
“Google”-ийн хувьд энэ оны эхээр Хятад дахь салбараа хаана хэмээн дуулиан тарьж, Хятад, АНУ-ын хооронд хэрүүлийн алим шидэх нэг шалтаг болж байв. Тухайн үед юанийн тогтвортой ханшийг чөлөөлөх асуудалд санал зөрөлдөөнтэй байсан дээрх хоёр орны хувьд “Google” чухам “дайны хажуугаар дажин” гэгч болсон билээ. Гэвч энэ сарын эхээр Хятадын Засгийн газар “Google”-ийн сайтуудад хяналт тавих хоригоо цуцалснаа мэдэгдсэн юм. Интернэт дэх хайлтын системийн гигант компанийн хувьд ч гэсэн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээлийг зүгээр нэг алдчихыг хүсээгүй нь ойлгомжтой. Тиймдээ Хятадын эрх баригчдад буулт хийж, зарим хэсэгт хяналт, хязгаарлалт тавихыг зөвшөөрсөн билээ. “Google” компанийн нэг жилийн орлого дунджаар 24 тэрбум ам.доллар бөгөөд түүнээс 240-600 сая ам.доллар нь зөвхөн Хятадын зах зээлээс гардаг гэх судалгаа бий. Харин Хятадын хэрэглэгчдийн хувьд хүн амын 30 орчим хувь интернэт хэрэглэгч аж. Ойрын таван жилийн хугацаанд нийт иргэдийнх нь тал хувь онлайн үйлчлүүлэгч болох тооцоог Хятадын Засгийн газраас гаргажээ. Тиймээс энэ том зах зээлийг алдахгүйн тулд “Google” нэлээд болгоомжтой хөдөлж эхэлсэн юм. Түүнчлэн сүүлийн үед тус компани ажилчдынхаа тоог нэлээд хувиар нэмж буй нь анхаарал татаж байгаа. Нийт ажиллагсдынхаа тоог өнгөрсөн оны зургадугаар сараас хойш 11 хувиар нэмэгдүүлж, зөвхөн АНУ-д л гэхэд 100 мянган ажлын байр шинээр бий болгожээ. Цаашид ч шинээр ажилтан авах зорилт тавьж байгаа юм. Ийнхүү ажилчдынхаа тоог нэмж буй нь тус компани үйлчилгээний салбартаа гол анхаарал хандуулж, өрсөлдөх чадвараа сайжруулах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид үзэж байна. Тус компани зах зээлүүдийг шинээр эзлэн салбар төвүүдээ нэмж буй нь шинэ ажиллах хүчний талбар бий болгоход хүргэсэн билээ.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин