ОХУ онц байдал тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

ОХУ онц байдал тогтоов

ОХУ-ын эрх баригчид ойн түймрийн учруулж буй гамшигтай холбогдуулан тус орны  долоон мужийн нутагт онц байдал тогтоох шийдвэр гаргаж, зэвсгийн агуулахуудыг түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг орон нутгийн удирдлагад үүрэг болгосон байна. Одоогийн байдлаар ойн түймэрт өртөж, 40 гаруй хүн амь насаа алдаад байна.
Мянга мянга иргэдийн гэр орон түймэрт шатаж, хаант засгийн үеэс хойш болж байгаагүй аагим халуун болж байгаа аж. Халуун наранд улаан буудайны тариалан ихэд нэрвэгдэж, дэлхийн буудай экспортлогч гол орны хувьд сүүлийн 22 сарын дээд хэмжээнд хүртэл буудайны үнийг нэмэгдүүлэхэд хүргээд байна.
Онц байдал тогтоох бүс нутагт ОХУ-ын  Воронежийн өмнөд хэсэг, Волга мөрний ойролцоох газрууд, хүн ам шигүү оршин суудаг Москва хотыг хүрээлэн орших газруудыг хамруулан тогтоосон байна.
Нийслэл Москва хот битүү утаанд автаж, 1880 оноос хойш болж байгаагүй халууныг  иргэд тэсвэрлэн гарах болж байна.
Ерөнхий сайд Путин зэвсгийн агуулахууд, эрчим хүчний станцууд болон бусад амин чухал байгууламжуудыг түймрээс урьдчилан хамгаалах үүргийг бүс нутгийн удирдлагад үүрэг болгожээ.
Нижный Новгород районы Саровийн цөмийн эрчим хүчний эрдэм шинжилгээний Төвийн харуул хамгаалалтыг 10 дахин нэмэгдүүлжээ.
Ерөнхий сайд Путин түймрийн гамшгийг арилгаж, сэргээн босгох ажилд зарцуулахаар 5 тэрбум рубль буюу 126 сая евро төлөвлөөд байгааг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж