
ИНФЛЯЦИ 6.9 ХУВИАР ӨСӨВ
Өнгөрсөн оны эцэс болон энэ оны эхний улиралд инфляци улсын хэмжээнд 13, нийслэлийн хэмжээнд 16 хувиас даваад байсан билээ. Тодорхой хүчин зүйлүүдээс шалтгаалан инфляци цаашид ч улам нэмэгдэх магадлал өндөр байв. Харин төрөөс тодорхой зохицуулалт хийснээр энэхүү өсөлтийг хазаарлаж чадсан гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Гэвч Монголбанкнаас гаргасан хоёрдугаар улирлын тоймоос инфляцийг тогтоон барьж чадаагүй нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, хоёрдугаар улиралд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 3.7 хувь, оны эхнээс 11.4 хувиар өссөн байна. Нийслэл хотын хэмжээнд өмнөх улирлаас 6.9, оны эхнээс 16.2 хувиар тус тус өсчээ. Харин хэрэглээний үнийн индексийг ашиглан тооцсон суурь инфляцийг өмнөх улиралтай харьцуулахад 0.8 хувь, оны эхнээс гурав, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөнийг онцолжээ. Нийслэлд инфляци ийнхүү өссөн нь хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа ундаа, усны бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 13.8, орон сууц, цахилгаан, дулаан, түлшний бүлгийн үнэ 4.1 хувиар өссөнөөс голлон шалтгаалжээ. Үүнээс гадна улирлын шинж чанараас шалтгаалан хувцас, бөс бараа болон амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Мөн цахилгаан, дулаан, түлшний бүлгийн үнийн өсөлт ч нэлээд нэрмээс болжээ. Жишээ нь, тайлант улиралд зөвхөн халуун усны үнэ л гэхэд 50, цахилгааны үнэ 16.6 хувиар өссөн нь инфляци өсөхөд чамгүй “хувь нэмэр” оруулсан гэхэд болно. Басхүү махны үнэ тэнгэрт хадаж байсан үеэ бодвол харьцангуй тогтворжсон ч, төдийлөн буухгүй байгаа нь өсөлтийн шалтгааны нэг болсон хэвээр байна. Харин буурсан үзүүлэлт зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнд л ажиглагдсан байх юм. Энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ хоёрдугаар улиралд 15.7-18.1 хувиар буурчээ.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДСЭЭР БАЙНА
Энэ удаагийн мөнгөний тоймд нэлээд хэдэн таатай үзүүлэлт бий. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 44.5 хувь буюу нэг их наяд 84 сая төгрөгөөр нэмэгдсэн таатай үзүүлэлт гарчээ. Энэ нь өмнөх улирлынхаас 550 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд Хадгаламж, зээлийн хоршоод дахь хадгаламж банкнуудын хадгаламжийн нийт хэмжээний ердөө 1.5 хувийг эзэлж байв. Гэтэл өнөөдөр гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өмнөх улирлаас 16.4 хувь буюу 63 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөнгөний нийлүүлэлтийн бүтцийг эх үүсвэрээр нь авч үзвэл бараг мөнгө дийлэнхийг буюу 76.2 хувийг эзэлж байна. Бараг мөнгө гэсэн ойлголтод төгрөг болон гадаад валютын хадгаламж, гадаад валютын харилцах хувь хэмжээг харгалзан үздэг. Харин банкнаас гадуурх мөнгө буюу бага мөнгө /М1/ гэж тодорхойлдог мөнгө болон төгрөгийн харилцах хувь хэмжээ нийтдээ 23.8 хувийг эзэлсэн байна. Бараг мөнгө хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаас 17.6 хувь буюу 402.2 тэрбум төгрөгөөр өсч хоёр их наяд 83 тэрбумд хүрчээ. Нийт хадгаламжийн хэмжээ ч өмнөх оноос 520 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, хоёр их наяд 70 сая төгрөгт хүрсэн байгаа юм. Үүнээс 70.9 хувь нь төгрөгийн, 29.1 хувь нь гадаад валютын хадгаламж аж. Энэ нь нийт хадгаламжид эзлэх төгрөгийн хувь 7.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Бага мөнгө /М1/-ний хэмжээ өмнөх улирлаас 146.9 тэрбум төгрөгөөр өсч, 840 орчим тэрбумд хүрчээ. Ер нь энэ төрлийн мөнгөний өсөлтийн хурд нэлээд нэмэгдэж байгаа юм байна. Тодруулбал, жилийн өсөлтийн хурд нь өмнөх оныхоос 67.2, өмнөх улирлынхаас 18.8 нэгж хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Банкнаас гадуурх мөнгө гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний дийлэнхийг буюу 78 хувийг эзэлж байна. Мөн нөөц мөнгөний хэмжээ ч багагүй хувиар өсч 838.8 тэрбум төгрөгт хүрчээ.
ЦЭВЭР АКТИВЫН ХЭМЖЭЭ ЭРС НЭМЭГДЭВ
Банкуудын гадаад, дотоод цэвэр активын хэмжээ огцом нэмэгдсэн байна. Жишээ нь, зөвхөн гадаад цэвэр актив л гэхэд өмнөх оны мөн үеийнхээс 90.8 хувь 857 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь маш өндөр үзүүлэлт. Харин дотоод активын хэмжээ харьцангуй бага буюу 15.2 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ энэ нь чамлахаар зүйл биш. Яагаад гэвэл нийт дүнгээрээ дотоод актив нэг их наяд 722 тэрбумд хүрсэн нь “чанга атгах”-аар хэмжээ юм. Мөн гадаад валютын цэвэр албан нөөц ч хангалттай нэмэгджээ. Уг нөөц сүүлийн улиралд 122.4 сая ам.доллараар өсч, нэг тэрбум 229 сая ам.долларт хүрээд байгаа аж. Энэ нь импортын 23 долоо хоног буюу 5.9 сарын төлбөртэй дүйцэхүйц хэмжээ гэдгийг ч Монголбанкныхан онцолжээ.
ХУВИЙН БИЗНЕСИЙГ ИЛҮҮ ДЭМЖЖЭЭ
Банкууд болон харилцах хадгаламж хэлбэрээр бусдаас хөрөнгө татан төвлөрүүлдэг санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл энэ хугацаанд хоёр их наяд 882 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 114.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ талаар Дэлхийн банкны улирлын тоймд нэлээд дэлгэрэнгүй танилцуулсныг бид өмнө нь мэдээлж байсан. Харин энд заавал тэмдэглэх шаардлагатай нэг зүйл ажиглагдаж байна. Энэ нь хувийн хэвшил, иргэдэд олгосон зээлийн хэмжээ өсч, төрийн өмчийн байгууллагуудад олгосон нь буурсан үзүүлэлт. Урьд нь энэ харьцаа эсрэгээрээ байсан. Өдгөө ийн өөрчлөгдсөн нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо буурч байгаагийн илрэл гэлтэй. Харин зээл олголт нэмэгдэхийн хэрээр өрийн үлдэгдлийн хэмжээ буурахгүй байгаа нь тийм ч таатай үзэгдэл биш. Гэхдээ чанартай, чанаргүйгээр нь задалж үзвэл арай өөр дүр зураг харагдана.
ТӨГРӨГ СЭХЭХГҮЙ БАЙНА
Тоймын төгсгөлд үндэсний валютын худалдан авах чадвар төдийлөн сайжрахгүй байгаа таагүй мэдээг дурьджээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш хоёрдугаар улирлын эцэст 1368.65 төгрөг болжээ. Энэ нь өмнөх улирлынхаас хоёр төгрөгөөр суларсан үзүүлэлт юм. Ер нь ойрын ирээдүйд төгрөгийн ханш чангарах төлөв ажиглагдахгүй байгаа аж. Гэхдээ Монголбанкнаас явуулдаг валютын ээлжит дуудлага худалдаа сүүлийн үед амжилттай болж эхлээд буй. Ийнхүү тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж чадаж байгаа нь монгол төгрөгийг гадаад валютын өмнө тийм ч амархан сөхрүүлэхгүй гэсэн найдварыг төв банкныхан тээж яваа бололтой.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин