Ерөнхий шүүгч “хуурамч” шүүгчдээ өмөөрсөн гэв үү

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч “хуурамч” шүүгчдээ өмөөрсөн гэв үү

Ерөнхий шүүгч “хуурамч” шүүгчдээ өмөөрсөн гэв үү
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэрт хаягласан албан тоот илгээгээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Уг албан тоотод дурьдсанаар Ерөнхийлөгч Ерөнхий шүүгчээс дээд боловсролын хуурамч дипломтай нэр бүхий 13 шүүгчид хариуцлага тооцохыг шаардсан билээ. Ерөнхий шүүгч С.Батдэлгэр “хуурамч” шүүгчдэдээ хэрхэн арга хэмжээ авснаа нэг сарын дотор Ерөнхийлөгчид тайлагнах учиртай. Товлосон хугацаа өнгөрөөд дахин нэг долоо хоногийг ардаа орхилоо.  Гэтэл Ерөнхий шүүгчээс Ерөнхийлөгчид хариу өгсөн талаарх албан мэдээ алга. Сураглавал, Дээд шүүхийнхэн амарсан гэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан бичгийн хариуг шаардаад амраахгүй байхаар нь албан бус хариуг өгсөн гэх мэдээ байна. Ерөнхийлөгчөөс илгээсэн албан бичигт хариу өгөх нь шүүх хурлыг хойшлуулахаас өөр хэрэг.

Өмгөөлөгч шатрын тэмцээнд орол­цож байгаа, хамаатан нь эмнэлэгт хэвтсэн, шүүгч чөлөөтэй гэх ялихгүй шалтгаанаар шүүх хурал хойшлох нь энүүхэнд байдаг. Үүнийг зохицуулах хуулийн зохицуулалт ч байхгүй. Харин Ерөнхийлөгчөөс илгээсэн албан бичгийн хариуг өгөх хугацааг хуулиар зохицуулсан байдаг. Хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Тэр тусмаа хууль сахиулах, хуулийн дагуу буруу зөвийг дэнслэх үндсэн үүрэгтэй шүүгч хуулиа зөрчиж, Ерөнхийлөгчийг үл тоох ёсгүй.

Ерөнхийлөгч хуу­рамч дип­лом ху­дал­даж аваад аль нэг бай­гууллагын сиймхийг ашиглан шур­­галчихсан овс­гоотой нэгний ту­­хай яриагүй. Ха­рин тогшссон алх, гаргасан тогтоо­лоороо хүний хувь заяаг шийддэг, бу­руу, зөвийн дэнс байх учиртай хуульч, шүүгчийн мэдлэг, боловсрол ямар байгааг шал­гуулсан. Ерөнхийлөгчийн Там­­гын газраас ажлын хэсэг гарч Бо­ловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хянал­тын ерөнхий газартай хамтран шүүгчдийн боловс­рол Шүүхийн тухай болон Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад бакалаврын сургалтын 120 багц цагийн сургалт аваагүй байж 2.5 жил хуулийн сургуульд сураад хуульч нэр зүүсэн хуурамч шүүгч 13 байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, тэд дээд боловсрол эзэм­шээгүй хэрнээ 2.5 жил хуулийн сургалтад хамрагдсанаар шүүгч болсон байна. Манай улсын аль ч их, дээд сургууль хуульчийн диплом олгодоггүй. Харин оюутнуудаа эрх зүйч мэргэжлээр төгсгөдөг. Эрх зүйч нь хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийх хэмжээний боловсрол. Харин хуульч болохын тулд хуулийн сургуульд таваас дээш жил суралцаж, мэргэшсэн бөгөөд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх учиртай. Гэтэл дээд сургууль ч төгсөөгүй байж хоёр жилийн сургалт төдийд суралцаж, хууль бусаар шүүгчийн хар нөмрөг нөмрөх эрх авсан этгээдийг “хуурамч” гэхээс яах вэ.

Ерөнхий шүүгч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Хуулийн бодлогын зөвлөх Г.Ган­зориг нартай энэ сарын 22-нд уул­заж, хуулийн шинэчлэлийн тухай ярихдаа “хуурамч” шүүгчдийнхээ талаар цухалзуулсан мэдээ байна.  Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын га­зар мэдээлэхгүй байхыг бодвол албан бус хариу бололтой. Бидэнд олдсон мэдээллээр Ерөнхий шүүгч С.Батдэлгэр “хуурамч” шүүгчдээ өмөөрсөн аж. Бүр хариуцлага тоо­цоод байх сүртэй асуудал биш гэж гөжүүдэлжээ. Цаашлаад “Ерөн­хийлөгч бидний санал болгосон хуульчдыг шүүгчээр томилдог шүү дээ. Томилсны хувьд хэрхэхээ өөрөө шийднэ биз” гэсэн утгаар ба­ самжилсан бололтой. Энэ бол Монголд тогтсон жишиг. Хөрөнгө орлогоо худал мэдүүлж, олон тоонд хамаарах компани, машин, байр сууцаа нуусан албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцоод өгөөч гэхээр олонхи дарга “Үгүй” гэсэн хариуг өгдөг. Хариуцлага тооцуулах гэж шүүхдээд ч нэмэргүй. Авлигатай тэмцэх газар арга ядахдаа нээлттэй хэлэлцүүлэг нэрээр нууц хөрөнгөтнүүдийг олон нийтэд зарлаад л өнгөрсөн. Улсын нууц задруулсан хэрэгт шалгагдаж байгаа мэргэжилтнээ хэлтсийн дарга нь “Манай хүний ажлыг тайван хийлгэ” гэж өмөөрдөг. Байнгын хорооны гишүүд Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг шийдэлгүй УИХ-ыг хууль зөрчихөд хүргэхэд УИХ-ын дарга таг дуугүй байсаар байна. Харин одоо Ерөнхий шүүгч “Манай шүүгчид хуурамч байх эсэх нь Ерөнхийлөгч танд падгүй” гэсэн утгатай үг чулуудсан гэх.

“Хуурамч” шүүгч­дийн гаргасан шийд­вэрээс болж хич­нээн хүн хохирч үлдсэн бол. Нэгэнт шүүгч нь хуурамч юм чинь гаргасан шийд­вэр нь хүчингүй байх учиртай. “Шүү­хийн тогтоолыг хүчин­гүйд тооц” гэсэн шаардлагыг шүүг­дэгч, нэ­хэмжлэгчид гар­гавал яах вэ.  Энэ мэт олон асуултад Шүү­хийн Ерөнхий зөвлөлийн даргын шийд­вэр хариулт өгөх байлаа. Ядаж л “хуурамч” шүүгч­дэдээ Шүүхийн ёс зүйн  дүрэмд зааснаар хариуцлага тооцсон бол үнэнд нийцэх байсан. Гэтэл төрийн бай­гуул­лагуудад тогтсон жишгээр шүүгчдийнхээ толгойг илээд өнгөрлөө.

Ерөнхий шүүгч дээрх хариу­гаараа хуулийн шинэчлэлийг эсэр­гүүцэн Ерөнхийлөгчтэй толхилцсон байж мэднэ. Авлигатай тэмцэх газрын даргыг эрүүгийн хэрэгт сэ­жиглэснээс улбаатай хууль сахиулагчдын талцал Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдын институцийг хамарсан тэмцэл болоод байна. Үүнд дээр хуурамч дипломтой арав гаруй шүүгчээс үүдэлтэй Ерөн­хийлөгч, Улсын Дээд шүүхийн дунд “дайн” дэгдвэл юу болох билээ. Энэ улсад хууль сахиулдаг, сахидаг институци, иргэн гэж байна уу.


Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж