Тос идэгч нянгууд Мексикийн буланг цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Тос идэгч нянгууд Мексикийн буланг цэвэрлэж байна

Газрын тос хаашаа алга болчихов оо? “British Petroleum” АНУ-ын түүхэн дэхь хамгийн ноцтой газрын тосны алдагдлыг бөглөснөөс хойш хоёр долоо хоног болж байхад Мексикийн Буланд байсан олон мянган миль талбайг хамарсан газрын тос алга болоод байна. Түүнчлэн Мексикийн Булангийн элсэрхэг далайн эрэг, Льюзианагийн намагнуудад ч газрын тос төдийлөн хүрсэнгүй. Харин Буланд байгаа жижиг цэвэрлэгээний багууд газрын тос алдагдсанаас хойш 100 хоногийн дотор олон сая галлон тосны зөвхөн өчүүхэн хэсгийг нь цэвэрлэж авсан юм.
Тос хаашаа алга болчихов оо? “Зарим газрын тос нь ууршсан. Өөрөөр хэлбэл газрын тосны хамгийн хортой бүрэлдэхүүн хэсэг нь илүү урвалд оромтгой тул ууршдаг” гэж Жон Хопкинс Их Сургуулийн байгаль орчны инженерийн сургуулийн профессор Эдвард Баувер ярьж байна. Байгаль хамгааллын “Oceana” бүлгийн эрдэмтэн Жеффрей Шорт “The New York Times”-д далайн мандал дээр байсан газрын тосны 40 орчим хувь нь ууршсан. Сүүлийн хоёр сард далайн мандалд салхи ихтэй байсан нь уурших процессыг хурдасгасан бололтой гэж ярьжээ.

Газрын тосыг хамж, хашиж, цэвэрлэх ажилд 4,000 гаруй завь, хөлөг оролцсон ч далайн мандалд байсан тосны маш бага хэсгийг нь л хамж чадсан. Энэ бол гайхаад байх зүйл биш. Өмнө нь далайн мандалд ялгарсан газрын тосны ердөө хоёр гаруй хувийг л цэвэрлэж, хамж чадвал дээд амжилт болдог байсан гэж “Exxon Valdez”-ын газрын тосны ослын үед ажиллаж байсан Корнеллын Их Сургуулийн экологич Ричард Ховарт ярьж байна. Газрын тос хамах үйл ажиллагаа Мексикийн буланд дахиан хэдэн долоо хоног үргэлжлэх болно. Зарим газрын тос далайн ёроолруу живж байна. Энэ л хамгийн ноцтой гэж судлаач нар үзэж байна.

Гэхдээ газрын тос алга болоход хамгийн их нөлөөлсөн нь газрын тос идэгч бичил биет микробууд гэж шинжээч нар тооцож байна. Өмнөх газрын тосны ослуудын үед ялгарсан газрын тосны ихэнх хэсгийг байгаль өөрөө зохицуулдаг бөгөөд ингэхэд нь газрын тосоор хооллогч бактер, замаг гол үүрэг гүйцэтгэж байсан байна. Микробууд газрын тосон дахь хидрокарбонуудыг задалж, өөрийн тэжээл болгон хэрэглэж, өсөж үрждэг байна. Усанд бага зэрэг газрын тос байх нь микробны хооллолтонд эрс нөлөө үзүүлдэг бөгөөд үр дүнд нь микробны тоо толгой огцом нэмэгддэг байна.

Ерөнхийдөө дайлан усанд газрын тосыг нэг хоёр сарын дотор идэж хооллох хангалттай хэмжээний микробууд бий гэж Ховарт ярьсан. Ийм микробууд Арктикаас Антарктид хүртэл байдаг. Харин Мексикийн буланд далайн бусад газрыг бодвол ийм микроб илүү их байдаг гэж үзэх үндэслэл байна.

“Exxon Valdez”-ын осол гарсан Аляскийг бодвол  микробууд Мексикийн булан шиг ийм бүлээн устай орчинд илүү хурдан өсөж үрждэг. Түүнчлэн Мексикийн булан тийм ч цэвэр биш. Хүмүүс гар хүрч, өрөмдлөг явуулж эхлэхээс ч өмнө тус бүсийн усанд газрын тос өөрөө байгалийн байдлаараа шүүрч байсан. Ингэснээр Мексикийн буланд газрын тосонд дуртай микробууд ихээрээ цугларсан гэж эрдэмтэд үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж