Харилцаа, холбоо бол улсын хөгжлийн үзүүлэлт

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Харилцаа, холбоо бол улсын хөгжлийн үзүүлэлт

“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал С.Адъяасүрэнг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Удахгүй холбоочдын баяр болох гэж байна. Иймд манай улсын харилцаа, холбооны үүсэл хөгжил, түүхэн замналаас яриагаа эхэлье.

-Энэ жил харилцаа, холбооны салбарын 89 жилийн ойн баяр тохиож байна. Манай салбарын хөгжил Ардын хувьсгалын ойтой нас чацуу. Юуны өмнө нийт холбоочид, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийнхаа хамт олон, үе, үеийн ахмадууд болон мөр зэрэгцэн ажиллаж буй нөхдөдөө холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэнд хүргэж ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ер нь харилцаа, холбооны салбарын хөгжил тухайн улсын хөгжлийн зам мөрийг харуулж байдаг. Нэг үгээр хэлбэл, тухайн улсын хөгжлийн үзүүлэлт гэсэн үг юм. Тиймээс бид улсынхаа хөгжлийн түвшинг дэлхийн жишигт нийцүүлэн ажиллахыг зорьж байна. Манай компани бизнесийн үйл ажиллагааны хэлбэрт шилжээд гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчид гэвэл энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд юм. Тухайлбал “МЦХ” ХК, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл зэрэг байгууллага байдаг бөгөөд эдгээрт харилцаа холбооны үндсэн сүлжээ, түүнийг дагах дэд бүтэц, байр талбай зэргийг түрээслэх, ашиглах замаар бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.

Тэгэхээр манай компанийн хэрэглэгчдэд бол үйлчилгээ нь шууд бус замаар дамжин хүрч байгаа гэж ойлгож болно. Компанийн статусын хувьд 100 хувь төрийн өмчит компани бөгөөд бодлогын чиглэлээ Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газраас, зохицуулалтын тухайд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зохицуулж байдаг юм.

-“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани байгуулагдаад удаагүй байгаа. Энэ хугацаанд хүндрэлтэй олон зүйл гарч байсан байх. Тус компанийг  байгуулах болсон тухайгаа ярихгүй юу?

-Манай компани байгуулагдаад гурван жилийн хугацаанд сайн, муу олон зүйлийг тууллаа. Өмнө нь Цахилгаан холбоо компани монополь эрхтэйгээр манай компанийн эзэмшиж буй сүлжээг бусдад ашиглуулах, өөрөө ашиглах замаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Одоо бол Цахилгаан холбоо компани болон бусад компаниудад манай компани үйлчлэх зарчимд шилжсэн. Энэхүү шилжилтийн үед нэлээд хүндрэл гарч байсан. Үүнийг тухайн үед сүлжээ, үйлчилгээ гэсэн хоёр үндсэн ангилалд хувааж бүтцийн өөрчлөлт хийсэн. Манай компанийг зөвхөн сүлжээ, дэд бүтцийг ашиглуулах замаар бизнес хийлгэе. Харин үйлчилгээний компани нь хэрэглэгчдэд үйлчилдэг байх үүднээс салгасан. Энэ нь төрийн сүлжээ буюу манай компанийн мэдэлд байгаа сүлжээ өргөн хүрээтэй учир хэрэглэгчдийг ялгалгүй, сүлжээг зөв ашиглуулах зарчимд шилжүүлж байна гэсэн үг юм. Үгүй бол өрсөлдөгч хоёр компани бие биедээ сүлжээгээ ашиглуулах боломж бага байсан. Учир нь дээрх нөхцөлд монополь юм уу, бизнесийн шударга бус зарчим заавал үйлчилдэг. Харин одоо ийм зарчмын бус байдлыг гаргахгүйн төлөө хичээн ажиллаж байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд манай компанийн байдал харьцангуй эерэг болж байна. Өмнө нь нэлээд алдагдалтай ажилладаг байсан бол өнгөрсөн жилээс ашигтай ажиллаж эхэлсэн. Энэ онд ч гэсэн ерөнхийдөө дэвшилттэй байна. Компани байгуулагдсанаас хойш хийж бүтээсэн зүйл бидэнд их бий. Харилцаа, холбооны салбарт сүүлийн үед хийсэн бүтээн байгуулалтын чиг үүргийг манай компани хариуцдаг. Тиймээс байгууллагыг маань их хэмжээний өр, зээлтэй компани гэж зарим хүн ойлгодог. Өр, зээлээ дарах нь компанид нэлээд том ачаа болдог л доо. Салбарынхаа бүх зээлийг хариуцна гэдэг их хүнд. Энэ бүгдийг өнгөрсөн онд Засгийн газраас нааштайгаар шийдвэрлэж өгсөн. Товчхондоо, зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээг буулгасан. Зээлийн хүүгээ бууруулна гэхээр зөрүү төлбөрөө үндсэн зээлдээ төлөөд явах нь бидэнд ашигтай гэж ойлгож болно. Мөн бодлогын шийдвэрүүд нь компанийн бизнес, хэрэглэгч компани, ард түмэнд ашигтайгаар гарсан. Жишээлбэл, манай компанийн дамжуулах сүлжээний үнэ тарифыг интернэт үйлчилгээнд зориулж, өнгөрсөн онд дөрөв дахин хямдрууллаа. Энэ нь нэг талдаа бизнесийн хэрэглэгч олноор нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр үнэ хямдраад ард түмэнд очиж байгаа үйлчилгээг илүү боломжийн болгож байгаа. Цахилгаан холбоо, манай байгууллага хоёр тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотойгоор шийдвэрлэгдэхгүй асуудал их байсан. Эдгээрийг хоёр тал ярилцаж, зохистой байдлаар шийдэж байна. Бусад харилцагч компанидаа ч гэсэн бизнесийн шинэ арга барил, уян хатан үйлчилгээний нөхцөлүүд тавьсан. Ингэснээр хэрэглэгчдийн бидэнд итгэх итгэл, хандлага эерэг боллоо. Энэ бол бидний хувьд компани байгуулагдаад үр дүнтэй ажиллаж байгаагийн илрэл юм.
 
-Аливаа салбарт техникийн шинэчлэл хийдэг. Тэр тусмаа харилцаа, холбооны салбар эн тэргүүнд нь явдаг. Тиймээс танай компани техникийн шинэчлэлээ хэрхэн хийж байна. Мөн хамрах хүрээнийхээ тухайд?

-Ер нь техникийн шинэчлэлийг далайцтай хийж байна. Сонгуулийн өмнөх жил шилэн кабель нэлээд татсан. Тэр үед байсан шилэн кабелиас илүү өргөн хүрээнд татсан. Одоо манай компанийн эзэмшилд 7800 км шилэн кабелийн сүлжээ байдаг. Энэ бол сайн үр дүн. Бид 130 гаруй сум, суурин, бүх аймгийн төвүүдэд шилэн кабелийн сүлжээ суурилуулсан. Энэ нь хэрэглэгчдэд асар их боломжийг бий болгож өгдөг. Хэрэглэгчид өмнө нь холбооны салбар дээрээ дугаарладаг байсан бол одоо сумдад хүн бүр гар утсаар ярьж байна. Компанийн ерөнхий бодлогын хувьд техник, технологио түлхүү хөгжүүлэн ажиллахыг юун түрүүнд баримталдаг. Техникийн хувьд энэ жил төсөл хэрэгжих хандлага байгаа учир улсын хэмжээнд хэчнээн суманд шилэн кабель оруулж болох боломжтой байна вэ, түүнд зориулан бүх хайгуул, судалгааг хийсэн. Хэрэв төсөл хэрэгжвэл 140 орчим суманд шилэн кабелийн сүлжээ суурилуулна гэсэн үг. Сүлжээ орвол сумдад суугаа хүмүүст маш их боломж нээгдэнэ.

-Танай байгууллага хүмүүст шууд үйлчилгээ үзүүлдэггүй. Харин хэрэглэгч компаниудынхаа тухай ярихгүй юу. Тэдгээр компанитай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Салбарынхаа хүрээнд ярихад, тав, зургаан том хэрэглэгч компани бий. Хамгийн том нь Цахилгаан холбоо компани, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, мөн төрийн байгууллагууд. Үүнд, Сангийн яам, БСШУЯ, төрийн холбоо гэх мэтчилэн томоохон хэрэглэгчид байдаг. Үүрэн холбооны компаниуд шилэн кабелийн сүлжээ ороогүй газар нутагт сансрын холбооны систем ашигладаг. Энэ систем нь гэмтэл, саатал, алдаа гарах магадлал их байдаг. Мөн сансрын холбоо маш их өртөгтэй. Тиймээс үүрэн холбоо, интернэтийн зэрэг компаниуд сумдад үйл ажиллагаа явуулбал бараг алдагдалд ороход хүрдэг учраас дээр яриад байгаа шилэн кабелийн сүлжээ аль болох хурдан орох хэрэгтэй байна. Энэ жил бид Мобиком компанийн бүх техникийн байгууламж, бааз станцыг нь 100 хувь хариуцаж ажиллахаар боллоо. Бид нөхцөлүүдээ тохирон жил гаруй хугацаанд ярилцсан. Мобиком компани бол манай томоохон хэрэглэгч. Бидний зорьж буй дараагийн зорилт бол Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниудтай дээрх чиглэлээр хамтарч ажиллах асуудал байна. Тухайн байгууллага заавал хүн томилж ажиллуулж байхаар техникийнхээ сүлжээг бидэнд хариуцуулвал илүү амар байх болно. Өртгийн хувьд ч хямд. Манай байгууллагын төлөөлөл аймаг, сум бүрт байна. Бид өнгөрсөн жил хэд, хэдэн зорилт тавьж ажилласан. Техникийн бодлого хот, хөдөөд ямар байна, ер нь зөв үү гэдгийг эргэн харж, цаашид техникийн ямар шинэчлэл хийвэл илүү сайн ажиллах бол гэдэгт анхаарч байна.

-Орчин үеийн шинэ техник, технологийг ашиглахын тулд түүнийг төгс эзэмшсэн боловсон хүчин шаардлагатай болно. Танай компани хэчнээн ажилтантай вэ?

-Манай компани 22 харьяа газартай. Орон нутагт доод тал нь 18 хүн, дээд тал нь 70 хүн ажилладаг. Нийт 1500 орчим ажилтантай. Компанийн маань төлөөлөл сум, аймаг, нийслэл, дүүрэг бүрт байгаа. Өнгөрсөн онд дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэлээ. Манай улсын хувьд ч  хүндхэн байсан. Ийм нөхцөлд ажилчдаа халж, цомхотголгүй зардал хэмнэх, орлого олох боломжийг харж, хэрэгжүүлсэн. Хүнээ цомхотгохын оронд шинэ санаа нэвтрүүлж, түүнийгээ хэрэгжүүлэн орлогоо нэмэгдүүлэх замаар бизнес хийх бодлогыг баримталсан. Бид орон нутгийнхаа ажилчдыг сургах, аттестатчилал явуулж, юу мэдэх ёстойг нь чиглүүлж өгч байгаа. Манай компанийн төв, орон нутгийн техникийн ажилчдын хувьд маш чадварлаг, ажилсаг хамт олон байдаг. Бид төв, орон нутагт үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй техник хэрэгсэл, хөрөнгө оруулалтын ажил нэлээд хийсэн. Би өндөр мэдлэгтэй хэрнээ ажлаа гэсэн сэтгэлгүй хүнээс илүү дундаж мэдлэгтэй ч ажлынхаа төлөө чин хүсэлтэй байвал илүү үр дүн авчирдаг гэж боддог. Үүнийгээ ч хамт олондоо уриалж явдаг. Мөн манай эзэмшилд байдаг өмч хөрөнгө дандаа гадаа байдаг. Дотор үлддэг нь бага шүү. Халуун, хүйтэн болно, бороо орно, шуурга шуурна, үер бууна, энэ үед гэмтэл гарна. Тиймээс цас, бороо, шуургатай байсан ч гарч засахаас өөр аргагүй. Харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу цаг хугацаанд нь засч, сэлбэх л ёстой. Нэлээд хөдөлмөрлөж байж ажил урагшилж байна даа. Үүнийхээ үр дүнг бага, багаар хүртэж эхэллээ. Ноднин олсон ашгаасаа тодорхой эх үүсвэрийг ажилчин, албан хаагчдадаа зориулахаар төлөвлөж байна. Энэ ажлыг ирэх намраас ажил жигдрэхээр хэрэгжүүлж эхэлнэ. Цаашид таван жилийн дотор бүх ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах бодолтой байна. Дотоод нөөц бололцоогоороо өнгөрсөн жил 12 айлын асуудлыг шийдэж өгсөн.

-Энэ жил танай компани Монголын топ 10 компанийн нэгд багтсан. Бүтцээ шинэчлээд хоёр, гуравхан жилийн хугацаанд шилдэг компаниудын нэгд багтаж чадсан нь том амжилт шүү?

-Сайн ажилласныхаа хэрээр шагнуулна гэдэг хүмүүст их урам өгдөг. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг топ аравт өнгөрсөн жил  бид багтаж чадсан. Нэрний хувьд л “Мэдээлэл, холбооны сүлжээ” төрийн өмчит компани болохоос бус өмнө нь ч гэсэн томоохон статустай, топ компаниудын тоонд орохуйц компани байсан. Шилдэг компанид багтаж чадсан нь манай компанийн ажилтнуудын хамтын ажиллагааны үр дүн. Манай салбарыг толгойлдог байгууллага бол Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар. Тус газар манай компанийг салбарын тэргүүний байгууллагаар шалгаруулсан. Мөн Засгийн газраас шалгаруулдаг шилдэг 100 компанийн нэгд орсон.

-Татвар төвлөрүүлэлтээрээ улсад хэр хэмжээний орлого оруулж байна вэ?

-Манай компани зээлтэй учир ашиг, орлого олсны татвар гэж бага л даа. Гэхдээ тодорхой хэмжээний ашигтай ажиллавал татвараа төлдөг. Ер нь 1500 хүний нийгмийн даатгал, эрүүл мэнд гээд тооцвол нэлээд татвар төлчихдөг. Байгууллага маань өнгөрсөн жил Нийгмийн даатгалын ерөнхий газраас шилдэг татвар төлөгч байгууллагаар өргөмжлөгдсөн. Мөн Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгаруулсан. Миний бодлоор санхүүгийн сахилга батыг сайн сахих хэрэгтэй гэж боддог. Зөвхөн татвар төлөөд явдаг байгууллага бус, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ бага ч болтугай оруулахыг хичээдэг. Урлаг, спорт, нийгмийн арга хэмжээнүүдийг дэмжиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг  хамт олон шүү, манайхан. Бид хамгийн сүүлд “Маамуу нааш ир” гэдэг дуунд зориулж хөшөө босгох гэж байгааг дэмжиж, тусламж үзүүлсэн. Мөн Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрт нийгмийн хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлэх боломжийг нь гаргаж өгсөн. Хичээлийн шинэ жил эхлэхээр тодорхой тооны оюутнуудын сургалтын төлбөрийг даах зэрэг нийгэмд хэрэгтэй үйлст гар бие оролцон ажиллахаар төлөвлөж байна. Манай хамт олон жаргал, зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ урам зориг хайрлаж явдаг сайхан хамт олон.

-Мэдээлэл, харилцаа бол дэд бүтцийн амин сүнс гэж хэлж болно. Бид үүрэн телефоны утсаар нэг нэгэнтэйгээ холбогдож байгаагийн цаад үндэс нь танай байгууллага юм байна. Түүхт 89 жилийн ойгоо амжилттай угтсан танай байгууллагынхан дэлхийн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ?

-Улсынхаа хөгжилтэй харьцуулахад түрүүлээд явчихсан гэж хэлж болно. Хэдхэн жилийн өмнө бид гар утас мэдэхгүй, гар утсыг хамгийн баян хүн барьдаг гэж ойлгодог байсан. Гэтэл өнөөдөр сургуулийн хүүхдээс авахуулаад эмээ, өвөө хүртэл бүгд ашиглаж байна. Үүнээс харахад, гар утас хэрэглээ болжээ. Ер нь манай улсад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дандаа өсдөг. Харин манай холбоо таван жилийн өмнө ямар тарифтай байсан, түүнээсээ дандаа буурсан үзүүлэлттэй байна. Гар утсаар тухайн үед нэг минут нь 200, 300 төгрөгөөр ярьдаг байсан бол одоо улам л хямдарч байгааг та бид харж байгаа. Манай холбооны хөгжил дэлхийд нэг, хоёрдугаарт ордог гэж хэлэхгүй л дээ. Ерөнхийдөө хоцорсон юм байхгүй. Бидний хэрэглэж байгаа гар утас, түүний функц, хэрэглээ ямар байдаг вэ дэлхийн хүмүүс ч үүнтэй адилыг хэрэглэж байна. Бидний бичилцэж буй харилцаа холбооны түүх бол сайн түүх гэж боддог.

-Шинэ технологи нэвтрүүлэх, үйл ажиллагаа эхлүүлэхэд төр засаг бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Бид энэ талаар хоорондоо байнга зөвлөлддөг. Төр засгийн хувьд хэрэглээг илүү их болгох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг эхнээс нь хийж эхэлж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийг Засгийн газар, Төрийн өмчийн хороо, МШХХТГ, ХХЗХ болон харилцагч компаниуд маань их дэмждэг. Ер нь би аливааг болохгүй байна гэж ярих дургүй. Бүх юм болж байна. Одоо дахиад үүнийг хийчихвэл илүү сайн болно гэж л ярих дуртай. Хүн ер нь ажлаа их өөдрөгөөр харах юм бол бүтэх магадлал өндөр байдаг.

-Танай компани ойгоо угтаж, ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ. Мөн дэлхийн стандартад нийцсэн видео хурал хийх гэж байгаа гэсэн. Энэ тухай тодорхой ярихгүй юу?

-Харилцаа холбоог анх морин өртөөгөөр зохицуулдаг байсан. Харин дараа нь цахилгаан холбоог ашигласан. Одоо бол бид улс орныхоо хаана ч гар утсаар бие биетэйгээ холбогдож байна. Урьд нь 21 аймгийн дарга нартайгаа хуралдахын тулд тэднийг хотод цуглуулдаг байсан. Энэ нь эдийн засгийн хувьд үр өгөөж муутай, зардал их, хугацаа алддаг зэрэг асуудал олон байсан. Харин видео танхим нээгдсэнээр аймгуудын салбартай өдөр бүр холбогдож, хурлаа хийх нөхцөл бололцоо бүрдсэн. Энэхүү танхимыг зөвхөн бид өмчлөөд байх бус 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудад ашиглуулах зорилготой. Мөн 21 аймагт видео танхимаа байгуулсан. Ойн баяраа угтаад нийт салбарын болон манайхтай энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой хүмүүст барьж байгаа бэлэг гэж үүнийг ойлгож болно. Маргааш /өнөөдөр/ бид энэхүү видео хурлын танхимынхаа нээлтийг хийн аймаг бүрийнхээ ажилчидтайгаа холбогдож, ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Ингээд компанийнхаа хамт олонд болон салбарынхаа мэргэжил нэгт нөхөд, үе, үеийн ахмад холбоочдодоо ойн баярын мэндийг дахин хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж