А.Энхтуул: Би Майя Чибурданизег шүтдэг

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

А.Энхтуул: Би Майя Чибурданизег шүтдэг

Туркийн Кайсери хотноо болсон дэлхийн өсвөрийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөн А.Энхтуул өнгөрөгч баасан гаригт сүүлийн өргийн тоглолтоо хийж, өөрийн ангилалд чансаагаараа тэргүүлэгч Туркменистаны шатарчин Жораева Говхерийг хожсоноор Монгол улс шатрын өсвөрийн дэлхийн аваргатай болсон юм. Өмнө нь 2006 онд сурагчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн гурван охины хамт алтан медалийн эзэн болж байсан А.Энхтуул энэ удаа хувийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 10 тоглосноос найм хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсоноор 8,5 оноотойгоор аваргын болзол хангасан юм. Дэлхийн 35 орны 600 гаруй өсвөрийн шатарчдын оролцсон FIDE буюу Олон улсын шатрын холбооны зургаа дахь удаагийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шатрын спортын ОУХМ А.Энхтуулаас гадна Б.Баярмаа охидын 15 насны ангилалд шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Монголын түүхэнд анх удаагаа оюуны спортын дэлхийн аварга болж, дэлхийн аварга гэж дуудах эрхэм хүндэтгэлийн эзэн болсон А.Энхтуул өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Тэрбээр манай редакцид уригдаж, энэхүү сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

-Юуны өмнө дэлхийн аварга шатарчин болсонд баяр хүргэе. Тэмцээн ямар болов, тэмцээний талаар сонирхуулаач?

-FIDE-гээс зургаа дахь удаагаа зохион байгуулсан дэлхийн өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 35 орны 600 гаруй шатарчид ирж оролцсон нь оролцогчдынхоо тоогоор рекорд тогтоосон тэмцээн болсон. Харин манай ангилалд 11 шатарчин тоглосон, бүгдээрээ шилдэг, сайн шатарчид байлаа. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, шатрын олимпиадын аварга, Европ, Азийн аварга гээд л. Ялангуяа зохион байгуулагч Турк улсын шатарчид их сайн тоглолт гаргаж байсан. Ерөөсөө сул тоглогч гэж байгаагүй. Надтай тоглож тэнцсэн Туркийн шатарчин Соп Селен гэхэд л рейтинг нь 1600 хэрнээ 2100-гээс дээш төвшинд тоглож байна лээ. Бас манай ангилалд чансаагаараа нэгд жагссан Туркменистаны шатарчин FIDE-гийн мастер шатарчин байсан.

-Хамгийн сүүлийн өрөг чинь шийдвэрлэх тоглолт байсан. Туркменистаны шатарчныг хожвол дэлхийн аварга болно, хожигдвол медальгүй ч хоцорч болох байсан. Өрсөлдөгч чинь сайн тоглогч байж таарлаа, энэ талаар? Мөн гол, хүчтэй өрсөлдөгчид хаанахын ямар тоглогчид байв?

-Туркменистаны шатарчны тухайд улсынхаа насанд хүрэгчдийн аварга, шигшээ багийн тамирчин гээд олон цол гуншинтай сайн шатарчин байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл ОХУ-ын шатарчин Имеева Айса, бас Туркийн Кайа Эмельтэй хийсэн тоглолт хүнд байсан. Гэхдээ хоёулантай нь тоглоод хожсондоо баяртай байгаа. Би энэ тэмцээнд түрүүлээд энэ жилийн сүүлээр Грект болох 18 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох болсон.

-Дээр дурдсан хоёр шатарчин мөнгө, хүрэл медаль хүртсэн байх аа?

-Тийм ээ. Сүүлийн өргийн дараа би 8,5 оноотой, харин Имеева, Кайа нар ижилхэн найман оноотой байсан учир коэффициент тоолж, Имеева мөнгө, харин Кайа Эмель хүрэл медаль хүртсэн.

-Нийт 10 тоглолтоос наймд нь хожно гэдэг өндөр амжилт. Харин тэр хожигдсон тоглолт ямар тоглолт байсан бэ?

-Туркийн шатарчин Соп Селенд хожигдчихсон. Их харамсалтай тоглолт болсон, уг нь хожиж явсан байрлал. Даанч шатраа тал хараад, бэрс нь хамгаалалттай байна гэдгийг анзааралгүй буруу нүүгээд бодоо ацлуулчихсан. Тэр миний өөрийн л алдаа. Харин Кайа Эмельтэй их гоё өрөг тоглосон. Бас ОХУ-ын Имеева Айсатай сайхан тоглосон шүү. Эхлээд би тэнцэх үү гэж асуусан чинь “үгүй” гээд, гэхдээ сүүлд нь би хожсон.

-Энэ жилийн хувьд хэдэн тэмцээнд оролцоод байна?

-Гурав дахь нь. Өсвөрийн Азийн аваргад оролцож ирээд удалгүй Туркийн дэлхийн аваргад явсан. Өмнө нь Бангладешт болсон олон улсын тэмцээнд оролцоод ирсэн. Таваас зургадугаар сарын хооронд нэг сар гаруй хугацаанд тэнд байж байгаад ирсэн. Их мастерийн оноо олгох тэмцээн болох ёстой байсан ч Энэтхэгийн нэг шатарчин хувийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон учир олон улсын мастерийн оноо нь дутаж, улмаар олон улсын мастерийн оноо өгөх тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд миний хувьд зургаан баллаас тавыг авч, олон улсын мастерийн оноонд нэг оноо дутсан ч чансаагаа ахиулж чадсан. Ихэвчлэн эрэгтэй шатарчидтай тоглосон болохоор чансаагаа бараг 20-иор ахиулсан.

-Чиний хувьд хэзээ их мастерийн болзол хангах боломжтой вэ?

-Их мастер болохын тулд би гурван балл цуглуулах ёстой, бас рейтингээ 2300 хүргэх хэрэгтэй.

-Одоо рейтинг чинь хэдтэй байна? Олон улсын мастерын болзлыг бараг хангачихсан уу?

-Бараг хангасан гэж болно. Гэхдээ нэг балл дутуу байгаа. Олон улсын мастер болохын тулд рейтинг 2200 хүрсэн байх учиртай. Саяын дэлхийн аваргад түрүүлээд миний рейтинг 2200 хүрсэн. Өмнө нь 2151 байсан юм. Одоо ирэх есдүгээр сард ОХУ-д болох шатрын 39-р олимпиадад амжилттай оролцвол дутуу баллаа цуглуулж, олон улсын мастер болох боломжтой.

-Тэмцээний зохион байгуулалт хэр санагдсан бэ?

-Саяын тэмцээнийг Туркийн тэргүүн хатагтай Хайрюнисса Гюль бүрэн ивээн тэтгэж, өөрөө хаалтын ажиллагаанд оролцож, баяр хүргэсэн. Бас Туркийн парламентийн гишүүд, Туркийн шатрын холбооны ерөнхийлөгч, Кайсери хотын дарга нар оролцсон. Харин FIDE-гийн ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов өөрөө манай улсад гран-при тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож байсан учир тэр тэмцээний хаалтын ажиллагаанд биечлэн ирж чадаагүй, видео мэндчилгээ илгээсэн байсан. Ноён Илюмжинов тэр бичлэгтээ Монгол охин дэлхийн аварга болсонд баяр хүргэж байгаагаа онцолж хэлсэн байсан. Сонсоод их баярласан.

-Б.Баярмаа та хоёрыг дагалдаж том хүн яваагүй. Айж сандрах зүйл байсан уу?

-Мэдээж бэрхшээл байсан. Гэхдээ бид хоёр их хөгжилтэй явсан. Тэрнээсээ эхлээд ярьчих уу…

-Тэг тэг?

-Тэмцээний хураамж гээд 140 еврогийн 100 нь үйлчилгээний хөлс, харин 40 нь хураамжны мөнгө байсан байхгүй юу. Баярмаа бид хоёр Кайсери хотод онгоцноосоо буухдаа бид хоёрыг тосч авахгүй байх гэж бодоод би 90 евро аваад, Баярмаа юмыг яаж мэдэх вэ гээд 140 евро авчихсан байсан юм. Тэгээд бид мөнгөө хэмнэх гээд таксинд суугаад явъя гэсэн чинь зохион байгуулагчдынх нь “Turkish Chess Federation. Mongolian team” гэсэн бичиг барьчихсан хүн зогсч байсан. Тэгээд л бид хоёр дагаад явж байсан чинь Баярмаа тээшинд ачаагаа өгчихсөн байсныг таг мартчихсан, арай гэж буцаж очиж ачаагаа аваад буудал дээрээ очсон. Тэгээд байсан мөнгөнүүдээ нийлүүлээд үйлчилгээнийх нь мөнгийг өгчихөөд буудалдаа орлоо. Бид нар Hilton зочид буудалд байрласан. Тэгсэн чинь өрөөнийхөө дугаарыг буруу хараад, 609 номерийн хаалганд очоод, өөр хүний өрөөний хаалгыг онгойлгох гэж картаа дахин дахин уншуулаад онгойдоггүй. Тэгсэн чинь дотроос нь өөр хүн гарч ирээд, тэгээд картаа харсан чинь 609 биш 606 номерийн өрөө байсан байна лээ. Бид хоёр хаалга нь автоматаар онгойдог гээд л гайхаад байж байсан чинь өрөөн дотроос өөр хүн гарч ирэхээр нь бүр гайхсан. Бас оройдоо бид хоёр салхилах гэж гараад зочид буудлын гадна монгол мөнгөөр 50 төгрөгийн үнэтэй маш гоё амттай зайрмаг авч идээд, дандаа тэрнээс иддэг болсон.

-Өмнө нь хамт тэмцээнд оролцож байсан таньдаг шатарчид, найзууд чинь Туркт бас ирсэн байсан уу?

-Зөндөө ирсэн. Тэмцээнд оролцож байгаа шатарчдын ихэнх л таньдаг, зарим нь бүр сайн найзууд. Бас олон шинэ найзтай болсон.

-Монголоос өөр дасгалжуулагчгүй очсон улс байсан уу?

-Байхгүй. Бид хоёр эндээс хоёулхнаа явсан. Зочид буудалд бас хоёулаа нэг өрөөнд орсон. Тэмцээнд оролцсон шатарчид бүгд дасгалжуулагч багштайгаа, тэд нар бүх талаар нь дэмжиж, өрөгт нь тусалдаг. Монголоос өөр дасгалжуулагчгүй ирсэн улс байгаагүй. Харин бид хоёрын тухайд дасгалжуулагчгүй болохоор тоглолтод сөргөөр нөлөөлсөн зүйл бий. Жишээ нь гэхэд л, хэрэв би дасгалжуулагчтай байсан бол Туркийн шатарчинтай хийсэн тоглолтод хожигдохгүй л байх байсан. Миний анзаараагүй зүйлийг дасгалжуулагч маань анзаарчихна шүү дээ. Манай Б.Баярмаагийн хувьд ч тэр, харамсалтай л байлаа. Хэрвээ тусалж зөвлөх хүн байсан бол медаль хүртэх бүрэн боломжтой байсан. Медаль авахад ердөө 0,5 оноо дутсан. Бид хоёр өрөггүй үеэр интернэтээр Монголд байгаа багш нартайгаа холбогдож, зөвлөгөө авч байсан ч тэмцээний үеэр, яг тоглолтын үеэр дэргэд байна гэдэг асар их ялгаатай. Мөнгөгүй болохоор л хамт явж чаддаггүй юм.

-Монголын тамирчдын хувьд зардал мөнгөний асуудал үргэлж бэрхшээлтэй байх юм? 

-Тийм ээ. Саяын тэмцээний өмнө ч гэсэн ийм бэрхшээл гарсан. Тэмцээн тулчихаад байхад зардлын мөнгө байдаггүй. Гэхдээ Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Энхцаг, холбооны тэргүүлэгчдийн нэг Б.Одонбилэг нар хувиасаа Б.Баярмаа бид хоёрын замын зардлыг даагаад явуулсан. Тэгээд Б.Баярмаа маань шагналт дөрөвдүгээр байрт, харин би түрүүлээд ирлээ. Бид хоёр өөрсдөө хувиасаа тэмцээний хураамж болох 140 еврог нь төлсөн. Энэ завшааныг ашиглаад надад тусалж, дэмжиж байдаг бүх хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлье. Манай БТСГ, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл үргэлж надад тусалж байсан. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын байгуулсан "Амжилтын төлөө хамтдаа" төрийн бус байгууллагын ах нар маань надад маш их тусалдаг. Өөрсдөө хүчний спортын хүмүүс мөртлөө оюуны спортыг дэмжиж, надад тэмцээний зардал олж өгөхөд зуучилж тусалж байсанд нь би маш их баярлаж явдаг юм. Сая тэмцээн дуусаад интернетэд орсон чинь NEWS.MN дээр Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсэнм байсныг хараад баярлаад уйлах шахсан /инээв/. Бас гадна, дотны зөндөө олон хүмүүс интернетэд сэтгэгдэл бичсэн байсан. Би бүгдийг нь уншсан. Ийм олон хүн шатрыг дэмжиж, Б.Баярмаа бид хоёрт урам хайрласанд маш их баярлаж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд "Бороо гоулд", "Монгол чех металл" гэсэн компаниуд намайг дэмжиж, тэмцээний зардлаар ивээн тэтгэж байсныг би онцолж хэлэхийг хүсч байна. Энэ хүмүүсийн ачаар би өмнөх тэмцээнүүддээ оролцож, туршлага судалж байлаа. Тийм ч учраас сурагчдын дэлхийн аваргад түрүүлэх боломж бүрдсэн байх.

-Дэлхийн аваргад түрүүлсэн шатарчдад мөнгөн шагнал олгосон уу?

-Үгүй ээ. Харин цом, медаль, сертификат бас 2000 ам.долларын үнэтэй нөүтбүүк бэлэглэсэн. Мөнгөн медаль хүртсэн шатарчдад видео камер, хүрэл медалийн эздэд интернэтэд холбогддог шатрын хөлөг бэлэглэсэн. Харин шагналт байрт шалгарсан хүүхдүүдэд Туркийн тухай ном дурсгаж байсан.

-Тэмцээнд оролцсон ядуу, буурай орны шатрын холбоодод 10 ширхэг шатар, электрон цаг бэлэглэнэ гэж байсан. Манай улсын шатрын холбоонд өгсөн үү?

-Тийм. Өгсөн. Гэхдээ Монгол улс ядуу, буурай орнуудын тоонд багтахгүй гээд эхлээд өгөхгүй гээд байсан. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга албан бичиг илгээсний дагуу дурсгалын шатар, электрон цаг тус бүр 10-ыг бэлэглэсэн. Маргааш /өнөөдөр/ шатрын холбоондоо хүлээлгэж өгнө.

-А.Энхтуулыг англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэж сонссон. Гадаадад уралдаан, тэмцээнд оролцоход, тэр тусмаа ихэнх тохиолдолд ганцаараа явдаг болохоор англи хэл сайн мэддэг нь давуу тал болдог байх?

-/Инээв/ Англиар бол чөлөөтэй ярьж, ойлголцдог. Одоо хятад хэл сурч байгаа. Олон хятад шатарчин найзуудтай болохоор тэдэнтэйгээ хятадаар ярьж сурч байгаа. Одоо ер нь бага зэрэг ярьдаг болсон. Орос хэлээр бас ойлгоно, бага зэрэг ярина.

-Хэдэн наснаасаа шатар тоглож эхэлсэн бэ? Оюуны спортод хэн чамайг “уруу татав”?

-Есөн настайгаасаа тоглосон. н.Батболд багш надад анх зааж өгч байлаа. Манай урлагийн багш намайг шатрын дугуйланд хөтөлж аваачсан.

-Монгол Улсад маань FIDE-гийн өндөр зэрэглэлийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээн болж байгаа. Хамгийн залуу оролцогч Хоу Ифань чиний сайн найз гэсэн байх аа?

-Тийм ээ. Би гран-при тэмцээнээр хөтөчөөр ажиллах ёстой. Маргаашнаас эхлээд “Их тэнгэр”-т очиж ажиллана. Эх оронд маань FIDE-гийн ийм өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж байгаад их баяртай байгаа. Монголын шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа чухал алхам гэж бодож байна. Хоу Ифаний тухайд бид хоёр сайн найзууд. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгөн медальтай, сайн шатарчин охин. Монголд ээжтэйгээ хамт ирсэн байгаа, ээж маань уулзсан гэсэн. Намайг Хятадад тэмцээнээр очих үеэр бид хоёр уулзаж, хамтдаа хоолонд орж, гадуур зугаалж, дэлгүүр хэсдэг юм. Бас хоорондоо шатар тоглож, хэн хэн нь бэлтгэлээ хангана /инээв/.

-Та хоёр анх хэзээ танилцсан бэ?

-2007 онд тэмцээний үеэр танилцаж байсан. Одоо Монголд ирсэн болохоор гэртээ урина. Гэхдээ гран-прид оролцож байгаа шатарчид “Их тэнгэр”-т байрлаж байгаа болохоор гадуур гарч чадахгүй байх. Ифаний ээж нь манайд ирнэ.

-Эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнд оролцож байгаа бусад шатарчдыг таних уу?

-Хятадын шатарчидтай бүгдтэй нь сайн найзууд. Гэхдээ Хоу Ифаниас бусад нь бүгд надаас эгч. Ер нь энд тэмцээнд ирсэн шатарчдыг танина. Шатрын домог болсон Майя Чибурданизетэй өмнө нь уулзаж байсан. Тэр бол шатрын домог болсон агуу тоглогч. Тиймдээ ч шаардлага өндөртэй, тэмцээнд зөвхөн урилгаар оролцдог. Чибурнадизе хөл муутай болохоор оролцох гэж байгаа тэмцээний шат нь 15-аас ихгүй, бас тоглолтын ширээ байрлуулсан тавцангийн шат нь таваас ихгүй байх шаардлага тавьдаг. Тийм болохоор FIDE-гээс Чибурданизегийн оролцох тэмцээний тоглолтын тайз руу гарах шатыг нь тусгайлан явуулдаг. Бас энэ тэмцээнд оролцож байгаа Катарын Чжу Чень эгчтэй сайн найзууд. Уг нь хятад хүн боловч Катар хүнтэй гэрлээд иргэн нь болчихсон юм. Нөхөр нь Монголд хамт ирсэн гэсэн.

-Б.Мөнгөнтуул эгчтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Тэмцээний өмнө уулзсан. Мөнгөнтуул эгч долдугаар сард Монголд ирээд тэмцээний бэлтгэлээ нутагтаа хийсэн. Гран-при тэмцээнд зориулж, орос дасгалжуулагчтай хамтран ажиллаж байгаа. Энэ том тэмцээнд нь Б.Мөнгөнтуул эгчдээ амжилт хүсье. Бас Хоу Ифаньдаа амжилт хүсч байна. Надад бас гран-при тэмцээнд ажиллаж, шатрын агуу тамирчдын тоглолтыг үзэх завшаан олдсонд баяртай байгаа.

-Таны хүндэлж явдаг, тоглохыг хүсдэг шатарчин хэн бэ?

-Гүржийн агуу шатарчин Майя Чибурданизе. Тэр бол үнэхээр шатрын домог болсон тоглогч. Дрездений олимпиадын үеэр би энэ хүнтэй анх тааралдаж байсан. Би түүнд баяр хүргэж, цэцэг өгөөд хамтдаа зургаа авахуулж байсан юм. Тэрнээс хойш намайг мэддэг болсон юм билээ. Бас гран-при тэмцээнд оролцож байгаа Болгарын Антоанета Стефановатай Дрездений олимпиадад тоглож байсан. Хамгийн сүүлийн тоглолтод манай багийнхан Болгарын шатарчидтай тоглож байсан юм.

-Үргэлж шатар тоглохоор их ядардаг уу?

-Ядарна өө. Яг тоглож байх үеэр толгой их өвддөг. Гэхдээ өвдсөн ч хамаагүй шатрын хөлгөө сайн харж, сайн тоглож, өрсөлдөгч шатарчиндаа бууж өгөлгүй, хожихыг л хичээдэг.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж