Ким Юү На гран-при цувралд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Ким Юү На гран-при цувралд оролцохгүй

“Ванкувер-2010” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын төрөлд түрүүлж, дэлхийн од болон хувирсан Өмнөд Солонгосын гулгагч Ким Юү На ирэх аравдугаар сараас эхлэх Олон улсын уран гулгалтын холбоо /ISU/-ны гран-при цуврал тэмцээнүүдэд оролцохгүй байхаар шийдсэн тухайгаа орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин оронд нь тэрбээр ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрчимтэй бэлдэнэ гэсэн байна.
Канадын Торонто хотноо болсон мөсний шоунд оролцоод нутаг буцсан Ким Юү Наг Инчёны олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэр Өмнөд Солонгосын Йонхап мэдээллийн агентлагийнхан түүнтэй уулзжээ. Энэ үеэр Ким “Би хараахан бэлтгэлээ эхлүүлээгүй л байна. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрчимтэй бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Дасгалжуулагч, багш нартайгаа ярилцаж байгаад тэмцээний хөтөлбөрөө гаргах байх” гэжээ. Тэрбээр мөн 2011 оны нэгдүгээр сарын 30-нд Казахтсанд эхлэх Азийн өвлийн наадамд ч оролцох бодолгүй байгаа аж.
Олон улсын уран гулгалтын холбооны гран-при цуврал тэмцээнүүд аравдугаар сарын 22-нд Японы Нагоя хотоос эхлэх бөгөөд сүүлийн буюу долоо дахь цуврал нь арванхоёрдугаар сарын 9-нд Бээжин хотноо болох юм. Харин уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны гуравдугаар сард Японы  нийслэл Токио хотноо болно.
Өнгөрөгч хоёрдугаар сард Ванкуверийн мөсөн талбайд гайхалтай үзүүлбэр үзүүлж, олимпийн аварга болсны дараа Ким Юү На Италийн Турин хотноо болсон дэлхийн аваргад Японы Мао Асадад алтан медалиа алдаж, дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж