Дэлхийн шилдэг шатарчид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг шатарчид Монголд ирлээ

FIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал тэмцээн маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Дэлхийн шатрын спортын тавцанд нэр алдраа дуурсгасан шилдэг 12 эмэгтэй шатарчдын оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх гран-при тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, FIDE болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй. Дэлхийн эмэгтэй шатарчдын хувьд хамгийн нэр хүндтэй, чансаа өндөртэй тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн их мастер Б.Мөнгөнтуул оролцох бөгөөд түүнээс гадна Майя Чибурданизе /Гүрж/, Сью Юйхуа /БНХАУ/, Конеру Хампи /Энэтхэг/, Чжу Чень /Катар/, Татьяна Косинцева /ОХУ/, Хоу Ифань /БНХАУ/, Жао Сьюэ /БНХАУ/, Шень Ян /БНХАУ/, Мэри Себаг /Франц/, Бетул Илдиз /Турк/, Антоанета Стефанова /Болгар/ нарын дэлхийн шилдгийн шилдэг шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Их жанжин Сүхбаатарын талбайд өнөөдөр 17.00 цагаас тэмцээний нээлтийн ажиллагаа болж, Зохион байгуулах хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд С.Отгонбаяр, Халимагийн ерөнхийлөгч, FIDE-гийн ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов, тэмцээнд оролцох шилдэг 12 шатарчдаас гадна Монголын шатрын спортын төлөөлөл болсон үе үеийн шилдэг шатарчид оролцсон юм.

Гран-при тэмцээнд оролцох шилдэг 12 шатарчин, тэмцээнийг зохион байгуулах хорооны удирдах гишүүдийн хамт Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр нээлтийн ажиллагаа эхэлсэн. Нээлтийн ажиллагааг нээж, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга С.Отгонбаяр үг хэлсэн бөгөөд энэ үеэр FIDE-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Шатрын ордон байгуулахаар өнөөдөр Буянт-Ухаад шав тавьсан тухай таатай мэдээллийг дуулгасан юм. Мөн FIDE-гийн ерөнхийлөгч ноён Илюмжинов уг тэмцээн шатрын түүхэнд байгаагүй өндөр зэрэглэлтэй, мөн Монгол Улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж байгааг онцолж байлаа.
Нээлтийн ажиллагааны үеэр шатарчид тэмцээний сугалаагаа татсан юм. Хамгийн түрүүнд, залуучуудын дэлхийн аваргын хошой алтан медальт, дэлхийн таван удаагийн аварга, Гүржийн шатарчин Майя Чибурданизе сугалаагаа татаж, зургаан номерийг сугалсан бол тэмцээний хамгийн залуу оролцогч болох 16 настай, БНХАУ-ын тамирчин Хоу Ифань дөрвөн номерийг сугалсан. Харин манай шатарчин Б.Мөнгөнтуулын тухайд долоо дугаарын сугалааг татсан юм.
Тэмцээний эхний өргийн тоглолтууд маргааш 15.00 цагаас “Их тэнгэр” цогцолборт эхлэх бөгөөд шатарчид тойргоор тоглож, ирэх сарын 12-нд тэмцээний ялагч тодорно. Гран-при тэмцээний шагналын сан 40 мянган евро. Ялагч нь 6500 еврогийн мөнгөн шагнал хүртэх юм. Жилд зургаан удаа цувралаар зохион байгуулах эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь нь ийнхүү манай улсад болж байна. Нийт 12 шатарчдын дөрөв нь дэлхийн аварга тамирчдаас гадна дэлхийн чансааг тэргүүлэгчид өрсөлдөх учир шатрын спортын түүхэнд байгаагүй өндөр зэрэглэлийн эмэгтэй шатарчдын тэмцээн болж байгаа юм.

Тэмцээний сугалааг танилцуулъя.

1 – Конеру Хампи /Энэтхэг/
2 – Мэри Себаг /Франц/
3 – Бетул Илдиз /Турк/
4 – Хоу Ифань /БНХАУ/
5 – Чжу Чень /Катар/
6 – Майя Чибурданизе /Гүрж/
7 – Б.Мөнгөнтуул /Монгол/
8 – Антоанета Стефанова /Болгар/
9 – Татьяна Косинцева /ОХУ/
10 – Жао Сьюэ /БНХАУ/
11 – Сью Юйхуа /БНХАУ/
12 – Шень Ян /БНХАУ/

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж