Торрес анхны тоглолтоо “Ливерпуль”-ийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Торрес анхны тоглолтоо “Ливерпуль”-ийн эсрэг

Өвлийн солилцооны цонх хаагдахаас ердөө хэдхэн минутын өмнө “Челси”-гийн гишүүн болсон Испанийн “Алтан жаал” Фернандо Торрес Английн Премьер лигийн түүхэнд рекорд үнэ тогтоож, 50 сая фунт стерлингээр Энфилд цэнгэлдэхийг орхисон билээ. Премьер лигийн хамгийн үнэтэй тоглогч болсон 26 настай Торрес хачирхалтай гэмээр хувь тохиолоор Лондонгийн “Цэнхрүүд”-ийн өмсгөлтэйгээр анхны тоглолтоо хуучин багийн эсрэг хийхээр болоод байгаа. Гэхдээ тэрбээр өөрөө Мерсисайдын “Улаанууд”-ын хаалганы торыг хөдөлгөж, дөрвөн жил хүчин зүтгэсэн хуучин багийнхаа фанатуудынхаа сэтгэлийг шархлуулахаас эмээхгүй гэдгээ илэрхийлжээ.

Английн хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг багуудын тоонд зүй ёсоор багтах “Челси” болон “Ливерпуль” багуудын тулаан ням гаригт болох бөгөөд “Челси”-д 9 дугаартай өмсгөлийн эзэн болсон Торрес “Цэнхрүүд”-ийн хамт хийх эхний тоглолт нь энэ байх юм. Тэрбээр ням гаригийн тулааны талаар “Хувь заяа л гэж энэ байх даа. Миний хувьд тийм таатай биш байгаа ч гэсэн юу болохыг харж л байя. Мэдээж би Ливерпулийн талаар үргэлж ам сайтай байх болно. Тэд л надад топ төвшинд тоглох боломж олгож, намайг топ тоглогч болгосон. Би хэзээ ч Ливерпулийн талаар муу юм ярих эрхгүй. Би тэнд үргэлж баяртай байдаг байсан. Харин одоо түүх өөрчлөгдсөн. Би Челсигийн төлөө тоглох болно. Надад боломж олддог л юм бол би Челсигийн төлөө чадах бүхнээ зориулж, гоолдохын төлөө тоглох болно” хэмээн ярьжээ.

Түүнчлэн “Өнгөрсөн зунаас эхлээд л би спортын замналдаа нэг алхам урагш алхах хэрэгтэй гэж бодох болсон. Хөлбөмбөгийн хувьд тэр л дээ. Харин одоо би топ төвшний багт ирлээ. Челсигээс дээш төвшин гэж байхгүй” гэсэн байна.

Мөн тэрбээр “Челсигийн эсрэг тоглолт бүр нэг зүйлийг бодогдуулдаг байлаа. Үнэхээр онцгой тоглолт байдаг байсан. Ямагт улирлын хамгийн хүнд тоглолтуудын нэг байдаг байлаа. Би Челсигийн фенүүдэд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Учир нь тэд намайг ирсэнд маш их баяртайгаар хүлээж авсан” хэмээн өгүүлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж