
баялгийн ашиглалт, хамгаалалтын асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
анхаарлаа хандуулсан. Тэрбээр ашигт малтмалын лиценз, хайгуулын тусгай
зөвшөөрлийг шилжүүлэх, шинээр олгох болон дахин олгох асуудлыг
өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс түр зогсоосон билээ. Харин
тусгай зөвшөөрлийг олгохыг хориглосонтой холбогдуулан хэчнээн компанийн
лицензийг түдгэлзүүлсэн талаар Ашигт малтмалын газрын Геологи, уул
уурхайн кадастрын хэлтсийн статистикийн тасгийн дарга Х.Батбаатараас
тодрууллаа.
-Ерөнхийлөгч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг
түдгэлзүүлэхээс өмнө хайгуулын хэчнээн тусгай зөвшөөрөл олгосон байв?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зогсоосонтой холбогдуулан өнгөрсөн
дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвхөн
хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шинээр авах, олгох үйл
ажиллагааг зогсоосон. Харин бусад үйл ажиллагаагаа хэвийн явуулж
байгаа. Ашиглалтын лицензийн тухай өргөдлийг хүлээн авах, олгох,
шилжүүлэх, барьцаалах, сунгах гэх мэт асуудлыг нээлттэй болгосон.
Тухайн үед буюу дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсын нутаг дэвсгэрийн
24.7 хувьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон
байсан. Үүнийг тоогоор авч үзвэл, 4762 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр
бүртгэгдсэн байсан юм. Үүнээс 1105 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл.
Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж байна. Харин
3657 хайгуулын тусгай зөвшөөрөл байсан.
-Тусгай зөвшөөрлийг хориглосонтой холбогдуулан хэчнээн байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноос хойш ашиглалтын
тусгай зөвшөөрөл авах нь ихэссэн. Ер нь байгууллага, аж ахуйн нэгжүүд
хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглах тал дээр түлхүү ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр 4320
тусгай зөвшөөрөл байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 1105
ашиглалтын тусгай зөвшөөрөл байсан бол 1116 тусгай зөвшөөрөл болж
өссөн. Өнөөдрийн байдлаар, хайгуулын тусгай зөвшөөрөл 3205 байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосонтой холбогдуулан манай
газар хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлөө бууруулах тал дээр нэлээд
ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн хураамжаа хугацаанд нь төлөөгүй,
хайгуулын ажилд тодорхой хэмжээгээр зарцуулах зардлын доод хэмжээг
хангаж байгаа эсэх зэргийг хянан ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар,
452 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
-Хориг тавьсаны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл хэдэн хувиар буурав?
-Урьд нь 24.7 хувьд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй
байсан бол одоо 17.8 хувьд нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс
харахад нэлээд буурсан байгаа юм. Үүнээс 17.5 хувь хайгуулын тусгай
зөвшөөрөл. Хэдийгээр тусгай зөвшөөрлийн тоо багасахад давхар талбайн
хэмжээ асар их багасч байгаа нь сайн боловч улсад орж байгаа орлого
багасах төлөвтэй байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин