
Хотын дарга цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж байхад хурлын танхимын ард хэсэгт амралтаа хэрхэн өнгөрөөсөн талаар, өчигдөр хаана, яаж архи ууж, дараа нь хэн, хэн хөглөсөн” талаар чимээтэйхэн шиг ярина. Гэтэл урд нь хотын дарга өвөлжилтийн бэлтгэлийн талаар яриад байгаа юм шүү дээ, уг нь. Ерөөс энэ хурал дээр утсаараа оролдоогүй хүн гэж алга. Хотын ногоон бүсийн талаар илтгэл өрнөж байхад хотын даргаасаа авахуулаад бүх хүмүүс утсаа оролдоостой. Гэтэл тэнд илтгэл тавьж байгаа хүн нь ногоон бүсийн өнөөгийн байдлын талаар тайлан яриад байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл, хотын удирдах албан тушаалтнуудын хувьд чухал асуудал биш бололтой. Илтгэл тавих хүний яриа ч дуусч хотын дарга “Санал хүсэлт, ажлын санал байвал одоо хэлчих” гэхэд дөнгөж сая шуугилдаж байсан хүмүүс чив чимээгүй, ялаа нисэх нь сонсогдохоор тийм нам гүм байдал ноёлов. Өвөлжилтийн бэлтгэлийн талаар хоёр дахь хэсэг эхэлж байна. Хуралд суусан хүмүүсээс анхааруул хандуулж байгаа шинж огтхон ч алга. Танхим чимээ шуугианаар их. Хурлын арын хэсэгт суусан хотын нэгэн удирдах ажилтны яриаг одоо та бүхэнд сийрүүлэе.
“За, хөгшөөн нөгөө шахмал түлшнийхээ уутнаас даруйхан шиг олныг надад өгөх хэрэгтэй байна. Тэгээд уутандаа гадных гэмээр хаягийг хадаарай даа. Савлахдаа эхлээд арван килограммаар савлаж байгаад, дараа нь тав, таваар нь савлана шүү. Хэрвээ энэ ажлыг л сайн хийгээд авбал чи энэ өвлийн шахмал түлшний тендерт ялсан гэж мэд” гэх нь тэр. Агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гээд байдаг мөнөөх шахмал түлшийг үнэндээ ийм учраас л иргэдэд нийлүүлдэг аж. Зэвүү хүрмээр байгаа биз. Энэ эрхмийн яриаг сэм сонссон болохоор энэ удаад нууцлав. Хожим түлшний тендерийг зарлах цагаар хөрөг зурагтай нь танилцуулах болно.
Нас биед хүрсэн, тэгээд хотыг авч яваа хотын удирдах албан тушаалтнууд яг л томоогүй сурагч шиг аяглах нь харамсалтай. Нийслэлийн байгаль орчны газрын төлөөлөл илтгэлээ тавьж байхад “Үхэж байсан дуутай шаар вэ, ямар амьтан байдаг бол харах юмсан” эсвэл “Энэ хүүхэн чинь харин хөөрхөн дамшиг уу, үгүй юу” гээд ирмэж байх жишээтэй. Нөгөө л хажууд сууж байгаа “хурган” даргын утас дуугарлаа. “За чиний асуудлыг яг шийдэх гээд явж байна. Хөрөнгө нь гарч өгдөггүй ээ. Болохгүй бол сууриа шууд цутгачих, тэр хүмүүсийн уурлах ч яах вэ. Наана чинь Г.Мөнхбаяр дарга намайг хурдал гээд шахаад байна. Би маргааш 5 сая төгрөг гаргуулаад өгье, аргалаад өнөөдөр олчих…” нэг иймэрхүү учир битүүлэг яриа, хуралдааны танхимын арын хэсгээр их. Хурлыг удирдаж явуулж байгаа хүний яриа цэгцтэй ядахдаа өмнө бэлдчихсэн баймаар. Гэтэл хотын даргын ярьж байгаа асуудлыг хотын менежер нь засч өгөөд сууж байх юм. Таны ярьж байгаа асуудал чинь энэ гээд хэлэхээр, хотын дарга нь тийм гээд дэмжиж байх. Дугуй ширээний ард суусан, тэдний ард суусан хүмүүс огт зүгээр суусангүй. Ийш тийшээ хөдөлж, сандал руу өшгилж, нэг, нэгнээ шоголж сууж байх юм. Баахан ингэж байснаа “Сая Г.Мөнхбаяр дарга юу хэлээд орхив. Хэлээд өгөөч” гэх жишээтэй.
Сард хоёрхон удаа хуралдаж хотын тулгамдсан асуудлыг шийдэх шуурхай зөвлөгөөнийг үр бүтээлтэй өнгөрөөхгүй гэхэд адаглаад тэрхэн хугацаанд утсаа унтраачих соёлд сураагүй аж, хотын удирдлагууд. Тэгсэн хэрнээ хэвлэлийнхнийг хармагцаа төрөл арилжсан мэт болно. Мөнөөх гудамжины үг хэллэг, “хор” зэргээсээ огт өөрийг ярина. Хотоо гэх хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүмүүс болж хувирна. Туслахынхаа өгсөн цаасыг бариад телевизийн камерийн өмнө бурж өгөх тийм л дүр зураг ажиглагдлаа. Хурлын ихэнх цагийг “арзагнаж, маазарч” өнгөрөөсөн хүмүүс Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын талаар олигтой үг хэлж таарах уу? Энэ хүмүүс чинь уг нь хотын хувь заяаг шийддэг хүмүүс юмсан. Тагнуулын ерөнхий газрынхан талцаад биесээ муулахын оронд энэ хурлыг тагнаад нэг үзвэл яасан юм бэ. Авлигатэй тэмцэх газрын дарга ажилтнуудаа тагнаж, чагнахын оронд тэдний утсыг сонсвол илүү ажил хийсэн болж, үр дүн нь ч өдөртөө гарах вий. Дараагийн хурал 16-нд болно.
Б. Сүх