Веттелийн ээлжит гараа, бас нэг азгүйтэл

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Веттелийн ээлжит гараа, бас нэг азгүйтэл

Унгарын Будапешт хотноо болж өнгөрсөн “Формула нэг”-ийн гран-при уралдаан үйл явдлаар дүүрэн байлаа. Уламжлал болох шахсан дүр зураг нь “Ред Булл” багийн герман нисгэгч Себастьян Веттель байрлал тогтоох гараанд түрүүлж, тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлсэн бол түүний ард яваа гурван нисгэгч нь “Феррари”-гийн хоёр, нэмээд багийн анд Марк Уэббэр байлаа. Гэвч Веттель дахиад л азгүйтсэн юм. Аюулгүй машин гарах үед Веттель өмнөх машинаас 10 машины зайтай хоцорч болохгүй гэдэг заалтыг зөрчиж, үүнийхээ улмаас питлэйнээр ороод гарах шийтгэл хүлээжээ. Харин энэ боломжийг алдахыг хүсээгүй Марк Уэббэр зөөлөн дугуйтай питлэйнд оролгүй ганцаараа үлдсэнээр тэргүүн байрыг өөрийн болгосон юм. Харин нэлээд хэдэн удаа хурдан тойргийг гүйцэтгэж арынхаа нисгэгчээс тасарсныхаа дараа питлэйнд орсон ч нэгэнт хожил түүнийх болсон байлаа.

Уралдааны үеэр Роберт Кубица, Адриан Сутил нар питлэйнд мөргөлдөж, улмаар Сутил газар дээрээ гран-приг дуусгасан бол Польш нисгэгч торгууль хүлээж, түүнийхээ дараа гараж руугаа орох хувьтай байжээ. “Мерседес ЖП” багийнхан ч Унгарын гран-приг улам бүр чимж өгөх шиг. Нико Росбергийн зүүн хойд дугуй салж, хүн гэмтээх дөхсөн бол Михаэль Шумахер нэгэн цагт хамтран зүтгэгч байсан Рубенс Барикелог золтой л ханатай хавсарчихсангүй. Гэвч үүнийхээ үр дүнд долоон удаагийн аварга маань ирэх улиралдааныг 10 байраар хойно эхлүүлэх торгууль хүлээсэн байна.
Адал явдал дүүрэн өрнөсөн Унгарын гран-пригийн бариаг хамгийн түрүүнд Марк Уэббэр нэвтэлсэн бол түүний ард Фернандо Алонсо, Себастьян Веттель нар удаалжээ. Ингэснээр дэлхийн аваргыг Уэббэр дахин тэргүүлж эхэлсэн бөгөөд Льюис Хэмилтоны хурдны хайрцагт асуудал гарч уралдааныг орхисноор ийм байдал үүсчээ. Зохион бүтээгчдийн цомд мөн л “Ред Булл”, “МакЛарен”-аас найман онооны давуутай болжээ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж