
БУСДЫН ХАЯА ХАДАРЧ, ХАНА ТУУРГЫГ НЬ ЦӨМЛӨЖЭЭ
“Саахалт хүний санаа нэг” гэгчээр айлсан барилга барьж байгаа “Цаст констракшн”-ынхантай маргалдах хэрэг байна уу” гэж “Монгол глобал”, “Монгол эм импекс”-ийн удирдлагуудаас асуухад “Айл, саахалт байлаа гээд нэгнийхээ хаяаг хадраад, хана туургыг нь цөмлөөд ороод ирэх нь монгол хүний ёс жудаг, бизнесийнхний түншлэлд нийцэх үү” хэмээн сөргүүллээ. Иймд үнэхээр хаяа хадарч, хана туурга цөмлөсөн эсэхийг нь холбогдох байгууллагын удирдлагуудаас тодрууллаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг буюу олны нэрлэж заншсанаар “Саруул” төвийн хажууд “Монгол эм импекс”, “Монгол глобал” компаниудын эзэмшил газрын дундах 1458 ам.метр газарт “Цаст констракшн” компани орон сууц барихаар өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 93 тоот захирамж гаргуулжээ. Тус компани эзэмшил газартаа 55 айлын орон сууц барьж ашиглалтад оруулж ч амжсан байна. Ингэхэд нь хэн ч маргаагүй, саад хийгээгүй ажээ. Гэтэл 55 айлын орон сууцанд нь айлууд орсны дараа “Цаст констракшн”-ынхан уг барилгаа ихэрлүүлэхээр санаархжээ. Өөрийнх нь эзэмшил газарт хоёр орон сууц барих орон зай, боломж байхгүй учраас хөршүүдийнхээ газраас хумсалж эхэлсэн байна. Тухайлбал тус компанийн барьж байгаа орон сууц “Монгол глобал” компанийн газраас метр ч хүрэхгүй зайтай бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхдээ бетонон хашааг нь эвдсэн аж. Зүүн талд барилгын орц, гарц нь “Монгол эм импекс” компанийн газар руу аль хэдийнэ түрээд орчихжээ. Бүр орон сууцны тагтууд нь хөрш компанийн эзэмшил газарт хамаарч байгаа аж. Ингэж хөршийнхөө газар руу түрэмгийлэхдээ өмч хөрөнгөд нь халдсан ч баримт байгаа аж. Шинжээчид “Монгол глобал” болон “Монгол эм импекс” компанид учирсан хохирлыг тус бүр таван сая төгрөгөөр тогтоожээ.
Хуульд зааснаар бол нийт газрын 30 хүрэхгүй хувьд нь орон сууц барих учиртай. Гэтэл “Цаст констракшн” 1500 ам.метр газрынхаа 1200-д барилга барихаар төлөвлөсөн нь одоо нэгэнт тодорхой болжээ.
АЮУЛТАЙ АЮУЛТАЙ, ДАХИАД АЮУЛТАЙ
“Цаст констракшн”-ы барьж эхэлсэн орон сууцанд мэргэжлийн байгууллагууд аюултай гэсэн дүн тавьж, үйл ажиллагааг нь зогсоох даалгавар өгсөн байна. Тодруулбал Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагч “Барилга хооронд галаас тусгаарлах зай байхгүй. Галын машин орох зайгүй учраас гал түймэр гарвал аврах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргажээ. “Цаст констракшн”-ы барьсан, барьж байгаа хоёр байшингийн дундуур машин багтах зайгүй, бөөрөөрөө нийлсэн болохоор ийн дүгнэх нь тодорхой. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Цаст констракшн”-ы барих орон сууцны барилгын хэсэгчилсэн төлөвлөлөгөөг боловсруулаагүй. Барилгын хооронд гал тусгаарлах зай, ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг тооцоогүй нь “Хот байгуулалтын тухай” хуулийг зөрчсөн. Мөн барилгын зураг төслийг хянуулаагүй байж суурийн нүхийг ухсан учраас барилгын ажлыг зогсоов” гэсэн шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд гаргажээ. Мэргэжлийн байгууллагуудийн дүгнэлт гаргаж, шаардлага тавьсан ч “Цаст констракшн” компани барилгын ажлаа өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байгаа аж.
Барилгын ажлыг эхлүүлэхэд гаргасан дээрх зөрчлүүдээс гадна “Цаст констракшн” компани хотын оршин суугчдын эрхийг зөрчиж, эрсдэлд оруулж байгаа юм. Учир нь нийслэлийн төв хэсгийг халуун усаар хангаж байгаа дулааны шугам дээр өнөөх барилгаа барьж буй юм. Барилгын суурийг ухахад өнөөх шугам ил гарсан байсан тул “Энэ чинь аюултай биш үү” гэж ажилчнаас нь асуухад “дулааны шугамыг нь зөөчих юм гэнэ лээ” гэж хариулах юм. Тэр шугам “Монгол глобал”, “Монгол эм импекс” компанийн газар доогуур ч үргэлжилж байгаа. Тэгэхээр хөршүүд нь дулааны шугамыг зөөхгүй гэвэл яах вэ. Бас дуртай компани нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж, шугам сүлжээг дураараа зөөж, тээвэрлэж болохгүйг мэргэжилтнүүд хэлсэн. Нөгөө талаар нүдээ аниад дулааны шугам дээр барилга барилаа гэхэд хэдэн жилийн дараа шугамыг засч шинэчлэх болвол яах вэ. Хууль зөрчиж барьсан барилгыг нураах уу. Тэгвэл орон сууц худалдаж авсан иргэдээс өөр хохирогч байхгүй болно.
Бас “Цаст констракшн”-ы барилгын зураг төслөөс харахад орон сууцны нэгдүгээр давхарт нь хөндий хонгил гаргаж машин явуулахаар тооцсон байх юм. Байрны орц нь тэр хонгилд байх бололтой. Өөрөөр хэлбэл гадна нь машин явах боломжгүйгээс байшин дотроо машинаараа зорчих бололтой. Бас гэрээсээ гараад л машинд дайруулж мэдэх нь. Ийм аймшигтай үлгэр шиг төлөвлөлт барилгын мэргэжилтнүүдийг бүү хэл жирийн иргэдийг ч гайхшруулж байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Энэ байр чинь бүтэхгүй ээ” гээд барилга барих зөвшөөрлийг нь цуцлах шийдвэрийг өнгөрсөн сарын 15-нд гаргажээ. Нийслэлийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч “Цаст констракшн” нүхээ ухаж, сууриа тавьсаар байгааг юу гэх вэ. Тэр ч бүү хэл орцгүй, нэгдүгээр давхраа машины зам болгохоор төлөвлөсөн орон сууцанд 30 айл байр захиалчихсан байгаа гэх. Хотын захиргаа, мэргэжлийн байгууллагын ажлыг зогсоох шийдвэр гаргасан хэрнээ компаниудын хоорондох маргааныг зогсоож чадахгүй, өдөр шөнөгүй барилга барьж байгаа нь “Цаст констракшн”-ынхны хүсээд байгаа хуульгүй орчин бий болсныг харуулж байна. Нөгөө талаар ороод суухад л аюул, эрсдэл мэдрүүлэх орон сууцанд захиалга өгсөн иргэдийн хохирлыг эцэст нь хэн барагдуулах вэ. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид шиг “Цаст констракшн”-ы хохирогчид төрөөс мөнгө нэхэх өдөр ирэх вий дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин