэргэндээ “тухлацгаана”. Хол ойрын хүмүүс тэдэнд энэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, өвлийн өвгөний бэлэг явуулъя хэмээн даапаална. Үнэндээ энэ цас ч “Тоглоом чинь шоглоом болно доо” гэдгийг л сануулж байгааг хэлэх юун. Хэдхэн хоногийн өмнө 50 хэм хүртэл халж байсан энэ газар шороо одоо 10 хэмээс доош ортол сэрүүснэ гэдэг хэцүү. Улс амьтан бүүхэл ургамал ногоо ч тааваараа байхын аргагүй энэ эрс тэрс нөхцөлд хэн ч юуг ч төлөвлөхийн аргагүй байдалд орж байна. Өвлийг өвөл гэх үү, зуныг зун гэх үү, хэлж мэдэхийн арга алга. Хага ташим тэсгим өвлийн хүйтнийг халуу шатаж, хиншүү ханхалсан энэ аагим халуунтай зэрэгцүүлвэл бараг 100 хэмийн зөрүү гарах биз ээ. Ус 100 хэмд буцалдаг гэвэл бид бараг л буцалсан усанд л амьдарч байна гэвэл хэтрүүлэг болохгүй нь ээ.
Одоо бид яах вэ? Байгал цаг уурын өөрчлөлт эрс тэрс уур амьсгалтай газар нутагт илүү их мэдрэгддэг юм байна. Зөөлөн дулаан, далайн чийглэг амьсгалтай нутагт харьцангуй гайгүй бололтой юм. Манайхан тэртээ тэргүй тэнгэрийн царай харж амьдардаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас шууд хамааралтай болохоор зөвхөн өвлийн бэлтгэл гэлтгүй, үргэлжийн бэлтгэлтэй байж л байгаль цаг агаарын өөрчлөлтийг даван туулах хэрэгтэй боллоо. Одоо бид нар зун намрын зургаан сард найдахын аргагүй болсныг халуун зунаар орсон Хайрхан-Өндөрын цас нотолж байна. Үс ноосыг нь авчихсан өнөөх хэдэн мал маань нэг л өглөө цасанд дарагдчихсан байхад гайхах зүйлгүй болжээ.
Өвлийн бэлтгэл гээд хэдхэн хүнд хамаатай юм шиг хандлагыг өөрчилж, үргэлжийн бэлтгэлтэй байх кампанит ажлыг өрнүүлж хэвшье. Хэнээр ч хэлүүлэлтгүй түлээ, түлшээ бэлтгээд, хашаа хороогоо янзлаад, өвс хандлангаа базаачихдаг эртний сайхан уламжлалаа эргээд нэг саная. Хэзээ байтлаа эртний монголчууд зуд боллоо гээд бусдаас өвс гуйж байсан юм бэ? Нэгдэлжих хөдөлгөөний л уршигаар юм л бол даргын ам харж, тусламж хүсэх сэтгэлгээтэй болсон шүү дээ. Бригадын дарга нь нэгдлийн даргынхаа, нэгдлийн дарга нь аймгийн даргынхаа амыг хардаг. Ингэж цааш цаашилсаар хашаан дахь малаа хаашаа бэлчээхээ ч мэдэхээ байсан малчид олширсноор хариуцлагүйн зуд нүүрлэх болсон билээ. Гэтэл ашгүй 1992 онд нэгдэл тарж, мал хувьд шилжсэн боловч Ардчилсан Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт орсноор мал аж ахуй бие дааж хөгжих үндэс суурийг үгүй хийж орхив. Одоо хувийнхаа малыг төрийн хамгаалалтад даатгачихаад зун намрын зургаан сард нь зугаалж яваа малчид түм бумаараа үржжээ.
Хүний явдлыг төрийн хуулиар зохицуулж болно, байгалийн хуулийг байнгын хөдөлмөрөөр л даван туулах учиртай. Гамшиг осол болохоор л Байнгын онцгой комисс гэх нэг л баян тансаг, буянтай байгууллага гарч ирээд л өч төчнөөнөөр нь өвс тэжээл хуваарилаад л, мөнгө төгрөг цацаад байдаг. Байсхийгээд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс тэдэн зуун сая төгрөг гаргахаар боллоо гээд л тогтоол шийдвэрээ сурталчлаад байдаг. Үүнийгээ маш их арга хэмжээ авч байна гээд хурган дотортой, торгон дээл өмсч, булган малгай духдуулсан дарга нь өвс ачсан өчнөөн машины өмнө цуглаан зохион байгуулж өөрсдийгөө сурталчилна. Хэн гэдэг гишүүн хэчнээн хэмжээний өвсийг өөрийнхөө тойрогт илгээж чадна тэр хэмжээгээр дараагийн сонгуульд ахин сонгогдох магадал өндөрсдөг гэсэн үг хүртэл гараад авчээ. Зарим нэг нь гадаад дотоодын байгууллагад хандаж, өч төчнөөн мянган ам. долларын буцалтгүй тусламжийг тойрогтоо татаж авчрах нь ч бий. Тэр бүхний дотор хэнд ч хэрэг болохооргүй, хугацаа нь дууссан эд зүйлс өчнөөн байдгийг хэлэхэд бас илүүдэхгүй. Хөдөөгийн малчдад тахиа, гахайны махан консерв тусламжаар илгээж байгаа гишүүдийг юу гэж ойлгох вэ?
Өнгөрсөн жилийн зуднаар дүн өвлийн хүйтэнд Засгийн газраас шийдвэр гаргаж хил ойролцоо хөршүүдээсээ өвс тэжээл худалдаж ав гэж аймаг бүрт 500 сая төгрөгийг шилжүүлсэн. Уг нь энэ мөнгийг өвөл биш зун нь аймаг болгонд өгсөн бол хямд төсөр хүчээр өчнөөн их өвс бэлтгээд авчих л байсан байх даа. Үхсэн малын сэг зэмийг устгана гээд бас 3-4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргалаа л гэсэн. Юу болж өнгөрсөн юм, бүү мэд. Ер нь тэгээд өвлийн бэлтгэлийг хангаж байна гээд, өвөлжилт хүндэрч байна гээд, хохиролыг арилгаж байна гээд л Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс жилийн жилд өч төчнөөн тэрбум төгрөг хий дэмий л урсаад байгаа юм биш үү. Хэн ч хянадаггүй, гарын салаагаар урсч байдаг энэ нөөц хөрөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа талаар нэг сайн шалгахад гэмгүй юм шиг санагдана.
Манжийн үед ч монголчууд зуд боллоо гээд нэг хошуунаас нөгөө хошуу руу өвс ачаад жин тээж явсан түүх байхгүй шүү. Үрэлгэн зангаа үгүй хийе гэвэл хот хотонд нь, айл айлд, хүн хүнд нь үргэлжийн бэлтгэлтээ байх уламжлалт арга ухаан, зан заншлийг сэргээхээс ажлаа эхэлье. Хэн сайн ажиллаж байна вэ, түүнд өнөөх барагдашгүй нөөц хөрөнгөнөөсөө харамгүй өгч хэвшье. Тэгвэл ямарч аюул осолд хүн бүр бэлтгэлтэй байж, хохирол бага байх нь ойлгомжтой шүү дээ.
Ирсэн гамшигийг эрчимтэй устгаж, ирэх гамшгаас эгнэгт сэргийлж сурцгаая. Зуны сар шувтарч байгааг сануулж, зугаалж яваа дарга нар минь наашилцгаана уу. Өвөл үрдэг мөнгөө өнөө маргаашгүй өгч, өвс хадлан тэжээлийнхээ ажилд өнөөх хэдээ дайчлах цаг боллоо.
Г.Энхбаатар