Оросын ургац 26 хувиар буурах төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Оросын ургац 26 хувиар буурах төлөвтэй

Сүүлийн хэдэн арван жил тохиолдоогүй маш аюултай ган болж байгаагаас
2010 онд Оросын улаан буудайн ургац 20-26 хувиар буурч 72-78 сая тонныг
хурааж авах төлөвтэй байна гэж Оросын Улаан буудайн холбооны ерөнхийлөгч
Аркадий Злочевский ярьсныг “РИА Новости” агентлаг дамжууллаа. 2009 онд
ОХУ 97 сая тонн улаан буудай хурааж авч байсан юм.
Оросын Улаан буудайн холбоо гантай холбоотойгоор улаан буудайн зах зээл яаж өөрчлөгдөх талаар гурван боломжит дүр зураг дэвшүүлсэн байна. Хамгийн муу тохиолдолд ОХУ ердөө 72 сая тонн улаан буудай хурааж авах ба гадаадад 11 сая тонн улаан буудай экспортлож, 10.4-14.4 сая тонн улаан буудайн нөөц хадгалах болно. Харин бага зэрэг болгоомжилсон, өөдрөг хувилбарт 75 сая тонн улаан буудай хурааж авч, 14 сая тонныг экспортлоно гэж үзсэн бол хамгийн өөдрөг хувилбар нь 78 сая тонн улаан буудай хурааж авч 19.5 сая тонныг экспортолж 7.9-11.9 сая тонн улаан буудай нөөцөнд хадгална гэж төлөвлөсөн байна.

Аль ч нөхцөл байлаа гэсэн гаднаас худалдан авах улаан буудайн импортын хэмжээ 0.4 сая тонноос илүү гарахгүй байна. ОХУ дотооддоо 71-75 сая тонн улаан буудай хэрэглэдэг бөгөөд 7 сарын 1-ний байдлаар 24 сая тонн улаан буудайн нөөцтэй байсан тул энэ жил их хэмжээний ургац алдсан ч дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадах бөгөөд ОХУ-д гурил, талхны үнэ өсөх шалтгаан гарахгүй гэж Злочевский ярьжээ. Ган ойролцоогоор 10 сая га талбайн ургацыг устгаад байгаа бөгөөд энэ нь Оросын буудай тариалангийн талбайн бараг 20 хувь юм гэж сүүлийн үеийн тоо баримтууд өгүүлж байгаа талаар РИА Новости агентлаг дамжууллаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж