Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй

Өчигдөр Төрийн ордонд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хоёр
асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь чуулганы завсарлаж байгаа энэ
хугацаанд Байнгын хороо, ажлын хэсгүүд намрын чуулганд бэлтгэн,
асуудлуудаа хэлэлцэж, дүгнэлт гаргах, ажлын хэсгүүдээ ажиллуулах үүрэг
чиглэл өгөх, хоёрдугаар хэлэлцсэн асуудал нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
амралтаа авч байгаатай холбогдуулан гүйцэтгэх үүргийг Г.Батхүүд
хариуцуулан үлдээх тухай асуудал байжээ. Энэ тухай УИХ-ын дэд дарга
Г.Батхүү мэдээлсэн бөгөөд түүнээс дараах тодруулгыг авсан юм.


-Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэрхэхээр болсон бэ?

-Прокурорын даргын оруулж ирсэн асуудлаар холбогдох байнгын хороо, дэд
хороод хуралдана. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын дэргэдэх
зөвлөлөөр хуралдаад ээлжит бус чуулганыг зарлахад болохгүй зүйл байхгүй.
Энэ хооронд хуулийн хүрээнд ажлаа явуулах, АТГ-ын асуудлын та­лаар­хи
саналаа зөвлөлд дахин танил­цуулах үүрэг чиглэл өгсөн.


-Улсын Ерөнхий прокурор Д.Дор­лиг­жав Авлигатай тэмцэх газ­рын даргын
асуудлаар ээлжит бус чуул­ганыг хуралдуулах хүсэлтийг хэд хэдэн удаа
өгсөн гэсэн. Асуудал яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж чадахгүйдээ, хүндрэлтэй байгаадаа асуудал
байхгүй. Мэргэжлийн дэд хороо, Байнгын хороо асуудлаа сайн судалж байж
чуулган хуралдах шаардлага хэзээ бүрдэнэ, тэр цагт хуралдахаар байгаа.
Өмнө нь бид чуулганыг завсарлуулахгүй байж байгаад хэлэлцэх боломж
байсан. Чуулган завсарласнаас хойшхи энэ арваад хоногт ээлжит бус
чуулган зарлан хэлэлцэх ч боломж байсан. Гэхдээ асуудал нь холбогдох
мэргэжлийн байнгын хороо сайтар судалж байж тогтоох тэр цагт бид
хуралдахад бэлэн.


-Тусгай хяналтын дэд хороо хурал­дах уу?

-Үгүй. Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй. Энэ асуудал дээр ажлын
хэсэг ажиллана. Хуулийн хүрээнд шаардлагатай судалгаа дүгнэлтийг гаргах
эхний ажлыг ажлын хэсэг гаргана. Хууль зүйн байнгын хороо хуралдахын
тулд Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ оруулах учиртай.


-Даргын дэргэдэх зөвлөлийн ирц хүрсэн үү. Дараах хурал хэзээ болох вэ?

-Өнөөдрийн хуралдаан дээр Байнгын хорооны зарим дарга нар хөдөө орон
нутагт томилолттой ажилтай явж байгаа тул бүрэн бүрэлдэхүүнээр
хуралд­сангүй. Байнгын хорооны дарга гадаад дотоодод ажлаар явахдаа
өөрийгөө орлох хүнээ үлдээдэг. Энэхүү хуралд тэдгээр эзгүй дарга нарыг
орлогч нар нь орлосон. Даргын дэргэдэх зөвлөлийг шаард­лагатай үед
зарлан хуралдуулж болно.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж