FIBA “Африк бүрээ”-нд хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

FIBA “Африк бүрээ”-нд хориг тавилаа

Диего Форлан, Давид Вилья нараас илүүтэйгээр Өмнөд Африкийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бид вувузела гэх чихэнд чийртэй бүрээгээр хойшид дурсах болно. Өмнөд Африкт очиж, хөлбөмбөгийн тоглолт үзсэн фанатууд бүрээний чимээнээс залхаж, бүр сүүлдээ хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа нь чихний бөглөө болж байсан нь саяхан. Энэ бүрээн дуу зөвхөн Африкт байгаа фанатуудыг төдийгүй цэнхэр дэлгэцээр үзэн суусан үзэгчдийг хүртэл залхаасан. Бүтэн сарын турш зөвхөн бүрээн дуу л орон бүрт цацагдаж байсан билээ.
Харин энэ бүхнээс сэргийлж, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Туркт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр вувузела бүрээг хоригложээ. Зохион байгуулагчид тэмцээний тоглолтууд болох таван цэнгэлдэхэд африк бүрээг оруулахыг хориглосон нь үзэгчдээ хүндэлсэн шийдвэр юм. Учир нь битүү цэнгэлдэхэд үргэлжлэх тоглолтын үеэр чанга дуутай олон бүрээ зэрэг үлээх нь зохион байгуулалт, тэмцээний чанар, цаашлаад хүний эрүүл мэндэд хүртэл хортой байж болох юм.

Ингэснээр таатай зүйл олон болно. Ордонд аль ч талаас биенээ сонсох боломжтой болно. Мэдээж хамгийн чухал нь дасгалжуулагчид тоглогчид хоорондоо төвөггүй ярилцана. Мөн завсарлагын үеэр заавал орилж ярихгүй, хамгаалалт болоод бусад зүйлийн талаар тайван ярилцах боломжтой. Хөгжөөн дэмжигчид ч гэсэн чих дөжрөм чимээн дунд сагсан бөмбөг үзэхгүй.
Сануулахад, вувузелагаас болж Өмнөд Африкт талбай дээр байгаа тоглогчид зарим тохиолдолд биенээ сонсохгүй байна гэсэн гомдол гаргаж байсан удаатай.
Ийнхүү Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Африк бүрээнд хориг тавьсан анхны холбоо боллоо
 
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж