D&G “Челси”-гийн оддыг хувцаслана

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

D&G “Челси”-гийн оддыг хувцаслана

Британийн Vogue сэтгүүлд мэдээлснээр Италийн нэр бүхий загварын ордон Dolce & Gabbana Английн Премьер лигийн аварга “Челси” клубтэй гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний хугацаанд нэрт загвар зохион бүтээгчид Лондонгийн угсаатнуудын албаны ажиллагаанд гангарах хослол, хувцас хэрэглэлийг урлах гэнэ.

“Челси” клубын илэрхийлэл болсон хөх өнгийг ашиглан D&G эхний ээлжинд тоглогчдод зориулан хоёр өөр загварын иж бүрэн хослол зохион бүтээсэн байна. Эхнийх нь хүрэмний энгэрт клубын логог хатгаж, чимэглэсэн гурван хослол бол нөгөөдөх нь хар кет, хар цамц болон жинсэн өмдний хослол бөгөөд дээрх хоёр хослолд тохируулж, хар ноолууран пальтог мөн урлажээ.

Харин клубын дасгалжуулагч Карло Анчелотти болон бусад дасгалжуулагчийн багийнхны тухайд мөн л D&G-гийн зохион бүтээсэн хоёр товчтой хүрэм, цэнхэр цамц, ноосон даавуун хантаазаар гангарах юм.

Дэлхийн топ зэрэглэлийн хөлбөмбөгийн багуудын нэг “Челси” болон загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч D&G нарын хамтын ажиллагааны хүрээнд мөн “Челси” клубын захирлуудын лаунжийг шинээр засч тохижуулжээ. Мөн л D&G-гийн мэдрэмжийг ашиглан хөх өнгийн тавилга, царс модон шалыг мөнгөлөг өнгөтэй хослуулсан байна.

Dolce & Gabbana-гийн тухайд анх удаагаа хөлбөмбөгийн баян чинээлэг, алдартай багтай хамтран ажиллаж буй тохиолдол биш юм. Тэд өнгөрсөн жил Италийн “Милан” клубын зуны аялан тоглолтын үеэр энгийн, өдөр тутмын хувцасны өнгө төрхийг тодорхойлж байснаас гадна өнгөрсөн хоёр удаагийн дэлхийн цомын тэмцээнд Италийн шигшээ багийн өмсгөлийн загварыг гаргаж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж