Виктория Азаренка төрсөн өдөртөө бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Виктория Азаренка төрсөн өдөртөө бэлэг барилаа

Америкийн Калифорни мужийн Стэнфорд хотноо WTA-ийн цуврал Bank of the West Classic тэмцээн долоо хоногийн турш үргэлжилж, өчигдөр аваргаа тодрууллаа. Мемфис болон Страсбург хотод болсон тэмцээнд түрүүлээд байсан Мария Шарапова хэрвээ тус тэмцээнд түрүүлбэл энэ жил дараалан гурван тэмцээнд түрүүлсэн анхны эмэгтэй теннисчин болох байлаа. Гэхдээ түүний замд Беларусийн Виктория Азаренка саад болсон юм. Тэмцээний сүүлийн өдөр 21 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан Беларусь теннисчин өөрийн хоёр давуулалтаа оноо болгож чадаагүй ч орос теннисчний эсрэг гурван брейк хийснээр 6:4 харьцаатай эхний сетэд хожжээ. Тоглолтын арга барилаа олсон Азаренка дараагийн сетэд мөн л гурван удаа өрсөлдөгчийнхөө давуулалтыг өөртөө ашигтайгаар шийдэж, сүүлийн 15 оноог авснаар 6:1 харьцаатай хожиж, нэг цаг хагасын турш үргэлжилсэн тоглолтын ялагч нь болсон юм. Энэ ялалт нь Беларусийн теннисчинд 2010 оны анхны цом, нийт спортын замнал дахь дөрөв дэх түрүү нь болж байна. Вика Азаренка Стэнфордод түрүүлснийхээ ачаар дэлхийн чансааны 12-рт бичигдэх болсон бол Мария Шарапова чансаагаа хоёроор ахиулж, дэлхийн №13 болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж