
Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь чуулганы завсарлаж байгаа энэ хугацаанд Байнгын хороо, ажлын хэсгүүд намрын чуулганд бэлтгэн, асуудлуудаа хэлэлцэж, дүгнэлт гаргах, ажлын хэсгүүдээ ажиллуулах үүрэг чиглэл өгөх, хоёрдугаар хэлэлцсэн асуудал нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл амралтаа авч байгаатай холбогдуулан гүйцэтгэх үүргийг Г.Батхүүд хариуцуулан үлдээх тухай асуудал байжээ. Энэ тухай УИХ-ын дэд дарга Г.Батхүү мэдээлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэрхэхээр болсон тухай асуултад “Прокурорын даргын оруулж ирсэн асуудлаар холбогдох байнгын хороо, дэд хороод хуралдана. Шаардлагатай гэж үзвэл бид хуралдаад ээлжит бус чуулган хуралдуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ хооронд хуулийн хүрээнд ажлаа явуулан, саналаа Даргын зөвлөлд дахин танилцуулах үүрэг чиглэл өгсөн” хэмээн хариуллаа.
Б.Энхмандах