Европын аварга – Германы өдөр

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Европын аварга – Германы өдөр

Испанид үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Германы баг хос алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Германы тамирчин Верена Сэйлер хамгийн хурдан нь байв. Европын танхимын аваргын 60 метрт хүрэл медаль хүртэж байсан Сэйлер арын тамирчин Вероника Мангаас 0,01 секундын өмнө барианд орж, алт медалийн эзэн болсон байна. Францын тамирчины нутаг нэгт Мириам Сумэр хүрэл медалийн тавцанд зогсчээ.

Германы өөр нэг алтан медаль эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд тэмдэглэгдлээ. Линда Штал хувийн дээд амжилтаа Барселонд гарган 66,81 метрийн амжилтаар алт авсан бол түүний нутаг нэгт Кристина Обергфолл 65,58 метрээр мөнгө, Олимпийн аварга Чехийн тамирчин Барбора Спотакова 65,36-аар хүрэл медалийг энгэртээ зүүсэн байна.

Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээнд Оросын тамирчид илт илүүрхлээ. 26 настай Александр Шустов өөрийн хувийн дээд амжилтаа шинэчилж, 2,33 метр дээгүүр гарч, том тэмцээний анхны алтан медалиа авсан байна. Хойд хөрш улсын өөр нэг тамирчин танхимын европ, дэлхийн Иван Ухов 2,31-ээр мөнгө, харин хүрлийг Их Британийн Мартин Бернард авчээ.

Дэлхийн аварга Их британийн тамирчин Филипс Айдову эрэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд 17,81 метр харайж хувийн дээд амжилтаа шинэчлэн түрүүлсэн байна. Энэ нь Британийн багийн тав дахь медаль болсон аж. Олимпийн мөнгөн медальт Румыний Мариан Опреа 17,51-ээр мөнгө, Францын Тэдди Тамго хүрэл медалийг тус тус авсан байна.

Мөн эрэгтэйчүүдийн 10 төрөлтөд Францын Ромэйн Баррас 8453 оноогоор тэргүүлж, алтын эзэн болсон байна. Сүүлийн 1500 метрийн уралдаанд тэрбээр өөрийн гол өрсөлдөгч Нидерландын Ээлко Синтиниколасынг өмнө барианд орсноор аваргын болзол хангажээ. Нидерландын тамирчин 8436 оноогоор мөнгөн медаль, Беларусийн Андрей Краучанка хүрэл медалийг тус тус авсан байна.  

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж