Хятадад химийн үйлдвэрүүдээ буруу байршуулсан нь аюул дагуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Хятадад химийн үйлдвэрүүдээ буруу байршуулсан нь аюул дагуулжээ

Хятадын чөлөөлөх армийн цэргийн албан хаагчид өнгөрсөн өдрүүдэд Амар мөрөнд цутгадаг Сунгари голоос хорт бодис агуулсан 7000 торхыг “барих” гэж тун завгүй ажиллажээ. Үүний үр дүнд үерийн уснаас 5000 орчим торхыг барьж, эрэгт гаргасан тухай Хятадын эрх баригчид мэдээлсэн байна. Үерийн ус өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Хятадын Жилин мужийн Жилин хот дахь химийн үйлдвэрийн агуулахыг дайрч, тэнд хадгалагдаж байсан хорт бодистой торхнуудыг авч одсон юм. Гэтэл яг тэр өдөр нь Байгаль орчны сайд Ж.Шэньчиан байгаль орчны бохирдлыг хянах асуудлаар хийсэн тусгай зөвлөгөөн дээр Сунгари гол бохирдож буйг цэгцлэх тухай ярьж байжээ. Голын ус үерийн улмаас химийн бодисоор хордсон нь ноцтой асуудал юм. Гэхдээ үүнд хүргэсэн үндсэн шалт­гаан нь химийн үйлдвэрүүдийг буруу байршуулсантай холбоотой гэж зарим мэргэжилтэн  нөхцөл байдлыг дүгнэсэн байна.

Үерийн ус эргэлдсэн голоос 10 мянга орчим цэргийн албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран голын дагуу 16 газарт байрлаж, торх барих ажил хийжээ. Гэвч голын доод хэсэгт орших Фэнман далангийн аюулгүйн хаалтыг үерийн улмаас нээснээс усны урсгал хурдасч, торхнуудыг барьж авах нь улам хүнд болсон аж. Мөн голд үлдсэн торхнууд уг далангийн ханыг мөргөж, задрах аюул бодитой болсноос тэдгээрийг нэн яаралтай барих хэрэгтэй болжээ.

Хортой бодисоо голд урсгасан хоёр химийн үйлдвэр нь Жилин дэх эдийн засаг, технологийн хөгжлийн тусгай бүсэд байрладаг юм. Голын дээд эх дагуу уг бүсэд хэдэн мянган химийн үйлдвэр байрлаж, тэднийг хүрээлэн суурин газрууд оршдог байна.

“Урсгал ус, хүн ам шигүү суурьшсан нутагт химийн үйлд­вэрүүд маш аюултай. Тэнд осол гарсан тохиолдолд байгаль, эко­логид ноцтой аюул дагуулна” гэж Жилин дэх Нийгмийн ухааны ака­демийн судлаач өгүүлсэн байна.

 Хятадад химийн болон газрын тос  боловсруулах чиглэлийн 7000 гаруй үйлдвэрийн 81 орчим хувь нь томоохон гол мөрөн, суурин газрын дэргэд байрласан тухай 2006 оны тоо, баримт байдаг. Тухайлбал сүүлийн осол гарсан Сунгари голын дагуу нийт 157 үйлдвэр хүнд металл юмуу органик гаралтай бохирдуулагчийг голын усанд цутгадаг байна. Тэдгээрт хром, хар тугалга, кадмий зэрэг нэн хортой бодисын нэгдлүүд багтана. Мөн химийн бодистой торхнууд голд урссан нь анхны ноцтой тохиолдолд биш аж.

Жилин мужид 2005 оны арван­нэгдүгээр сард химийн үйлд­вэр дэлбэрснээс голын дагуу орших Харбин хот орчмын нийт 3.7 сая хүн дөрөв хоногийн хугацаанд ундны усгүй болж байв. Түүнчлэн 2006 оны наймдугаар сард химийн үйлдвэр Сунгарид цутгадаг өөр нэг голд химийн бодисоо хууль бусаар асгаснаас орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд аюул учруулсан аж. Энэ бүх хэргийн дараа Харбин, Жамуси зэрэг томоохон хотууд ундны цэвэр усны өөр эх үүсвэртэй болсон боловч өмнөхтэй адил аюул гэнэт гарч ирэхийг үйгүйсгэх аргагүй юм.

Хятадын эдийн засаг маш түргэн хөгжихийн зэрэгцээ аж үйлдвэрийн газруудыг буруу байршуулснаас экологийн хувьд томоохон эрсдэл дагуулж болохыг мэргэжлийн хү­мүүс бүр 2005 оны үеэд сануулж иржээ. Иймд иргэдийг нүүлгэн шил­жүүлэх шардлагатайг Хятадын бай­галь орчны мэргэжилтнүүд байнга хэлдэг байна.

“Тухайн үйлдвэрийн байрлалыг тогтоохдоо тус нутгийнх нь байгаль орчных нь даацыг харгалзан шийдэх ёстой. Тэгэхээс биш тухайн төсөл хэдий хэр ашиг олох, хэдэн ажлын байр бий болгох боломжтой нь гол үзүүлэлт биш. Энэ бүхэн тун аюултай” гэж бохир ус цэвэршүүлэх чиглэлээр Хятаддаа дээгүүрт ордог мэргэжилтэн Ин Жун мэдэгдсэн байна. Тэрбээр даацыг хэтрүүлэх нь осол гарах эрсдлийг эрс нэмэг­дүүлдгийг онцолсон юм.

Мэргэжлийн хүрээнийхэн хи­мийн үйлдвэрүүдийг гол мөр­ний дэргэд барьж болохгүйг хэлдэг боловч үйлдвэр байгуулах төлөв­лөгөөг батлахад байгаль орчны салбарын хүмүүс огт оролцдоггүй байна. “Бизнес үйл ажиллагаа эрхлэхэд байгаль орчны үнэлгээг экологийн үнэлгээ гаргадаг хувийн бизнесийн бай­гууллага юмуу, судалгааны төв оролцдог тул тэр нь ор нэр төдий болсон” гэж Олон нийт, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн захирал Ма Жун өгүүлсэн аж. Тэрбээр мөн “Засгийн газрын хяналттай зэрэгцээд нийгмийн зүгээс хяналт тавих нь чухал” хэмээжээ. Харин иргэд Засгийн газрын хяналт хан­галтгүй. Компаниуд багахан хэм­жээний торгууль төлөөд л хэрэг хаагддаг тухай өгүүлдэг аж. Түүнчлэн  Засгийн газраас нь хэрэгжүүлдэг хяналт нь газар дээрээ хэрэгжихдээ бэрхшээлтэй учирдаг тухай шүүмж­лэл ихээр өрнөх болжээ.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж