ЕАШТ-д ОХУ-ын баг 10 алттай тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

ЕАШТ-д ОХУ-ын баг 10 алттай тэргүүллээ

2010 оны хөнгөн атлетикийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн марафон Барселона хотын гудамжаар болж өнгөрлөө. 25 км замыг туулсны эцэст 2006 оны Европын аваргын мөнгөн медальт Швейцарийн Виктор Родлин хурд хийж, тасарснаар хамгийн түрүүнд барианд орсон байна. Өдгөө 35 настай тамирчин хоёр цаг, 15 минут, 31 секундын амжилтаар Швейцарь улсын анхны алтан медалийн эзэн болжээ. Түүнээс хоёр минут, 19 секунд хоцорч Испанийн Хосе Мануэль Мартинэз мөнгө, Оросын Димитрий Сафронов хүрэл медаль хүртсэн байна.
Дэлхийн аварга Бланко Власич эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд тэмцээний рекорд тогтоож, аваргаллаа. Хорватын тамирчин өөрийн шагналын цуглуулгатаа Европын алтан медалийг рекорд амжилт 2,03 метрийн хамт бичсэн юм. Харин Шведийн Эмма Грийн мөнгө, Германы Ариане Фридрих хүрэл медалийн эзэд болжээ.
Түүнчлэн 4х100 метрийн эрэгтэйчүүдийн буухиа уралдаанд Франц улсын баг 38,11 секундээр түрүүлж, алтан медаль хүртлээ. Францын багийн Кристоф Лимэйтр ийнхүү Барселонд гурав дахь алтан медалиа энгэртээ зүүж, Европын аваргын түүхэнд шинэ амжилт бичсэн юм. Түүнээс өмнө хэн ч нэг удаагийн Европын аваргаас гурван алтан медаль авч байгаагүй юм. Шагналын тавцанг Итали, Германы багууд бүрдүүлсэн байна.
Эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд ч Францын тамирчид тун сайн уралдсан. Финалын уралдааныг Орос, Францын багуудын тэмцэл болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан ч Украйны бүсгүйчүүд дуулианы эзэд болж, 42,29 секундын амжилтаар түрүүлсэн юм. Энэ нь Украйн улсын түүхэн дэх буухиа төрөлд авсан анхны алтан медаль болжээ. Францын баг мөнгөн медаль, харин хүрэл медалийг ОХУ-ын баг хүртсэн байна.
Хуучин ЗХУ-ын тамирчин Роберт Эммиян 1986 онд Европын аваргын рекордыг тогтоож байснаас хойш түүний амжилтыг хэн ч эвдэж чадахгүй байсан юм. Харин өчигдөр Германы Кристиан Рэйф 8,47 метрийн хол харайж, Зөвлөлтийн тамирчины амжилтыг зургаан секундээр ахиуллаа. Францын Кафетин Гомис, Британийн Крис Томлинсон нар удаахь байрт оржээ.
Эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд зохион байгуулагч орны тамирчин Нуриа Фернандэз хоёр дахь алтан медалийг авчирлаа. Францын Хинд Дехиба мөнгө, Испанийн бас нэг тамирчин Наталья Родригез хүрлийн эзэн болсон байна.
Европын аваргын рекорд эрэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн тэмцээнд мөн шинэчлэгдлээ. Польшийн Пиотр Малаховски 68,87 метрийн амжилтаар алтан медалийн эзэн болж, рекордыг эзэмшиж эхэлсэн бол Олимпийн аварга Германы тамирчин Роберт Хартинг мөнгө, Унгарын Роберт Фазикас хүрэл медалийн эзэд болжээ.
Харин 4х400 метрийн эрэгтэйчүүдийн уралдаанаас Оросын баг 10 дахь алтан медалиа хүртлээ. Герман мөнгө, Бельги хүрэл медалийг тус тус энгэртээ зүүжээ.
Ийнхүү Испанийн Барселона хотноо зургаа хоног үргэлжилсэн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Оросын баг тамирчид 10 алт, зургаан мөнгө, найман хүрэл, нийт 24 медальтай тэргүүлсэн бол Франц, Их Британи, Германы багууд удаалжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж