
Япон Улс нь Монгол улсын хувьд гурав дахь хөрш бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж байгаа хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийг стратегийн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа сайд Д.Зоригт илэрхийлсэн байна. Мөн түүнчлэн түлш, эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг Жайка байгууллагын шугамаар Монголд үзүүлдэг Хөгжлийн албан ёсны тусламжаар хязгаарлахгүй, хувийн хэвшлийн түвшинд өргөнөөр хөгжүүлж, үүндээ шинэ технологи нутагшуулах, монгол залуусыг сургах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа дуулгалаа.
Уулзалтын үеэр олон улсын шинэ нисэх онгоцны буудал, хоёр үе шаттай зээл зэрэг Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийг хөндөн ярьж, Монгол Улсад үзүүлэх энэхүү тусламжийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан шинэ хөтөлбөрт эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг оруулах нь зүйтэйг онцлон тэмдэглэсэн.
Дэд ерөнхийлөгч К.Оошима эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд сайд Д.Зоригтын зүгээс онцолсон төслүүдэд анхаарч ажиллана гэв. Мөн Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийг Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой холбон боловсруулахыг зорьж буйгаа онцлов.
Дашрамд дурдахад, Япон Улсын Засгийн газар 1991 оноос хойш манай улсад 3,6 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байгаа юм.
Д.Цээнэ