
Германы хөлбөмбөгийн Бундеслигийн “Вердер Бремен” клубын хагас хамгаалагчийг өөрийн багтаа элсүүлэхийн төлөө Буурал тивийн топ багууд болох “Манчестер Юнайтед”, “Арсенал” болон “Реал Мадрид” нар боломжтой бүхнээ хийж байгаа билээ. Харин шигшээ баг болон “Вердер”-ийн “их тархи” болсон Турк гаралтай залуу энэ жилдээ өөр клубт хүчин зүтгэх ямар ч хүсэлгүй байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр өөрийгөө хэн гэдгийг хангалттай сайн харуулсан түүний “Вердер Бремен”-тэй хийсэн гэрээ сүүлийн жилдээ орж байгаа бөгөөд өдгөө 21 настай Месут Озил багтайгаа байгуулсан гэрээ албан ёсоор дуусгавар болсны дараачаар явах тухай бодож болох юм гэсэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр орон нутгийн “Билд” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ асуудал 12 сардаа шийдэгдэхгүй, би одоо ч Бремен багтай гэрээтэй байгаа. Харин түүний дараа юу болохыг одоогоор хэлж чадахгүй байна” гээд, яриагаа үргэлжлүүлэн “Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд би өөр багт тоглоно гэж бодож ч үзээгүй, хэрэв чи мэргэжлийн хөлбөмбөгч бол хангалттай мөнгө олж чадна, харин миний хувьд хэтийн зорилгод цаг хугацаа хамгаас үнэтэй” гэсэн байна.
Score Studio