Шень Ян: Миний карьер асуудалтай байгаа

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Шень Ян: Миний карьер асуудалтай байгаа

Манай улсад анх удаагаа FIDE-гийн өндөр зэрэглэлийн, шилдэг 12 эмэгтэй шатарчны оролцож буй эмэгтэйчүүдийн гран-при тэмцээн “Их тэнгэр”-т үргэлжилж байгаа билээ. Тус тэмцээний шилдэг 12 оролцогчийн нэг, эмэгтэйчүүдийн их мастер, БНХАУ-ын шатарчин, 21 настай Шень Янтай хийсэн ярилцлага FIDE-гийн гран-при тэмцээний албан ёсны сайтад нийтлэгдсэнийг толилуулж байна.

-Ян, юун түрүүнд өөрийнхөө тухай танилцуулаач?

-Би Нанжинд төрсөн. Харин одоо улсынхаа нийслэл Бээжин хотод амьдарч байгаа. Намайг найман настай байхад аав маань Нанжин хотын шатрын дугуйланд аваачиж, бүртгүүлсэн юм. Тэнд гурван төрлийн шатрын дугуйлан хичээллэдэг байлаа, шатар, хятад шатар бас I-go. Харин бид хоёр ярилцаж байгаад шатрыг сонгосон юм. Манай улсад хятад шатар өргөн дэлгэрсэн ч олон улсын хэмжээнд тийм ч алдартай биш. Одоо би улсынхаа шилдэг сургуулиудын нэг болох Циньхуа их сургуулийн эдийн засаг, менежментийн факультетэд суралцаж байгаа. Хоёрдугаар курсын оюутан.

-Та үндсэн мэргэжлээрээ эдийн засгийг сонгох уу, эсвэл шатар уу?

-Би мэргэжлийн шатарчин болно гэж боддог байлаа. Гэхдээ одоохондоо хичээл сургуульдаа илүү анхаарч байна. Сургуулиа төгссөний дараа эцсийн шийдвэрээ гаргана даа. Хэрэв төвшнөө сайжруулж чадвал шатраа үргэлжлүүлэн тоглох байх.

-Шатар болон бусад зүйлсийн хооронд цаг заваа хэрхэн тааруулдаг вэ?

-Шатар, хичээл сурлага хоёртоо эн тэнцүү л зарцуулдаг.

-Та шатраас өөр юунд сонирхолтой вэ?

-Ном унших, хөгжим сонсох, бас өгүүллэг бичих дуртай. Жаахан байхдаа би хүүхэлдэйн кино зохиодог байлаа. Харин одоо бол өгүүллэг, роман бичих дуртай.

-Хөгжим болон уран зохиолын тал дээр ямар урсгалыг илүү сонирхдог вэ?

-Хөнгөн, сонгодог хөгжимд дуртай. Харин уран зохиолын тал дээр Хятадын зохиолчдын номонд дуртай. Сүүлийн үед байгаль орчны сэдэвтэй ном нэлээд сонирхох болсон.

-Шатрын холбогдолтой уран зохиол уншдаг уу?

-Хааяа л.

-Спортын аль нэг төрлөөр хичээллэдэг үү?

-Заримдаа йогоор хичээллэдэг. Бас усанд сэлэх дуртай, даанч байнга усан спортоор хичээллэх боломжгүй байдаг юм.

-Та мэдээж олон орноор аялж байсан байх. Хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн улс орон нь аль байв?

-Очиж байсан бүх л улс надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Улс орон бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, дахин давтагдашгүй өв соёл, баялаг түүх байдаг.

-Очих гэж байгаа улсынхаа талаар өмнө нь мэдээлэл цуглуулдаг уу?

-Тийм ээ. Заримдаа интернэтээс сонирхдог.

-Ойрын ирээдүйн зорилгоо хуваалцаач.

-Миний гол зорилго шатартай л холбоотой доо. Миний карьер ер нь жаахан асуудалтай байгаа. Хожиж явсан байрлалд би үргэлж тэнэг алдаа гаргадаг юм. Ер нь сүүлийн хэдэн жил энэ байдал давтагдсаар байгаа. Үүнийгээ л залруулна гэж бодож байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж