Широнорю Э.Одгэрэл жюүрёод дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Широнорю Э.Одгэрэл жюүрёод дэвшлээ

Сумогийн зэрэг дэвийн асуудал шийдэх хороо долоон сумочийг намрын барилдаанд жюүрёо зиндаанд дэвшүүлэхээр болжээ. Тэдний дунд Монголын бөх, настай Широнорю Э.Одгэрэл багтсан байна. Тэрбээр өнгөрсөн жил Японы иргэн болсон бөгөөд дуулиан шуугиан дэгдээгээд байгаа сумочид мөрийтэй тоглоом тоглосон хэрэгт холбогдсон талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ Широнорюг хэрэгт холбох шалтгаан бусад бөхчүүдээс бага байсан тул түүний барилдах эрхийг хэвээр үлдээжээ.

Энэ талаар буюу Э.Одгэрэлийг сумогийн дээрээсээ хоёр дахь зиндаа болох жюүрёод дэвших болсныг “Сакаигава” дэвжээний байранд өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Широнорю болон түүний багш тэнд байсан хүмүүст бөхийж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дасгалжуулагч нь сэтгүүлчдэд “Энэ уг нь баяртай мэдээ. Гэвч Широнорю мөрийтэй тоглоомонд оролцсон тул энэ асуудал төвөгтэй байгаа. Хэдий бие жижигтэй ч тэр бэртэл гэмтэл авалгүйгээр энэ спортод маш их хүч зарцуулж, Монголд байгаа ар гэртээ тусалж байгаа” хэмээн ярьжээ. Багшийнхаа ийнхүү ярихыг сонссон Широнорю тухайн үед сэтгэлээ барьж чадалгүй, нулимс дуслуулсан байна.

Сая өндөрлөсөн Нагоя башёд Широнорю макушита зиндаанд тав ялж, хоёр ялагдсан юм. Ердийн үед бол ийм амжилттай байхад жүрёо зиндаанд дэвшдэггүй. Гэвч жүрёо зиндааны дөрвөн бөх мөрийтэй тоглоомын хэрэгт орооцолдсоноос болж тэмцээнд оролцохгүй байгаа тул ийнхүү зиндаа ахиулах гэнэтийн шийдвэр гаргасан байна. Широнорю одоогоос 10 жилийн өмнө Тотторигийн Жиоухокугийн ахлах сургуульд суралцахаар Японд очсон бөгөөд 2003 оноос мэргэжлийн сумод барилдаж эхэлсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард тэрээр зүүн өвдгөндөө бэртэл авсан ч спортоо орхиогүй гэнэ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японы иргэн болсон ба багшийнхаа зөвлөмж, дэмжлэгээр үргэлжлүүлэн барилдсан байна. Багшийгаа хүндэтгэж байгаагаа илэрхийлэн Япон нэр сонгохдоо тэрээр Сакайгавагийн овог болох “Кобаяаши” гэдэг нэрийг өөрийн нэр болгож сонгож авсан гэнэ. Японы сумогийн амьдралд сайн дассан хэдий ч түүний гаргасан нэг алдаа нь бейсболын мөрийтэй тоглоом тоглосон явдал. Энэ талаар нь Сакайгава залуу сумочийг зэмлэж, “Хэрвээ чамд тийм их мөнгө байгаа юм бол Монголд байгаа гэр рүүгээ явуул. Чиний хийсэн үйлдэлд олон хүн сэтгэл дундуур байна” хэмээж байсан талаар хэвлэлийн хурлын үеэр мөн ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж