ОУВС Украйньд 15 тэрбумыг олгохыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

ОУВС Украйньд 15 тэрбумыг олгохыг зөвшөөрлөө

Олон Улсын Валютын Сан (ОУВС) Украйнь улсад 15.5 тэрбум ам.долларын зээлийг “эрх баригчдыг нь эдийн засгийн шинэчлэл, өөрчлөлийн бодлогоо” хэрэгжүүлэхэд тусламж болгон олгохыг зөвшөөрлөө гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ. “Украйнь улс эдийн засаг нь гадны шоконд хүчтэй өртсөн, дотоодын эмзэг байдал нь их болсон цаг үеийг туулан гарч ирж байна. Эрх баригчид нь одоо байгаа тэнцвэргүй байдлыг өөрчилж, санхүү, эрчим хүч, сангийн салбартаа шинэчлэл хийх замаар эдийн засгаа тогтвортой өсөлтийн зам дээр гаргаж ирж байна” гэж тус сангийн нэгдүгээр дэд гүйцэтгэх захирал ярьсан байна.

2008 оны 11 сард ОУВС Украйньд 16.4 тэрбум ам.долларын стэнд-бай зээлийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс 11 тэрбумыг нь зарцуулсан. Харин 2009 оны сүүлээр тус улс дахь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор 3.8 тэрбум ам.долларын зээлийг нь царцаах шийд гаргасан юм. Энэ оны эхээр болсон ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янукович ялж, улс орон дахь нөхцөл байдал хэвийн болсны дараа Янукович Украйний шинэ удирдлагууд улс орондоо эдийн засгийн эрс шинэчлэл хийх гэж байна гэж ОУВС-г ятгасан байна.

Энэ оны 7 сард ОУВС Украйньд шинээр 2.5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 14.9 тэрбум ам.долларын зээл олгох гэж байгаа талаар мэдээлсэн. Харин лхагва гаригт ОУВС-гаас зарласан хэмжээ нь өмнө зарласан дүнгээс ч илүү байна. Баталсан байгаа стэнд-бай хөтөлбөрийн дагуу Украйнь нэн даруй 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт хүлээн авах болно гэж ОУВС мэдээлсэн байна.

Украйний улс төрийн гол сөрөг хүчний удирдагч, өмнө нь ерөнхий сайд байсан Юлия Тимошенко ОУВС Украйньд 15 тэрбум ам.долларын зээл олгож байгааг буруушаасан байна. Тэрээр ийм их хэмжээний зээл улс оронд дарамт болох бөгөөд Украйньд дээд тал нь 3-5 тэрбум ам.долларын зээл олгоход хангалттай байсан гэж ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж