“Формула нэг”-ийн 2010 оны дэлхийн аварга Red Bull баг 2011 оны улиралд сойх төмөр хөлгөө танилцууллаа. Ирэх улиралд тэд өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, нисгэгчийн болоод зохион бүтээгчийн цомд аль алинд нь аваргална гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр ярьж байлаа. “Формула нэг”-ийн ДАШТ гуравдугаар сарын 13-нд Бахрайны гран-пригаар эхэлнэ. Харин улирлын өмнөх дөрвөн туршилтын уралдааны эхнийх нь өчигдөр Испанийн Валенсия хотноо эхэлсэн юм. Энэ үеэр өнгөрсөн жилийн аваргууд энэ улиралд тэдний өнгө төрхийг тодорхойлох уралдааны машинаа танилцуулсан нь энэ байлаа. Цоо шинэхэн RB7 загварыг хамгийн залуу дэлхийн аварга Себастьян Веттель болон Австрали нисгэгч Марк Уэббер нар хөлөглөнө. Тэдний хувьд гурав дахь жилдээ Австрали эзэнтэй багт хамтдаа хүчин зүтгэх гэж байна.
Red Bull багийн ах гэж болох Toro Rosso болон Mercedes, Williams багууд мөн гурван өдөр үргэлжлэх Валенсиягийн туршилтын гарааны эхний өдөр буюу өчигдөр 2011 оны загвараа танилцуулсан байгаа. Багуудаас Ferrari хамгийн түрүүлж, өнгөрөгч баасан гаригт Италийн Маранелло дахь авто бааздаа шинэ загвараа толилуулсан бол Team Lotus, Renault болон Sauber даваа гаригт танилцуулсан билээ.
Red Bull-ын тухайд өнгөрсөн жил одтой байж, багийн нисгэгч болох Германы Себатьян Веттель Абу Дабид болсон улирлын хамгийн сүүлийн гараанд түрүүлснээр дэлхийн аварга болсон бол багийн анд Марк Уэббер нь гуравдугаар байрт шалгарсан билээ. Харин баг нь зохион бүтээгчийн цомд McLaren-аас 44 онооны давуугаар тэргүүлж, “Формула нэг”-т хөл тавьсан цагаасаа хойш тав дахь жилдээ аваргын цомд хүрсэн юм.
С.Цэлмэг