Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 2

Наймдугаар сарын 2-ны баяр
Македоны үндэсний баяр болох 1903 оны бослогын ой буюу Ильины үл захирагдах өдрийг тэмдэглэж байна. Македон хэлээр уг баярыг Илинден гэдэг ажээ. Наймдугаар сарын 2-нд Македоны түүхэнд хоёр бослого гарч байв. 1903 онд Туркийн эсрэг, 1944 онд фашизмын эсрэг тус тус босч байжээ.

Иргэний баяр
Канадад тэмдэглэж байгаа Иргэний баяр буюу Civic Day Holiday нь ямар нэгэн хувьсгалтай холбоогүй бөгөөд зөвхөн “ажил хийхгүй байх” зорилготой. Канадын иргэдэд зуны дундуур  урт уик-эндтэй болох санаа эртнээс үүсэлтэй. Торонто хотын захиргааны 1869 оны баримтад зуны нэг амралтын өдөр-«day of recreation» хэрэгтэйг дурьдсан байлаа. Английн парламентын дээд танхим 1871 онд “банкны” гэж нэрлэсэн амралтын өдрийг наймдугаар сард бий болгохоор баталжээ. Үүний дараа Торонто хотын захиргаа наймдугаар сарын эхний даваа гаригийг Иргэний баяр хэмээн зарласан байна.

Өдрийн ишлэл
“Ирлээ, харлаа, яллаа (Veni Vidi Vici)”
(Зелегийн дэргэд Понтийн хаан Фарнакийг МЭӨ 47 оны наймдугаар сарын 2-нд ялсан талаараа Сенатад илтгэхдээ Юлий Цезарийн хэлсэн үг)
Цезар уг үгээ баганад сийлүүлэн үлдээсэн ба Тэр нь эртний Зеле өнөөгийн Туркийн Зиле хотын гол дурсгалын нэг байснаа хэдэн жилийн өмнө сураггүй алга болжээ

Үйл явдал
“Алиса ид шидийн оронд” номыг анх хэвлэв
1865 ОН: Британийн “Макмиллан” хэвлэлийн газар Льюис Кэрроллын “Алиса ид шидийн оронд” номыг анх хэвлэн гаргасан байна. Нэгэн удаа 10 настай Алиса Лидделл завиар зугаалж байх үеэр тооны багш Чарльз Дожсонд хандан өөртөө болон эгч дүү Эдит, Лорин нарт зориулсан үлгэр зохиож өгөхийг гуйсан гэдэг. Дожсон эхлээд тэдэнд цагаан молтогчингийн нүхэнд унаад газар доорх улсад орсон бяцхан охины тухай ярьж өгөв. Үлгэр охинд таалагдсан ба Алиса түүнийг бичиж өгөхийг гуйжээ. Тэр охины хүсэлтийг биелүүлэн 1863 оны намар гар бичмэлээ түүнд бэлэглэсэн байна. Тэрээр 1863 оны хавар уг бичмэлээ өөрийн найз Жорж Макдольдад уншуулан шүүмж авчээ. 1865 оны энэ өдөр хэвлэлээс гарсан номд тэр зохиогчийнхоо нэрийг Льюис Кэрролл гэх зохиомол нэртэй болгожээ. Номын зургийг Жон Тенниэл зурсан бөгөөд өнөөг хүртэл тэр зургууд нь сонгодогоор тооцогдож иржээ. Эхний ном нь “Алисагийн газар доорх адал явдал” нэртэй байв. “Алиса толины оронд” гэсэн хоёр дахь ном нь түүнээс зургаан жилийн дараа хэвлэгдэн гарсан байлаа.
Цагаан тэнгис-Балтийн суваг нээгдлээ
1933 ОН:
Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины санаачилгаар Беломорско-Балтийн  суваг 1931 онд баригдаж эхэлжээ. Уг сувгаар Цагаан тэнгисийг Онежийн нууртай холбож өгсөн байлаа. Асар том энэ байгууламж дээр 280 мянган хоригдлууд ажиллаж түүнийг босгожээ. Тэдний хөдөлмөрийн гол зэвсэг нь лантуу, түрдэг тэрэг, сүх байсан юм. Хамгийн дэвшилттэй гэх багаж нь бул чулууг зөөх модон хөшүүрэг байжээ. Байгууламж нууц байсан ба түүнийг Дотоод яам гардан хийлгэсэн байна. Нийтдээ 227 км-ын урт сувгийг чулуурхаг нутаг дэвсгэрт нэг жил есөн сарын дотор ухжээ. Энд хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй.
Эрдэмтэд ерөнхийлөгчид захидал илгээв
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний маргааш нь 1939 оны наймдугаар сарын 2-нд Европын дүрвэгч физикчдийн хүсэлтийн дагуу Альберт Эйнштейн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтын нэрээр захидал бичин цөмийн зэвсэг бүтээх ажиллагааг эхлүүлэх санал тавьсан байна. Физикчдийн захидалд ураныг дахин боловсруулсны үндсэн дээр чухал эрч хүчний эх сурвалжийг гарган авч болно гээд түүнд тулгуурлан асар хүчтэй шинэ төрлийн бөмбөг хийж болно гэсэн байлаа. Тэд иймэрхүү төсөл дээр Герман ажиллаж байгаад түгшин, нацистуудаас өрсөн шинэ зэвсэг бүтээх хүслээ илэрхийлсэн байв. Уг захидал 1939 оны аравдугаар сарын 11-нд ерөнхийлөгчид хүрсэн бөгөөд түүний хариу нь “Энэ үйл ажиллагааг шаардаж байна!” гэсэн үг болоод ураны комиссыг байгуулан эхний туршилтуудад 6000 ам.доллар гарган өгсөн байлаа. “Манхэттены” гэсэн нэртэй төслийн хэрэгжүүлэлтийг 1941 оны арванхоёрдугаар сарын 6-нд АНУ дайнд оролцох болсны дараа практик дээр эхлүүлсэн гэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж