1992 он. Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар. Түүхэнд Эвслийн Засгийн газар гэж нэрлэдэг ч улс төрийн хувьд жинхэнэ эвсэл байгаагүй гэж үздэг. Цаг үеийн эргүүлгийн эхэн, шинэ нөхцөл байдалд байгуулагдсан түүний Засгийн газарт лидер ч гэж байсангүй. Угаасаа улсын хэмжээнд энэ талын ойлголт дөнгөж бүрэлдэж байсан. Нөхцөл байдал нэгэнт ингэж эргэсэн болохоор Ерөнхий сайдад хуучинсаг боловсон хүчнээ шинэ залуучуудаар “сүлж” ажилласаар Үндсэн хуультайгаа золгохоос өөр гарц байсангүй. Ингээд Д.Дорлигжав, Да.Ганболд нарыг Засгийн газартаа авч, Шадар сайдаар томилсон байдаг. Түүний Засгийн газрын хийсэн хамгийн том ажил нь алдарт 20 дугаар тогтоол байсан юм. Төгрөгийн ханшийг хоёр дахин унагаж, цалин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хоёр дахин өсгөсөн энэ бодлого тухайн үед орос дэлгүүрүүдийн кассанд хуримтлагдаад байсан монгол төгрөгийг үнэгүйдүүлсэн сайн талтай. Гэвч уг тогтоолын талаар урьдчилан мэдсэн томчууд банкин дахь хадгаламжаа татан авч, өөрсдийгөө авраад байсан нь одоогийн олигархуудыг төрөхөд түлхэц өгсөн ч гэлцдэг. Энэ Засгийн газрын үед “Алт диллерийн хэрэг”, 90 саяын Гансүхийн залилан, банкуудын хямралын эхлэл тавигдсан зэргээрээ сөрөг, шинэ үзэгдлүүдийн гэрч нь болж түүхэнд үлдсэн. Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн Засгийн газарт нэр хүндийг нь өргөхөөр сайн сайхан зүйл тун ховор. Үүнийгээ бүх нөхцөл байдал шинэ тутам байсан гэдгээр тайлбарладаг.
2004 он. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар. Тухайн үед эвсч байж л нэг намын дарангуйлал, хүчирхийллээс гарна гэдгийг МАХН-аас бусад бүх нам бүрэн ойлгосон байлаа. Ийнхүү 12 жил үргэлжилсэн нэг намын дарангуйлалд цэг тавьж Ц.Элбэгдорж тэр үед Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдон “Хаан сонголт”-ынхоо гол баатар болсон юм. Харамсалтай нь лидерээр хахсан түүний Засгийн газар урт насалсангүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газар халамжийн чанартай олон арга хэмжээгээр ард түмнийг хахуульдсан ч ард түмэн биш, намын нөхөд нь Их эвслийн Засгийн газрыг 100 дахь хоног дээр нь түлхэн унагалаа. Сайд нар намынхаа нэр хүнд, ашиг сонирхлын төлөө хэрхэн урваж шарвадгийг энэ үед тодорхой харуулсан. Парламент дахь намууд зөвшилцөж, Засгийн газраа байгуулах нь нэг намын дарангуйллаас гарах цорын ганц арга мөн гэдгийг харуулсан. Харин үүний тулд хуваах бялуу нь том байх учиртай. Энэ учир шалтгааны улмаас төрийн нүсэр бүтцийг бий болгосон нь уучилшгүй алдаа болсон төдийгүй уламжлагдан үлдсэн нь харамсалтай. Ц.Элбэгдоржийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Хүүхдийн 10 мянга”, “40 мянган орон сууц”, татварын шинэчлэлийн бодлого зэрэг нь ард түмэнд таалагдаж, амьдралд биеллээ олж эхэлсэн. Энэ нь түүнд дайсан бэлтгэж өгсөн боловч одоо хэр нь амь бөхтэй байгаа төдийгүй өргөжин тэлсээр байгаа нь сайшаалтай.
2006 оны нэгдүгээр сарын 26. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний эв нэгдлийн гэсэн нүсэр овогтой М.Энхболдын Засгийн газар төрсөн. Бараг бүх сайд нь бизнесийн бүлэглэлийнх байсан болохоор олон нийтэд олигархиудын ноёрхол төрд гарч ирлээ гэсэн сөрөг ойлголт төрүүлсэн. Хүчирхэг баг бүрдүүлэхийн тулд ийм хүмүүсийг сонгосон нь Ерөнхий сайдын алдаа байсан төдийгүй мөнгө хуримтлуулж төрд шургалах жишгийг тогтоосон гэхэд буруудахгүй. М.Энхболд багаа буруу бүрдүүлснийхээ алдааг ердөө ганцхан жилийн дотор амсч сайд нараа “алдаж” эхлэв. Энэ үед “самар цөмөх”, “шүд сугалах” зэрэг нэр томьёо бий болж, анхны дайралт нь Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг онилсон байлаа. Булган сүүлтэй “Буян” Жагаа араасаа Л.Гүндалай, С.Отгонбаяр нарыг дагуулсан. Хэдийгээр “МАХН бусчууд”-аар оролдож эхэлсэн ч төгсгөлд нь сөрөг хүчин биш МАХН-ын эврэлцэл Засгийн газраа унагасан юм. М.Энхболдын Засгийн газрын үед халамжийг хавтгайруулах нь хэрээс хэтэрч улс төр, эдийн засагчдын хоорондын хүйтэн дайны эхлэл тавигдсан. Мөн Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Наранцацралт автомашины ослоор, АТГ-ын дарга Б.Дангаасүрэн амь насаа учир битүүлгээр алдсан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг хөнөөсөн хэрэг зэрэг ээдрээтэй олон гэмт хэрэг гарч байв. Гэрэл гэгээтэй мөрүүд гэвэл “Хадгаламж” банкийг амжилтгүй хувьчилсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын алдааг засч амжилттай хувьчилсан. Ажлын байр шинээр бий болгоход онцгой анхаарсан зэрэг нь олон нийтэд үнэлэгдэж байсан.
2007 оны арванхоёрдугаар сарын 5. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар. С.Баярын толгойлсон Засгийн газрын сайд нар Үндэсний эв нэгдлийн гэх өмнөх тодотголоо хадгалан дүүжигнэсээр УИХ-ын 2008 оны сонгуультай золгосон. Ерөнхий сайд ажлаа авсныхаа дараахан “Ми-8” нисдэг тэрэгний ослын улмаас ёс суртахууны хариуцлага хүлээж өргөдлөө өгнө хэмээн шоудсан ч хэлсэндээ хүрч чадахгүй тээнэгэлзэж байсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, хэл ам татлаад байсан Мэргэжлийн хяналтын газрын дарга нартай хариуцлага тооцсон. Энэхүү зоримог үйлдэл нь С.Баяр болон түүний Засгийн газарт итгэх итгэлийг төрүүлсэн. Түүхэндээ хамгийн олон буюу гурван эмэгтэй сайдтай байсан нь ч олон хүнд таалагдахад нь нэмэр болсон. Тухайн үед дараагийн УИХ-ын сонгууль ойртсон байсан тул “Сайд нар нь салбартайгаа танилцсаар байгаад сонгуультай золгох нь” гэлцэж байлаа. Тэрбээр Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж бизнесмэнүүдтэй зөвшилцөн төрийн мэдэлд буцааж чадсанаараа сонгуулийн өмнөх хамгийн том нэр хүндээ олсон. Харин сонгуулийн үеэр АН-аас иргэн бүрт нэг сая төгрөг олгох “Эрдэнийн хувь” хөтөлбөрийг “Эх орны хишиг” нэртэй 1.5 сая төгрөг олгох өөр хувилбараар тас цохисон. Түүнийхээ төлөө олон хоног нойргүй хоносон нь лавтай ч сонгуульд ялагдаагүйгээрээ өөрийгөө цагаатгадаг.
УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй сонгогчдын эсэргүүцлийн жагсаал урьд хожид байгаагүй аймшигт үр дүн дагуулж, таван хүний амиар тахил өргөсний эцэст С.Баяраар толгойлуулсан хамтарсан Засгийн газрыг байгуулахаар болов. “Долоон сарын нэгний үймээн”-хар сүүдэр түүний Засгийн газарт төдийгүй, МАХН, Монголын улс төрийн түүхээс олон жилийн туршид арилахгүй биз ээ. Дангаараа Засгийн газраа байгуулах байсан юм хэмээх намынхныхаа бухимдлыг даван гарч тэрбээр “Стандарт бус” Засгийн газраа байгуулсан. Тухайн жилийн наадмын үеэр мориноос унаж гэмтсэнийг муу ёрд тооцох монголчуудын мухар сүсэг, сэжиг цээрийн улмаас Ерөнхий сайд С.Баярын хувийн нэр хүнд үлэмж унасныг үгүйсгэх аргагүй. Түүнээс хойш “Ерөнхий сайдын бие тааруу, гадаадад эмчлүүлж байгаа” гэсэн мэдээллүүд түгшүүр төрүүлсээр С.Баяр өргөдлөө өгснөөр сая цэглэв. Эрүүл мэндийн шалтгаанаар төрийн өндөр албанаас чөлөө хүссэн, тэр үедээ ардаа унжуургатай хэдэн цөлх үг хэлсэн зэрэгт нь С.Баярт “Буцаад ирэх боломж бий” гэдэг итгэлийг олон нийтэд үлдээсэн. Ололттой нь гэвэл 2009 оны аравдугаар сард зургаан жил дуншсан Оюутолгойн гэрээг баталсан. Энэ нь цаашид стратегийн бусад ордыг ийм жишгээр ашиглаж орлогоо нэмэгдүүлж болох юм гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн. Гэвч сонгуулийн амлалтаас улбаатай нэхэл хатуутай, 1.5 сая төгрөгийг иргэн бүрт олгох хүлээлт түүний Засгийн газрын хамгийн гол “шүдний өвчин” байсан. Эхний ээлжийнхийг амсуулахгүйгээр амирлуулахгүй нь тодорхой байсан учир 70 мянган төгрөгөөр түр аргацаасан ч энэ нь амласнаа өгөх юм байна гэсэн итгэл үнэмшлийг нийгмийн тодорхой хэсэгт бий болгосон юм. Сэнтийгээсээ буухын өмнө УИХ-ын чуулганы индэр дээрээс “Засгийн газрынхаа хэвийн үйл ажиллагааг цаашид хангах чин хүсэлтэй байна” гэсэн түүний захиас сайд нараа баярлуулж, намынхаа хоёрдугаар ээлжийнхнийг гомдоосон нь лавтай.
2009 оны аравдугаар сарын 29. С.Батболдын тэргүүлж буй Засгийн газар. С.Баярын орыг залгасан С.Батболд “Бид хамтдаа чадна” гэсэн уриа өвөртлөн орж ирлээ. Гадаад харилцааны нааштай алхмууд, бизнесийн харилцаанд төрийн оролцоо ямар байх талаар олон сайхан үг хэлснээрээ сайнаар үнэлэгдэж эхэлсэн. “Танхимынхаа халуун ам бүлээс хэнийг ч хөдөлгөхгүй” гэсэн ам тохироотой ирсэн ч бодит байдал дээр амлалтаа хадгалахад амаргүй болох нь өдөр ирэх тусам мэдрэгдсээр байна. “Тавантолгойн ордоос иргэн бүрт хувьцаа хэлбэрээр олгоно” хэмээн тунхагласан нь хувь, хишиг хүртэлгүй хоцрох вий хэмээн бухимдсан иргэдийн сэтгэлд гэгээ татуулсан. Уламжлал ёсоор хоёр дахь жилдээ дүүжигнэж буй хамтарсан Засгийн газрын талаар улстөрчдийн хандлага ганхаж эхлээд байна. Тухайлбал, Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нараас өө хайх нууц ажиллагаа эхлээд байгаагаас гадна саяхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай мэдэгдэл чих дэлсч эхэллээ. Тогтвортой төрийн эсрэг сүүлчийн оролдлогууд иргэдэд таалагдах эсэх нь тун эргэлзээтэй. Дашрамд дурьдахад, ган гачиг, үер усны аюул, малын халдварт өвчин улс орныг түгшээж байгаа энэ цаг үед Засгийн газрын хуралдаан завсарлаж, найр наадам тасралтгүй үргэлжилж байгаа нь С.Батболдын Засгийн газрын нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Өө хайж буй хэсэг бүлэг хүнд тун аятайхан боломж гарч ирж мэдэх л юм.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин