Монголын оюуны спортыг тэтгэгч

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Монголын оюуны спортыг тэтгэгч

Монгол угсаатай монгол хүн гэдгээрээ бахархдаг олон хүн дэлхийд бий. Мэдээж харь нутгийн иргэн хэрнээ ийн бахархаж, Монголд тусалж, дэмжих сонирхолтой байна гэдэг бол бидний хувьд азтай хэрэг юм. Тэдний нэг бол яах аргагүй Халимаг улсын Ерөнхийлөгч, Дэлхийн шатарын холбоо /FIDE/-ны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов юм. Тэрбээр зөвхөн Монгол, Халимагийн улс төр хийгээд эдийн засгийн харилцааг хөгжүүлээд зогсохгүй манай шатарчдыг дэлхийд гаргахын төлөө ихийг хийж буй нэгэн.

Шатар Монголоос үүссэн гэх домог үлгэр олонтаа байдаг болоод ч тэрүү тэрбээр монголчуудын оюун ухаанд итгэдэг гэдгээ бардам зарладаг. Иймээс ч өдгөө Улаанбаатар хотод дэлхийн хамгийн өндөр зэрэглэлтэй 12 эмэгтэй шатарчнаас шилдгийг нь шалгаруулах эмэгтэйчүүдийн гран-при тэмцээн болж байна. Энэ тэмцээний үеэр К.Илюмжинов Б.Мөнгөнтуулд итгэл хүлээлгэж байгаа гэдгээ хэлсэн.

Мөн өмнө нь амласан ёсоороо Азид байхгүй шатрын ордонг Монголд босгох ажлаа өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Зөвхөн Халимагийн Ерөнхийлөгчийн хувьд бус дэлхийн оюуны спортын тэргүүн гэдгээрээ Монголд ойр ойрхон зочилж, манай шатарчдыг дэлхийд хүргэх гүүр болсоор буйд нь түүнд талархал илэрхийлэх ёстой биз ээ. Энэ нь монгол угсаатны Монголыг гэсэн сэтгэл байхын зэрэгцээ “Шатар Монголд үүссэн” гэдгийг батлах ирээдүйн их замын эхлэл болж өгөх биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж